Дорнын эдийн засгийн VI форум ОХУ-ын Владивосток хотын Русский арал дээр 2021 оны есдүгээр сарын 2-4-нд зохион байгуулагдах гэж байна. Форумын үйл ажиллагаанд Ази, Европын төр, засгийн тэргүүнүүд, олон улсын байгууллага, томоохон компани, корпорацуудын захирлууд, бизнесийн хүрээний төлөөлөл, шинжээчид, мөн хэвлэл мэдээллийн өргөн бүрэлдэхүүн оролцоно.
Өмнөх V форум нь Ковидын цар тахлын өмнөх 2019 онд зохион байгуулагдсан бөгөөд оролцогчдын тоо, бүрэлдэхүүн болон форумын үеэр хийгдсэн гэрээ хэлцлийн тоогоор өмнөх форумуудаас илүүрхсэн. 2019 оны форумд 65 орны 8500 төлөөлөгч оролцсон юм. Форумын үйл ажиллагаанд хамгийн их анхаарал хандуулж, ач холбогдол өгсөн нь Япон улс байсан бөгөөд тус улсын төлөөлөгчийн бүрэлдэхүүний тоо 588-д хүрсэн юм. Японы араас БНХАУ 395, БНСУ 285, Энэтхэг 204 хүний бүрэлдэхүүнтэйгээр жагсчээ. Эдгээрээс гадна АНУ, Сингапур, Вьетнам, Их Британи, Малайз улсаас олон төлөөлөгч оролцсон. Монгол Улсаас 69 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч оролцсон билээ. 2019 оны форумын үеэр 53 тэрбум ам.долларын нийт үнэ бүхий 270 гэрээ, хэлцэл хийгдсэн юм.
Энэ оны форум ч урьдын адил ажил хэргийн харилцаа тогтоох, хөрөнгө оруулалтын төслүүдийг урагшлуулахад анхаарлаа хандуулна. Ялангуяа энэ 2021 оны форум нь цар тахлын үеийн бүс нутгийн болон олон улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Энэ удаагийн форумын үеэр “Орос-АСЕАН”, “Орос-Солонгос”, “Орос-Япон”, “Орос-Хятад”, “Орос-Энэтхэг”, “Орос-Европ” гэсэн форматаар яриа, хэлэлцүүлгүүд хийгдэнэ. Форумын гол арга хэмжээ нь есдүгээр сарын 3-ны өдөр болох Нэгдсэн хуралдаан бөгөөд энэхүү хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх (онлайнаар), Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар оролцоно.
“Дорнын Эдийн засгийн форум зургаа дахь удаагаа зохиогдох гэж байна. Уламжлал ёсоор бүс нутгийн болон олон улсын эдийн хөгжлийн хамгийн тулгамдсан асуудлуудыг хөндсөн маш шахуу хөтөлбөртэй. Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн хэлэлцүүлгийн тэргүүлэх талбар гэдгээ энэ удаад ч нотолно гэдэгт итгэлтэй байна. Улс орнуудын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл, төр засгийн тэргүүн нар онлайн болон офлайн хэлбэрээр форумд оролцохоор төлөвлөж байна” хэмээн форумыг Зохион байгуулах хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга Антон Кобяков хэллээ. Түүний хэлснээр өнөөдрийн байдлаар БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Герман, Казахстан, Узбекистан, Бруней, Тайланд, Малайз, Мьянмарын төлөөлөгчид форумд оролцохоо илэрхийлсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс гадна Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл, мөн УИХ-ын зарим гишүүн форумд оролцох урьдчилсан товтой байна. Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан олон улсын бага хурал есдүгээр сарын 2-ны өдөр болно. Энэ арга хэмжээний үеэр Монгол-Оросын харилцааны түүхийг эргэн дурсахаас гадна стратегийн түншлэлийн ирээдүйн хөгжлийн чиглэлүүд, эдийн засаг, худалдааны шинэ төсөл, хөтөлбөрийн талаар, мөн хоёр талын хүмүүнлэгийн харилцааны талаар хэлэлцэх юм. Бага хурлыг зохион байгуулагчдын төлөвлөснөөр энэхүү арга хэмжээ нь сүүлийн жилүүдэд хоёр улсын хамтран хөгжүүлж ирсэн хамтын ажиллагааны цар хүрээг олон улсын хүрээнд таниулах, мөн ойрын үед болон ирээдүйд хийх ажлынхаа талаар танилцуулна. Дипломат харилцааны тэгш ойд зориулсан гол арга хэмжээнүүд энэ намартаа Монгол болон ОХУ-д зохиогдохоор төлөвлөгдөж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар Монгол-Оросын хамтын ажиллагааны хамгийн тулгамдсан, нэн даруй шийдэл шаардаж байгаа чухал асуудал нь Монголоос ОХУ руу хийж байгаа экспортын барааны тарифын болон тарифын бус татварын хэмжээг бууруулах явдал юм. Үүнийг шийдэх гарцын нэг нь ЕвроАзийн Эдийн засгийн холбоонд Монгол улс гишүүнээр элсэх явдал бөгөөд энэ чиглэлийн яриа, хэлэлцээ аль аль талдаа хийгдээд эхэлсэн билээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэдэгдсэнээр судалгааны хамтарсан хэсэг энэ чиглэлд ажиллаж байгаа бөгөөд энэ оны эцэс гэхэд гэрээнд тусгагдах тодорхой зөвлөмжүүдийг гаргах юм.
Хэрвээ Монгол улс хэлэлцээрт гарын үсэг зурвал ОХУ, Казахстан, Киргиз, Беларусь, Армяны зах зээл рүү нэвтрэх боломжтой болох төдийгүй Европын холбооны хил рүү уул уурхайн бүтээгдэхүүн, юун түрүүн алт, мөнгө, зэс, уран зэргийг тарифгүйгээр хүргэх боломж нээгдэнэ. ОХУ-ын санал болгож байгаа “ЕвроАзийн том орон зай” санаачилга хоёр талд ашигтай ирээдүйг бий болгох бөгөөд улмаар Лиссабоноос Номхон далай хүртэлх орон зайд худалдааны саадыг үгүй хийх юм. Энэхүү санаачилга нь Дорнын Эдийн засгийн форумын олон улсын чанартай бүхий л яриа, хэлэлцээний гол улаан шугам байх юм.
Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг, тэр дундаа нүүрсийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэн Алс Дорнодын боомтоор дамжуулан Ази, Номхон далайн бүс нутаг руу гаргах транзит тээврийн тохиролцоог (2017 оны Дорнын Эдийн засгийн форумын үеэр энэ тохиролцоо хийгдсэн) хэрэгжүүлэхийг монголчууд хойд хөрштэйгөө хэлэлцэх цаг нь нь болжээ. Энэ тохиролцоог хэрэгжүүлэх зорилгоор ойрын саруудад Владивосток хотноо Монголын Худалдааны төлөөлөгчийн газрыг нээхээр төлөвлөж байна.
“Тээврийн зардлыг бууруулах арга замууд”, “Цар тахлын эсрэг түншлэл: Эрүүл мэндийн салбарын хямралын эсрэг стратег”, “Эрүүл ахуйн самбар: Шинэ цар тахлыг хэрхэн хазаарлах вэ”, “Мөнхийн үнэ цэнэ: Алт болон үнэт металлын үнэ ханшийн төлөв”, “Алс Дорнодын үүц: Олсноо хэрхэн олборлох вэ”, “Хил хязгааргүй орон зай: ЕвроАзийн том орон зай ба Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа” зэрэг сэдэвчилсэн хуралдаанууд Монголын төлөөлөгчдийн анхаарлыг зүй ёсоор татна. Үүнээс “Хил хязгааргүй орон зай: ЕвроАзийн том орон зай ба Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа” сэдэвт хуралдаан нь өмнө дурдсан ЕвроАзийн Эдийн засгийн холбоо болон Монгол улсын хооронд байгуулахаар яригдаж буй Худалдааны чөлөөт бүсийн асуудлын давуу талуудыг хөндөх юм.
Монгол улс Дорнын Эдийн засгийн форумд анх удаа оролцож байгаа биш. 2018 оны форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгдсэн хуралдааны үеэр Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридорын ажил эхэлснийг мэдэгдэж, ОХУ-аас БНХАУ руу тавих байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтад Монгол улс оролцоход бэлэн байгаагаа мэдэгдсэн нь онцгой ач холбогдолтой байсан. Энэ дагуу 2019 оны арванхоёрдугаар сарын 5-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, “Газпром” компанийн тэргүүн А.Миллер нар ОХУ-аас Монголын нутгаар дамнуулан БНХАУ руу тавих байгалийн хий дамжуулах хоолой татах ажлын хамтарсан үнэлгээг хийх Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ бүхний дүнд “Союз Восток” магистраль шугамын ажил бий болсон бөгөөд энэхүү магистраль нь “Сила Сибири-2” хийн хоолойн үргэлжлэл болох юм.
Энэхүү төслийн Техник, эдийн засгийн урьдчилсан дүгнэлт энэ оны дөрөвдүгээр сард дууссан. Одоо төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг бүрэн хэмжээгээр хийх ажил хүлээгдэж байгаа бөгөөд энэ ажилд багагүй хугацаа зарцуулагдана. “Сила Сибири-2” хийн хоолойн хүчин чадал “Сила Сибири” хоолойн хүчин чадлаас даруй 30% илүү байх нь тодорхой байна.
Тиймээс “Союз Восток” хийн хоолойн төслийн ажил урагшлах тусам дэлхийн хэмжээний санааг хөгжүүлэн бодит болгон хувиргадаг талбар болсон Дорнын Эдийн засгийн форумд Монгол Улс оролцох давуу талыг илүүтэй тодотгож байна.
И.БОРХОНДОЙ