Зуны турш үргэлжилсэн аялал зугаалга, амралт сувилал өндөрлөж, хичээл сургууль эхэллээ. Нийгмийн амьдрал эргэн сэрж, хэвийн горимдоо шилжин орохоор завдаж байна. Улс төрийн хүрээнийнхэн хөдөлгөөнд орж, нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчид тодорч, тодруулах “ажиллагаа” үндсэндээ идэвхжлээ. Энэ намрын улс төр ийнхүү хөшгөө нээв. МАН-ын Бага хурал маргааш болох гэж байна. Тус хурлаар эрх баригч нам Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ албан ёсоор тодруулах юм. Нөхөн сонгуульд хэнийгээ сойхоо Бага хурлын гишүүд нь шийднэ. Нам доторх өрсөлдөөн ил цагаан болж, маргаашийн хурал илүү ширүүн уур амьсгал дунд өрнөж болзошгүй байна. Намжмал байсан улс төр сэржээ.
Энэ удаагийн нөхөн сонгуульд, тодруулбал Сонгинохайрхан дүүрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэр дэвшихээ зарласан. Түүний хувьд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн тэргүүлж буй Ардчилсан намаас нэр дэвших боломжтой. Бие даах ч эрхтэй. Гэхдээ хууль эрх зүйн хувьд түүний өрсөлдөх эрх маргаан дагуулна. Эрх баригч намынхны хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч экс Ерөнхийлөгч байх нь дамжиггүй. Түүнтэй МАН-аас хэн нүүр тулах бол…
Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Н.Батшугар, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга асан С.Мөнхчулуун нар дор бүрнээ өөрсдийн сурталчилгаа, ухуулах ажлаа цахим орчинд сэмхэн эхлүүлжээ. Дүүрэгт хийж, хэрэгжүүлсэн ажлаа зарим нь дахин сануулж, тойргоо “услах” ажилдаа хүртэл шамдан орсон байх жишээтэй. Тэд хүчтэй өрсөлдөгчид мөн үү. Хэн нь Х.Баттулгатай илүү өрсөлдөгч байж чадах вэ.
МАН-ын Бага хурлаар Сонгинохайрхан дүүргийн нэр дэвшигчдийг тодруулах үйл явц хамгийн их анхаарал татаж байгаа юм. Учир нь, эрх баригч нам доторх “ах нар”-ын “зодоон” үүгээр илэрч, тэд хэн нь хэн бэ гэдгээ нэгэндээ үзүүлэх, эсвэл найр тавин чимээгүй өнгөрөх эсэхийг одоо харах үлдэж байна. МАН-ын хуваагдал, фракц хоорондын түнжин хагарсан чимээгүй өс хонзон нөхөн сонгууль дор эргэн амилж бас магадгүй юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд улс төрд нөлөөгөө хадгалахаар шийдсэн бололтой. Түүний “оргил цаг” Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаатай хамт дууссан гэж зарим хүн харж байсан. Гэвч тэр нөхөн сонгуулиар дамжуулан улс төрд эргэж ирэхээ зарлав. Хүсэх юм бол тэр ирж чадах л улстөрч. Түүнтэй Сонгинохайрхан дүүрэгт МАН Ж.Сандагсүрэн, эсвэл Н.Алтаншагайг өрсөлдүүлэх нь ялалт бэлэглэж байгаатай агаар нэг. Өөрөөр хэлбэл, Хотын фракцыг өөрийн хана хэрэм болгосон Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дүүргээ мэдээд, өөрийн хүмүүсээ илгээлээ гэхэд “буусан” экс Ерөнхийлөгчид ач санахтай энэ нь ижил юм. Үзүүштэй өрсөлдөөнд энд гарахгүй л болов уу.
Хотын фракц дотор багтаж буй эдгээр эрхмүүдээс илүүтэй С.Мөнхчулуун Ерөнхийлөгч Х.Баттулгатай өрсөлдөх нь нөхөн сонгуулийн чансааг өсгөж таарна. Одоогоор хашсан албан тушаал, улс төрд яваа он жилүүдийг нь харвал Х.Баттулга хол илүү. Хэдий тийм боловч С.Мөнхчулууныг дутуу үнэлж болохгүй. Сайн эцгийн нэрээр улс төрд өргүүлж гарсан хүмүүсийн нэг бол Э.Батшугар. Түүний хувьд Х.Баттулгатай нэр дэвших эсэхийг МАН, МАХН-ын тохироо л мэднэ.
Хэрэв Х.Баттулга нэр дэвшлээ гэхэд түүнд илүү өрсөлдөгч байж чадах нэгэн бол эдийн засагч Л.Наранбаатар. Экс Ерөнхийлөгчийг сөрж зогсох хэмжээнд тэр хэдийнэ ирсэн. МАН дотроо шинэ хүн хэдий боловч улс төрд тэр өгсөж яваа нэгэн. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “гал тогоо”-г барьж явсан З.Энхболдтой Л.Наранбаатар нэр дэвшихээ зарлаад, түүний эсрэг Сонгуулийн ерөнхий хороо багаараа “ажилласан” байдаг юм. Х.Баттулгатай холбоотой төмөр зам, түүнийг тойрсон будилаантай, эдийн засгийн боломжийг үгүй хийсэн маш олон ноцтой зөрчлийг тооцоо судалгаатай нь дэлгэн тавьж, үүнийхээ төлөө хэлмэгдэж явсан Л.Наранбаатарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн болсон гэх. Ардчилсан намаас экс Ерөнхийлөгч дэвшихгүй бол Л.Наранбаатарын хувьд өөр хэрэг л дээ.
Эцэст нь өгүүлэхэд, Х.Баттулгын эсрэг хамгийн хүчтэй өрсөлдөгч байж чадах хоёр залуу бол С.Мөнхчулуун, Л.Наранбаатар гэж л эндээс харагдаж байна. Бусад нь байдаг л дүрүүд. Тэд аль аль нь их улс төрд бие дааж хүртэл нэр дэвшиж байсан. Энэ удаа харин танхимаас нэрээ дэвшүүлэх боломжтой. Нам доторх тэдний дэмжлэг хэр байхыг таашгүй юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд намын эрх мэдлээ албан бусаар атгаж суугаа гэх. Түүний хувьд хотын фракцтай зөрчилдөж ирсэн. Энэ утгаараа өөрсдийн хүмүүсээ сойж магадгүй.
Б.Цогт