Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа өнөөдөр (2021.08.30) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Жон Ченгтэй уулзлаа.
Өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа болон албаны бусад хүмүүс АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан. Энэ үеэр Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Жон Ченг оролцож, талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд байгуулагдсан Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр (Ил тод байдлын хэлэлцээр)-ийн хэрэгжилтийн явц болон эрх зүйн орчны талаар санал солилцсон юм. Уг уулзалтаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа тус хэлэлцээрийн хэрэгжилтийг дэмжиж ажиллах ажлын хэсгийн ахлагчаар ажиллахаар болсон билээ.
Ил тод байдлын хэлэлцээрийн хэрэгжилтийг дэмжиж ажлын хүрээнд эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатайг Х.Булгантуяа гишүүн өнөөдрийн уулзалтын үеэр цохон тэмдэглэв. Тодруулбал, хуулийн төсөл боловсруулах https://lawmaker.parliament.mn, хуулийн төсөлд санал өгөх https://lawforum.parliament.mn цахим системийн англи хэл дээрх хувилбарыг хөгжүүлснээр хоёр улсын гадаад худалдааг дэмжих, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахад чухал ач холбогдолтой болохыг танилцуулав. Ингэснээр хуулийн төслийг хэлэлцэх явцад иргэд төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчид саналаа тусгах боломжтой аж.
ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Жон Ченг Улсын Их Хурлын гишүүний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдтэй уулзах үеэр хамтын ажиллагаа, техникийн туслалцаа болон бусад асуудлын талаарх саналаа уламжилна гэв. Талууд Ил тод байдлын хэлэлцээрийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ болон бусад асуудлын хүрээнд санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ