Ерөнхий сайд аа, шантаажчдын гарт мөхөж байгаа эдийн засгаа авраач!

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд аа, шантаажчдын гарт мөхөж байгаа эдийн засгаа авраач!

Ерөнхий сайд аа, шантаажчдын гарт мөхөж байгаа эдийн засгаа авраач!

330 шантаажны бүлэг ажиллаж байна

Монгол улсын 21 аймаг, 330 сумдад сүрдүүлэг, шантааж хүчээ авч байна. Шантаажчид УИХ-ын гишүүдээр гул барин, хуулийн заалтыг мушгин тайлбарлаж малчид, иргэдийг турхирах нь хэрээс хэтэрлээ. Тэдэнд ийм боломжийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж санаатайгаар, алсын бодлоготойгоор олгосон юм. Тэрээр орон нутгийн иргэдээс санал авахгүйгээр уул уурхай эрхлэх боломжгүй гэж мушгиж ойлгогдох хуулийг санаачлан батлуулсны уршгийг монгол улс өнөөдөр амсаж байна. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ бол мэргэжлийн байгуулга болохоос багийн хурлаар хэлэлцдэг асуудал огт биш.

Өөрсдийгөө барууны үзэл баримтлалтай, либералчууд гэж тодорхойлдог Ардчилсан намынхан хүзүүгүй хүнийхээ зассан замаар баялаг бүтээгчдийг боомилж, сүрдүүлэх замаар сонгогдох замаа засдаг, өөрсдийн нөлөөллийн бүлэг үүсгэн ажиллуулж байдгийг олон үйл явдал, жишээгээр нотолж болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эсрэгээр зүүний баримтлалтай намын дарга гэлээ ч бизнест, эдийн засагт ээлтэй шийдвэрүүд гаргах, баялаг бүтээгчдийг бүх талаар дэмжихээ илэрхийлдэг. Гэтэл орон нутагт Засгийн газрын бодлогын яг эсрэг зүйлс өрнөсөөр байна. Саяхан нийгмийн сүлжээгээр түгсэн нэг жиргээг харуулъя.

Энэ жиргээнд дурдагдсан асуудал 330 суманд хавтгайрсан үзэгдэл юм. Монгол улс нэгдмэл (unitary) засаглалтай юм уу, холбооны (federal) улс юм уу гэж эргэлзэхээр зүйлс орон нутагт өрнөж байна. Сумын дарга бүр өөрийгөө war lord – “нутгийн босс” хэмээн сэтгэж хийрхэж байна.

Сүхбаатар аймагт гарч буй сүрдүүлэг, шантааж

Сум бүрд үүрлэсэн шантаажчдын ард Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүн эсвэл аймгийн намын удирдлага байх нь ёс мэт ажээ. Үүний тод жишээ нь Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Ганибал боллоо. Тэрээр Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудад дарамт шахалт үзүүлж, айлган сүрдүүлдэг өөрийн бүлэглэлийг сум бүрт байгуулж амжсан байх юм.

Мөнххаан суманд гэхэд АМГТГ-ын албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа “Терра Сийд” ХХК-ний эсрэг нутгийн иргэдтэй үгсэн гэрээг нь цуцлуулах шаардлага тавин гацаав. Мэдээж гул барих хуулийн заалт олчихсон яваа.

Н.Ганибалын Эрдэнэцагаан суманд ажиллуулдаг бүлгэм ажилдаа төгсөрчээ. Тэд өмнө нь АДАЭ гэх жоншны уурхайн эсрэг сүрдүүлгийн ажил өрнүүлж, газрын тосны хайгуул хийж байсан “МАКС” группийн захирал Д.Ганбаатарыг хөөж явуулсан, 100 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн вольфрамын Нүхтийн уурхайг зогсоолгож хөөн гаргасан зэрэг “амжилтаа” дараагийн компанид зарлахдаа огт ичдэггүй. Н.Ганилбал саяхан сумын иргэдэд хотоос авчирсан шуудай дүүрэн одон медалиудаа гардуулах үеэрээ бүлэглэлтэйгээ олны өмнө уулзаж, “… энэ суманд шинээр бий болох бүх уурхайг зогсоож, хөөж явуулдаг” хэмээн сайрхжээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал Эрдэнэцагаан суманд нүүрс тээврийн хүнд даацын засмал зам тавих гэж буй Монгол эзэдтэй уурхайн эсрэг дээрх гаршсан бүлэглэлийг турхирч “нүүрс олборлох нэрийн дор цацраг идэвхт уран олборлож байж болзошгүй” гэх гүтгэлэг тарааж, энд Мэргэжлийн хяналтын газар зэрэг элдэв байгууллагууд руу бичиг төлөвлөж, түүнийгээ сумын нийгмийн сүлжээнд дэлгэж шантааж сүрдүүлгээ гүйцэлдүүлдэг. Шалтаг нь “булаг ус ширгэх вий” гэж санаа зовж байгаа гэх ажээ.

Засмал замаар тээвэр хийхээр шийдэж, хөрөнгө оруулж байгаа компанийг эсэргүүцэх нь байгаль орчны эсрэг илүү хорлонтой, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа хэрэг юм. Тоосжилт үүсгэхгүйн тулд зам тавьж, зарлага гаргах гэж байгаа аж ахуйн нэгж УИХ-ын гишүүнээс илүүтэйгээр байгалиа хайрлаж, эх оронч үйлдэл гаргаж байгаа нь тэнэг хүнд ч ойлгомжтой.

“Нүүрс биш цацраг идэвхт бодис олборлож байж магад” гэх хардлага бол “чиптэй вакцин” гэдэгтэй дүйхүйц тэнэглэл юм. Дэлхийн чип үйлдвэрлэлийн түвшин нано чип гаргахад ойртоо ч үгүй байна. Тийм чип маш үнэтэй болох бөгөөд дэлхийн 8 тэрбум хүний цусанд тэрийгээ шахах нь ой ухаанд багтамгүй их мөнгө шаардсан хэрэг билээ. Үүнтэй нэгэн адил “нүүрс олборлоно” гэж хуурангуутаа уран олборлох нь адаглаж технологийн талаасаа боломжгүй юм. Огт өөр технологи, тоног төхөөрөмж ашигладаг. Уран олборлолт нь газрын гүнд явагддаг бөгөөд үүнийг нууцаар хийх боломжит технологи одоогоор дэлхий дээр байхгүй. Н.Ганибал ба түүний баг л бодож олчихоогүй бол.

Дээр нь монгол улс төртэй, хуультай. Нүүрс олборлоно гэчихээд уран ухаж явахад нь ангайгаад хараад сууж байдаг Засгийн газар, агентлагууд байх уу?

Бүлэглэлүүдийн жижигхэн сонирхол нийтийн эрх ашигт хохирол учруулж байна

Асуудлын цаана юу байгаа гэхээр ердөө л хувийн өчүүхэн эрх ашгаа гүйцэлдүүлэх, сүрдүүлгээр мөнгө олохын тулд бүлгэмдсэн цөөн хэдэн хүн, тэдний нөлөөлөлд автсан УИХ-ын гишүүн л бий. Н.Ганибал бол Сүхбаатар аймгаас дахин сонгогдохын тулд хүн ам ихтэй, Ардын намыг тогтвортой дэмждэг Эрдэнэцагаан сумыг үргэлж онилдог. Тиймээс тэрээр босогчдоороо Сумын Иргэдийн хурал, Засаг даргыг үргэлж дарамтлах, мөнгө авилга авсан зэргээр элдвээр гүтгэн Сумын засгийн үйл ажиллагааг огт явуулдаггүй, ард олныг турхирдаг. Н.Ганибал нь босогчдын хүүхдийг Улаанбаатар хотод ажилд оруулах зэргээр өөртөө элсүүлэх, шантаажчид болгон тэднийг удирдан чиглүүлж, араас нь зорилгоо тулгахаар зэхэж байгаа сүрдүүлэгч. Өөр тайлбар байх боломжгүй. Учир нь компаниуд бүгд Засгийн газрын зохих агентлагуудаас зөвшөөрлөө авчихсан, холбогдох хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Зөвшөөрлийг нь өөрөө үзээд шалгачих боломж байсаар атал “эд нар зөвшөөрөлтэй юү” гэж Шадар сайдаас асуух ямар ч шаардлага байсангүй.

Мөнххаан сумын 1 дүгээр багийн 156 өрх Амсар гэх уулаа чөлөөтэй сайхан тахимаар байна
гэдэг шалтаг бол цар тахлын үед хүндэрсэн эдийн засагт нэмэр болохгүй, нэрмээс болох л шалтаг юм. Үүний төлөө 3,3 сая иргэний эрх ашиг, төсвийн орлого хохирч болох уу? Монгол улсын газар нутаг, байгалийн нөөц зөвхөн тухайн сумын 156 өрхөд хамаатай юм уу?

“Дурсгалт газарт сүр бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих гээд байна” гэх хардлагаар Н.Ганибал “Терра Сийд” компанийг эсэргүүцэхээ зөвтгөсөн байгаа юм. Хээр талд том барилга, байгууламж байгуулж уулын сүр дарах хэрэгцээ хэнд ч байхгүй. Бизнес эрхлэгчид илүүц зардал гэж байдаггүй.

Эрдэнэцагаан суман дахь бүлэглэлийн гишүүд бүгд “ард минь Ардчилсан нам байгаа” гэж хэлдэг. Тэд гишүүн Н.Ганибалаар элдэв бичиг зохиолгож, ийш тийш шидүүлж ажил гацаадаг дархан мэхтэй.

Сумын босогч шантаажчид уул уурхайг хаах, зогсоох нэрээр элдвээр дарамт сүрдүүлэг хийдгээс тэр хавийн бүх хятад эзэдтэй уурхайнууд тэдгээр шантаажчдад элдэв шан харамжийг дэлгүүр, буудлаар нь дамжуулан өгдөг далд аргад шилжсэн гэж нутшийн иргэд ярив. Сумынхны нүдэн дээр тэд нарын буудал, дэлгүүрийн орлого илтэд өсөж, унадаг унаа нь туулах чадвар сайтай машинаар солигддог ажээ. Н.Ганибал нь өөрийн босогчдыг төрийн байгуулгууд, гааль, төрийн өмчит Андын илч компани зэрэгт албан тушаалд томилох мэтээр уул уурхайг үзэн ядах хирнээ бүхий л талаар саадаг талаар сумынхан ам дамжин ярих юм. Эрдэнэцагаан суманд хятад эзэнтэй уурхайнууд ямар ч эсэргүүцэл, асуудалгүй ажиллаад байдаг вэ? гэдэг асуултад сумынхан хариулж чадахгүй, бүгд гайхдаг.

Нутгийн иргэд энэ бүлэглэлийн цаад зорилго, санаархлыг андахаа байж. Гэвч хэл амнаас нь эмээгээд юм хэлж чаддаггүй гэцгээнэ. Үнэндээ Н.Ганибал бол сонгогч олонтой, “саах” уул уурхайтайгаар нь Эрдэнэцагааныг гоцлон онилж байна. Тэрээр 2024 онд дахин сонгогдох, одоо МАН олонхи болсон Иргэдийн хурал, түүнээс томилогдсон Засаг даргын нэр хүндийг унагах, сүрдүүлэх замаар тохиролцоонд орох гэх мэт богино зайны тоглолт л хийж явна. Улс орны хөгжил, аймгийн төсвийн орлого гэх мэт зүйлд тэр огтхон ч санаа зовдоггүй.

Бүлэглэлээ төсвөөр тэжээх санаархал

Бүлэглэл “тэжээгчээ” ч шаналгадаг бололтой юм. Учир нь УИХ-ын гишүүн Н.Ганибал саяхан (2021.08.12) “зөрчлийн тухай мэдээлэл өгсөн иргэнд зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувиар тооцож сум, дүүргийн Засаг дарга мөнгөн урамшуулал олгох хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг” шаардсан асуулт тавьжээ.  Энэ нь юу гэсэн үг болохыг энгийн хэл рүү хөрвүүлбэл дараах утгатай. Шантаажны бүлэг нь мөнгө нэхсэн. Нилээдгүй хэмжээтэй мөнгө нэхсэнийг мань гишүүн дийлэх шинжгүй болохоор татвар төлөгчдийн мөнгөөр, төсвийн орлогоос шантаажны багаа угжихаар санаа шулууджээ. Мэдээж гоё сайхан үг, хуулийн заалт дурдан уг санаархлаа нууж таарна.

“Хэрэв мэдээлэл өгсөн иргэдэд урамшууллыг нь тухай бүрт нь олгодог бол гэмт хэрэг, зөрчлийн талаарх илрүүлэлт сайжирч, улмаар гаралт нь буурахад нөлөөлөх учиртай” гэж Н.Ганибал бичжээ. Аливаа эх оронч санаачлага, тэмцэл гэгчийн цаана өчүүрхэн эрх ашиг нуугдаж байдгийн нэгэн жишээг бид харж байна. Уг нь сум, орон нутгийн иргэд ажилтай, орлоготой байвал гэм хэргийн гаралт эрс буурдаг. Тэрнээс мэдээлэгчдийг тэжээгээд гэмт хэргээс салсан улс дэлхий дээр байхгүй.

Ерөнхий сайдад итгэж зориулав

Эрхэм Ерөнхий сайд аа. Таны явуулж байгаа бодлогыг үл хэрэгжүүлэх, хувийн өчүүхэн эрх ашгаараа гацаах санаархал орон нутагт багагүй байна. Та орон нутгийн шантаажчид, дунд доод шатны төрийн албан хаагчдын орлогыг “тас цохих” ингэснээр төсвийн орлогыг үлэмж нэмэгдүүлэх бодлого явуулж байгаа нь тодорхой боллоо. Бүү ухраарай.

Ард чинь шударга хөдөлмөр, хичээл зүтгэлээр улс Монголдоо хөгжил цэцэглэлт авчрах эрмэлзэлтэй мянга мянган баялаг бүтээгчид зогсож байна. Таны эхлүүлж байгаа эрс шинэчлэл монгол оронд зөвхөн сайн сайхныг л авчирна. Үүнд итгээрэй.

Монгол улс нэгдмэл засаглалтай улс мөн юм бол Засгийн газрын бодлого, шийдвэр сум бүрт хэрэгждэг баймаар байна. Энэ улсын эрх мэдэл УИХ, Засгийн газарт хадгалагддаг нь үнэн юм бол сум бүрт дураар авирлаж, Засгийн газрын агентлагийн олгосон зөвшөөрлөөс давсан өөр бичиг баримт нэхдэг үзэгдлийг бүрмөсөн устгамаар байна. Засгийн газар тусгай зөвшөөрөл олгосон юм бол тэр шийдвэрээ орон нутгийн эрх баригчид, луйварчдаас хамгаалдаг болмоор байна.

Монголыг мөхөөх хүчин төрийнг албаны дунд, доод шатанд бүгсээр байна. Тэд Засгийн газрын шийдвэр гарчихсан байхад нэмэл зөвшөөрөл нэхэх замаар өөрсөддөө авилгын орчин бүрдүүлсээр байна. Сумын нутаг, хилийн бүс гэх зэргээр нэмэлт шалтгууд гаргаж ирээд, нэмэлт зөвшөөрөл өөрсдөөс нь авахыг шаарддаг бизнес газар авчээ.

Монгол улс хуулийн засаглалтай улс юм бол хуулийн заалт барьж сүрдүүлэг хийж амьдардаг бүлэглэлд шалтаг шалтгаан, орон зай өгч даваргаж байгааг болиулмаар байна.
Товчхондоо баялаг бүтээгчдэд хуулийн нэг цонх, төрийн үйлчилгээний нэг цонхоор үйлчлэхгүй бол завсар заалхайг нь авилгачид чадмаг ашиглаад сурчихжээ. Тэд зохион байгуулалтад орж, нарийн технологиор шахалт дарамтаа учруулан мөнгө саадаг шугамтай болсон байна.

“Гол ус ширгэлээ, булаг шандны ундарга багаслаа” зэрэг тайлбарууд бол нутаг орондоо хайртайг нотлох шалтгаан огт биш. Уур амьсгалын өөрчлөлт гэж давагдашгүй хүчин зүйл хүн төрөлхтний үйл ажиллагаанаас огт хамааралгүйгээр явагдаж байгаа. Нэг компанийн хайгуулын ажлаас болоод, эсвэл тээврийн зам тавьснаас болоод өөрчлөгддөг уур амьсгал гэж байхгүй. Энэ бол зүгээр сүрдүүлгэдээ ашигладаг гоё үг.

Ерөнхий сайд та бизнест чөлөөг нь тавьж, авилгачдад хаалт босгохоор шулуудсанд бид бүхэн баяртай байна. Таныг бүх талаар дэмжин ажиллах болно.

Санасан бүхэн тань сэтгэгчлэн бүтэх болтугай.

Хязгаар нутгийн иргэд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж