Ч.Дэмбэрэлдорж: Ахмад үеийнхний өвдөгнөөс зуурч, энгэрт нь асаж төмөр замчин болсон

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

Ч.Дэмбэрэлдорж: Ахмад үеийнхний өвдөгнөөс зуурч, энгэрт нь асаж төмөр замчин болсон

Ч.Дэмбэрэлдорж: Ахмад үеийнхний өвдөгнөөс зуурч, энгэрт нь асаж төмөр замчин болсон

Өртөөнд орж ирсэн орос цэргийн цуваа руу тавхайгаа гялалзуулан уралдан очицгоож, “Хээе! Кампаан эмблем есть” хэмээн орос цэргүүдтэй хэл нэвтрэлцэн, төдөлгүй халаас дүүрэн олз омогтой бөөн баяр хөөр болон буцах Ерөө өртөөний багачуудын дунд өнөөдрийн зочин маань мөн л нүд нь гэрэлтэн гүйж явжээ. Түүний дөч гаруй жилийн өмнөх энэ дурсамж сэтгэлийнх нь гүнд кино зургийн хальс мэт тодхон үлдсэн нь илт. Тэр л өртөөнд өсөж өндийн өдгөө амьдралынхаа 52 дахь намартайгаа золгож буй өртөөний жижүүр Чүлтэмийн Дэмбэрэлдоржтой ярилцлаа.


Түүний гучин жилийн хүч хөдөлмөрийг энэ жил УБТЗ-ын захиргаа “Төмөр замчны алдар” хүндэт тэмдгээр мялаасан юм. “Нүдээ олсон” шагнал хүнд урам зориг хайрладаг. Ч.Дэмбэрэлдорж жижүүр хөл нь газар хүрэхгүй шахам баяр хөөртэй угтана билээ. Арав гаруй жилийн өмнө тэднийхээр зочилж, ээжтэй нь уулзаж алт шиг үг сургаалийг нь сонсох завшаан тохиож байв. Хойч үеийнхээ залууст үнэт сургаалиа харамгүй хайрлаж суудаг ухаант буурал өдгөө бурханы орныг зорьсон ч удам залгасан хүү Ч.Дэмбэрэлдорж залуу үеийнхэнд Дулаанхан хайрхан шигээ өмөг түшиг болох цаг нь иржээ.

“Намайг өлгийтэй байхад манайх Аршаантаас Ерөө өртөөнд нүүж ирсэн юм гэдэг. Би найман хүүхэдтэй айлын тав дахь нь шүү дээ. Энэ л хайрханы өвөрт, Ерөө голынхоо эрэг дээр, төмөр замаа дагаж өслөө. Мэдээ орсон цагаасаа л төмөр замчин болох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн. Намайг багад Ерөө өртөөний дарга Б.Цэдэнбал гэдэг хүн байлаа. Яагаа вэ, Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Хүрэлбаатар даргын аав шүү дээ. Би ээжийгээ ээлжтэй шөнө гэрээсээ хөвөнтэй дээл хөврүүлэн чирэх нь холгүйхэн авч ирээд пультны нь араар унтчихна. Ухаандаа, ээждээ хань болж байгаа нь тэр. Харин өглөө нь Б.Цэдэнбал дарга орж ирээд “Ээждээ тусалдаг сайн хүүд цалин өгнө” гээд гурван төгрөг, заримдаа таван төгрөг өгдөгсөн. Түүнд урамшина гэдэг жигтэйхэн. Бас өглөөд хэдэн тугал, бяруугаа туугаад шүүдэр туучин хөл нүцгэн гүйж явахад замчид хамгийн түрүүнд улаан дарцагтай модроноо түрээд ажилдаа гардагсан. Анир чимээгүй өглөөний тунгалаг агаарт замчдын тамхины цэнхэр утаа уусан алга болох нь хүртэл надад зураг шиг хачин сайхан харагдана. Тэр л дүр зураг намайг төмөр замчин болохсон гэдэг хүсэл мөрөөдөлд автуулсан байх. Ганц би биш миний ах эгч, дүүс бүгд л төмөр замчид болцгоосон доо. Харин надад төмөр замын босгыг давж орох амархан байгаагүй шүү” гэв.

Түүнийг наймдугаар анги төгссөн жил төмөр замын ямар ч хуваарь ирсэнгүй. Сурлагаар эхнээсээ тавд жагссан хүү есдүгээр ангидаа дэвшин оржээ. Гэвч сэтгэл нь тогтдоггүй. Нэг өдөр хичээлээ таслаад нууцаар суудалд суугаад хотод ирж, төмөр замын ТМДС-ийн Ч.Гүнсэн захирал дээр “Би есдүгээр ангид сурдаг. Гэхдээ төмөр замчин болмоор байна” гэхэд нь “Чи сургуулиа төгсөөд дараа нь төмөр замчин болж болно шүү дээ” гэсэн гэдэг.

“Тэгэхэд хүүхэд юм хойно гэнэдсэн хэрэг. Уг нь, есдүгээр ангид сурдаг гэдгээ хэлэлгүй, шууд төмөр замчин болмоор байна гэсэн бол яах ч байсан юм билээ” гэж нүд нь очтон гялалзах нь багын сэргэлэн, сахилгагүй төрх нь цухалзах шиг.

Аравдугаар анги төгсөхдөө сурлагаар дээхнүүр жагсжээ. Гэтэл хүсэхэд хясна гэгчээр төмөр замын ямар ч хуваарь ирсэнгүй. Найз нарынхаа шахалтаар Анагаахад конскурсдээд Дарханы болон Дорноговийн анагаахын дундын хуваарь авахад оноо нь хүрч байв. Гэвч авсангүй. Багш нар “Санхүүгийн техникумын хуваарь ав” гэхэд нь ч хөдөлсөнгүй. Дотроо төмөр замчин болж чадахгүй бол цэрэгт явна гээд шийдчихсэн хэрэг. Багш, захирал хоёртоо “Дулааны Мод дамжуулах бааз руу нормчин гээд миний хувийн хэргийг явуулчих” гэж зөрсөөр байгаад санасандаа хүрч. Мод дамжуулах баазаас хэд хоногийн дараа дуудахад нь очвол баазын дарга нь нормын гутал хувцас, 150 төгрөгийн хамт өгөөд “Ажилдаа ор” гэжээ. Гэсэн ч тэр ажилдаа явсангүй, мөнгөө ээждээ өгч, хувцсаа гэртээ авчирч тавьчихаад цэргийн зарлан хүлээх болов. Хүссэн юм хүзүүгээр гэж зарлан ч ирж аравдугаар сард цэрэгт морджээ.

Ч.Дэмбэрэлдорж “Би цэнхэр партыг цэрэг шинелиэр сольж байлаа. Зүүнбаянд хоёр жил цэргийн алба хаасан. 1987 оны аравдугаар сард цэрэгт татагдаад дараа жилийнх нь цэргийн баяраар түрүүч цол зүүлээ. Цулгуй мөрдэстэй явж байгаад түрүүч цолтой болоод толины өмнө эргэлдээд л гоё шүү.  1988 оны цэргийн баяраар ахлах түрүүч, халагдахын өмнө 1989 оны наадмаар ахлагч цолтой боллоо. Дарга нар маань намайг улирааж авч үлдэх гэж их ятгасан даа. Цэргийн албыг нэр төртэй сайхан хаасан шүү. Армид л би үүрэг хариуцлага, хүний итгэл даана гэдэг юу байдгийг жинхэнэ мэдэрсэн. Гэхдээ төмөр замчин болох хүсэл минь намайг тэнд үлдээгээгүй.

Анх цэргийн албанд мордоход ээж минь жижүүртэй байсан бол 1989 оны аравдугаар сарын 16-нд Ерөө өртөөн дээр буухад мөн л жижүүртэй угтаж байлаа. Нэг л тийм ерөөлтэй сайхан санагдаж билээ.

Одоо эргээд бодоход Зүүнбаянд алба хааж байхдаа өртөөгөөр нь нэг ороод жижүүрээс нь гуйж байгаад “Ээжээ хүү нь сайн явна” гээд холбогдчихгүй дээ гэж бодогдоод байдаг юм. Тэгсэн бол ээж минь их баярлах байсан байх. Зам элсэнд дарагдвал цэргүүд цэвэрлэнэ. Цэргийнхээ хоол хүнс, түлээ түлш гээд бүх хангамжаа вагоноос буулгана. Армид алба хаах хугацаандаа ч төмөр замаасаа холдоогүй.

Халагдаж ирээд төмөр замдаа орох гэж хөөцөлдлөө. Замын ангид хүртэл замчнаар оръё гэсэн боловч ажилд ордгийн даваан дээр бас л бүтсэнгүй. Тэгээд яах вэ, Мод дамжуулах баазынхаа Цахилгаан цехэд жил ажилласан. Аль эрт мөнгө төгрөг, нормын хувцсаа өгчихсөн газар чинь араас дуудаад байсан хэрэг. Гэхдээ л сэтгэлийн мухарт “Заавал төмөр замчин болно” гэсэн бодол хадаастай. Тэгж төөрч будилж эргэж буцсаар явтал Ерөө өртөөнд төрөхийн чөлөөтэй хүний оронд ажилд орох боломж гарахаар нь ээжийгээ дагуулаад Сүхбаатар өртөө орлоо. Боловсон хүчин нь “Чамайг гурван сар дагалдуулж байтал төрөхийн чөлөөтэй хүн эргээд ажилдаа орох болчихно. Ажилд авахгүй” гээд болдоггүй. Тэгэхэд өртөөний дарга Л.Баасандорж, Намын хорооны даргатай хамт орж ирээд “С.Пэлжидмаа гуайн хүүг ажилд ав” гэснээр миний олон жилийн хүсэл мөрөөдөл биелэх үүд хаалга нээгдсэн дээ. Б.Хөтгөр гэдэг мундаг жижүүрийн шавь болж, багаасаа гэр шигээ орж гарч дассан өртөөний байшинд анх дагалдан жижүүрийн хувиар 1991 оны хоёрдугаар сарын 4-ний өглөө хөл тавьсан минь санаанаас гардаггүй. Хамгийн инээдтэй нь, тэр өглөө би эгчээсээ ээлж хүлээж авсан. Тэр өртөөнд ах, ахын эхнэр, би гээд манайхан л байх. Нэг хэсэг Сүхбаатарынхан Ерөө гэхээр “Пэлжидмаагийнхан” гэж хошигнодог байлаа.

Миний багш Завхан аймгийн Сонгино сумын харьяат Б.Хөтгөр гуай  намайг сар дагалдуулсан даа. Заасан, хэлсэн үг бүрээ ой тойнд ортол хэлж өгдөгсөн. Пультэн дээр суугаад маршрут шалгахгүйгээр гар буруу тийш явбал багш хуйлаатай дарцагаар цохиод авна.

“Хоорондын замд бүрэлдэхүүнээ орхиод бүрэн бус бүрэлдэхүүнтэй орж ирснээ машинч өртөөний жижүүрт хэрхэн мэдэгдэх вэ?” гэхэд нь “Гурван урт, нэг богино” гэхээр “Заавал амаараа дуугарч үзүүл!” гэнэ. Хэрэв намайг чадахгүй бол өөрөө “Бууб… бууб… бууб… буб” гэж үзүүлнэ. Намайг инээхээр “Юм сураад авахын оронд хүн шооллоо” гэнэ. Одоо хэр нь багш минь намайг тэр богино хугацаанд жижүүр болгох гэж зааж зааварлаж, заримдаа инээдэм наргиа болгож зогссон нь нүдэнд харагддаг. Ёстой ой тойнд буутал, мах цусанд шингэтэл зааж зааварладаг байж дээ. Тийм л залуу халуун нас, бүх л амьдралаа төмөр замдаа зориулсан ахмад үеийнхний өвдөгнөөс нь зуурч, энгэрт нь асаж би хүний зэрэгт хүрсэн.

Миний аав, ээж хоёр ч ялгаагүй. Аав минь 1981 онд Дулаан Ерөө хоорондын замд цэргийн цуваа “Нарлаг Монгол” суудлын галт тэрэгтэй мөргөлдөх сүйрлээс аварсан байдаг. Аавын минь тэр гавьяаг Замын захиргаа үнэлж “Хүндэт төмөр замчин” тэмдгийнхээ 126 дахийг зүүж өгсөн юм. Харин миний ээж 717 дахь “Хүндэт төмөр замчин”, 1986 онд Сүхбаатар өртөөнөөс анх төрийн дээд шагнал “Алтан гадас” одон зүүсэн хүн дээ. Харин “Төмөр замчны алдар” гэх энэ хүндтэй шагналын 1377 дахийг нь би зүүлээ” хэмээн шагналаа үзүүллээ.

Тэрбээр, эцэст нь “Аав минь намайг төмөр замчин болохыг үзээгүй л дээ. 1983 онд өөд болсон юм. Аавынхаа тухай нэг дурсамж яримаар байна. Нэг удаа намайг шөнийн ээлжинд ажиллаж байтал үүрийн суудлаас нэг хижээл насны хүн буулаа. Тэгээд жижүүрийн байранд орж ирээд аавыг минь асууж байна. “Би хүү нь байгаа юм” гэхэд тэр хүн хамт томилолтын жижүүрээр ажиллаж байснаа хэлээд бидний мэдэхгүй нэг түүх ярьж өглөө.

Аавыг 1981 онд осол сүйрлээс аварсан гээд Удирдах газар дууджээ. Тухайн үед Замын дарга С.И.Соловьев гэж орос хүн байж. Аав минь орос даргадаа нутгийнх нь идээг авч очъё гэж бодсон уу нэг “Столичный водка” цүнхэлчихэж. Албаны даргатайгаа Замын даргын өрөөнд орвол С.И.Соловьев дарга ширээнийхээ араас инээд алдан босож ирээд “Молодец Чүлтэм” гээд гар бариад “Хүндэт төмөр замчин” тэмдэг зүүж өгчээ. Тэгээд Замын даргын өрөөнд цай, кофе ууцгааж байснаа аав өнөөхөө цүнхнээсээ гаргаад иртэл албаны дарга нь сандарч “Хурдан далд хий” гэхэд нь Замын дарга хэзээний харчихсан инээгээд “Жанцандорж где стикан?” гэж байсан гэдэг. Аавынхаа тухай хамт мөр зэрэгцэн зүтгэж байсан найзаас нь хэзээ хойно ийм түүх сонсоход их сайхан санагдаж билээ. Тэр үеийнхэн дарга цэрэггүй тийм энгийн сайхан хүмүүс байж дээ” гээд инээв.

Түүний хань Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат М.Сарантуяа мөн л төмөр замчин бүсгүй. Ерөөгийн “Ган зам” дэлгүүрийн худалдагчаар олон жил ажиллаж байгаа ажээ. Ч.Дэмбэрэлдоржийнх охин, хүү хоёртой. Охин нь Германд сурч байгаа бол хүү нь галт тэрэгний найруулагч, өртөөний жижүүр мэргэжил эзэмшээд байгаа аж.

Түүнд олон шавь бий. Сүхбаатар өртөөний техникч Б.Мандахбаяр, Хойт зөрлөгийн дарга Б:Дөлгөөн, жижүүр Б.Золжаргал, ДНЦ Д.Наранмэнд гээд олон залуус бий.

Ийнхүү Дулаанхан хайрханы өвөр, Ерөө голын хөвөөнд, төмөр зам дагаж өссөн түүний ажил амьдралын түүхийг сонсож суухад эцэг эхээс “төмөр замчин ген” өвлөсөн ясны төмөр замчин хүн юм даа гэж бодогдлоо. Тэрбээр, төмөр замаа, хамт олноо дурсаж, араас нь заавал “Сайхаан сайхан” гэж дуу алдана. Амны билгээс ашидын билэг гэдэг. Ерөө гэж ерөөл бүхэн биелэх сайхан нутгийн нэгэн эгэл хүмүүний эгэлгүй түүхээс цухасхан өгүүлэхэд ийм байна.

                                                                                   Сэтгүүлч Б.Гүнжинлхам

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж