Сургууль, цэцэрлэг сурагчдаа угтахад бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

Сургууль, цэцэрлэг сурагчдаа угтахад бэлэн болжээ

Сургууль, цэцэрлэг сурагчдаа угтахад бэлэн болжээ

Хуанлийн хуудас урагдсаар хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө ганцхан өдөр үлдлээ.  Хэдийгээр цар тахлаас болж нэг хэсэг завсарласан сургууль цэцэрлэг эздээ хүлээж авахад бэлэн болжээ. Засгийн газраас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг цагт нь эхлүүлэх амаргүй бөгөөд хаа, хаанаа хариуцлага шаардсан шийдвэрийг гаргасан. Засгийн шийдвэр хөрсөн дээр хэрхэн бууж, сургууль, цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэж, сурагчдаа хүлээн авахад бэлэн болсон эсэхийг сурвалжлав.

СУРГУУЛИЙН ГАДНА ТАЛБАЙД ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛНА

Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтохоос багш, сурагчдын вакцинжуулалт, сурах бичгийн хүрэлцээ болон гадаа талбайд хичээл орох талаар тодруулга авав.

Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох:

"Засгийн газрын наймдугаар сарын 4-ний хуралдаанаар хичээл сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ний өдөр эхлүүлэх шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу БШУЯ-ны сайд, ЭМЯ-ны сайд нарын хамтарсан тушаалаар Covid-19-ийн хичээл сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ гэсэн түр журам гарсан. Энэ журмын дагуу бэлтгэл ажлаа хангаад явж байна. Бид наймдугаар сарын 26-29-ний өдрүүдэд нийслэлийн төр, төрийн бус өмчийн бүх сургууль, цэцэрлэгүүд дээр эрсдэлийн үнэлгээ хийсэн. Үүний дагуу бэлтгэл ажлаа базааж байгаа. Багш нарын дундах сургалтууд хуваарийнхаа дагуу хийж байна.

Вакцинд хамрагдаагүй гэдэг шалтгаанаар багш нарыг ажлуулахгүй гэдэг зохицуулалт байхгүй.

Вакцинжуулалтын хувьд өнгөрсөн гуравдугаар сараас багш нарыг вакцинжуулж эхэлсэн. Нийслэлийн нийт багш нарын 97.5 хувь нь нэгдүгээр тундаа, хоёдугаар тундаа 94 гаруй хувь нь хамрагдсан. Үлдэж буй цөөхөн хувь нь эрүүл мэндийн шалтгааны улмаас вакцин хийлгэх боломжгүй байгаа. Вакцин бол мэдээж сайн дурын үндсэн дээр хийлгэж байгаа. Гэхдээ бид багш нартаа хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалж, мөн боловсролын байгууллагад ажиллаж байгаа гэдэг утгаар нь вакцинд хамрагдахыг зөвлөсөн.

Сурагчдын хувьд Засгийн газрын шийдвэрээр 12-17 насны хүүхдүүдийг вакцинд хамрагдуулж байгаа. Өнөөдрийн байдлаар нийт хүүхдүүдийн маань 80 гаруй хувь нь вакцинд хамрагдчихсан. Хоёрдугаар тундаа 61 хувь нь хамрагдсан байна. Мөн сайн дурын үндсэн дээр хийж байгаа. Бид эцэг эхчүүдэд хүүхдээ вакцинд хамруулах нь эрсдэлээс хамгаалж буй хэрэг гэдгийг уриалж байна" гэв.

Жил бүр сурах бичгийн хүрэлцээ сурагч, эцэг эхчүүдийн толгойны өвчин болдог. Энэ талаар  тодруулахад “ЕБС-д 149 төрлийн сурах бичиг хэрэглэдэг. Өнгөрсөн жилээс эхлэн сурах бичгийг түрээсийн журмаар хэрэглэж байгаа. Бага ангид 100 хувь түрээсийн сурах бичгийг номын сангаар дамжуулж хэрэглүүлдэг. Дунд, ахлах ангийн 40 хувьд олгодог байсан. Үлдсэн хүүхдүүд маань сурах бичгээ худалдаж авдаг байсан. Өнгөрсөн жилээс эхлэн сурагчид маань тодорхой төлбөр төлөөд сургуулийнхаа номын сангаас авна. Зардал нь худалдаж авснаас хамаагүй бага. Хичээлийн жил дуусахад эргүүлэн номын сандаа өгнө. Сурах бичгийн хүртээмж, нийлүүлэлт өнгөрсөн жилээс эхлэн боломжийн түвшинд хүрсэн” гэв.

Мөн гадаа талбайд хичээл үйл ажиллагаа явуулах талаар яригдсан. Covid-19-ийн халдвар агаар муутай битүү анги танхимд тархах нь илүү хурдан гэж эрүүл мэндийн байгууллага дүгнэсэн. Тиймээс  гадаа талбайд зарим боломжтой хичээл, үйл ажиллагааг явуулах нь зөв гэж Боловсрол, шинжлэх ухааны яам үзжээ.

"БШУЯ-аас 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн зорилго зорилтоо тодорхойлсон. Энэ зорилтод дөрвөн улирлын аль ч үед боломжтой цагт гадна талбайд хичээл үйл ажиллагаа зохион байгуулахад анхаарч ажиллана гэсэн. Өөрөөр хэлбэл, анги танхим, битүү орчинд гэхээсээ илүүтэйгээр боломжтой тааламжтай цаг улиралд гадна талбайд биеийн тамирын хичээл болон бусад боломжтой хичээл, үйл ажиллагааг зохион байгуулах зорилттой байгаа.

Намар болгон хүүхдүүд мбаяр хөөр, цэцэг навч болоод хичээлийн шинэ жилээ эхлүүлдэг байлаа. Гэвч цар тахлын улмаас энэ удаад арай өөр байна. Зай болон танхимын хэлбэр хосолно. Тиймээс багш, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага маш их өндөр байна. Гэр-сургууль гэсэн маршрутыг баримтлах хэрэгтэй. Теле, цахим хичээл хийх нөхцөл боломжийг нь бүрдүүлэхэд эцэг эхчүүд анхаарах нь чухал. Ер нь эцэг эхчүүдийн анхаарал, халамж өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдэж байгаа шүү" гэдгийг Л.Буянтогтох анхааруулав.

СУРГУУЛЬ АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ, ТОХИЖИЛТОО ХИЙГЭЭД ДУУСЧЭЭ

Нийслэлийн 84 дүгээр сургууль болон 59 дүгээр цэцэрлэг хүүхдүүдээ хүлээж авахад хэдийнэ бэлэн болжээ. Сургуулийн үүднээ элсэлт, бүртгэл болон бусад асуудлаар сургалтын менежер, эрхлэгчтэй уулзах гээд зогсож буй эцэг эхчүүд мэр сэр харагдана. Монголын анхны цахим сургууль гэх тодотголтой 84 дүгээр сургууль ариутгал халдваргүйжүүлэлт, тохижилтоо хийгээд дуусчээ. Тус сургуулийн бага анги хариуцсан нийгмийн ажилтан н.Ариунболд хэлэхдээ "Манай сургууль хичээлийн хоёр байртай 6100 гаруй сурагчидтай 250 гаруй багш ажилчидтайгаар энэ хичээлийн жилээ эхлүүлэхэд бэлэн болсон" гэлээ.

Тэрбээр "Нэг ангийн сурагчдыг хоёр хуваагаад нэг долоо хоногт танхимаар нэг долоо хоногт цахимаар хичээлэхээр бэлтгэл ажлаа хангасан. УОК, НОК, Засгийн Газрын заавар зөвлөмжийн дагуу манай сургууль тогтмол ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн. Хамгийн сүүлд хоёр хоногийн өмнө ариутгалаа хийлгээд сурагчдаа хүлээн авахад жин тан боллоо.

Энэ хичээлийн жил их онцлогтой. Багшийн нөөц бололцооны хувьд сурагчдын тоондоо таарсан байгаа. Харин байдал хүндэрвэл хэцүү болох байх.

Сүүлийн хоёр жил тун бага хугацаанд танхимаар хичээллээ. Сургууль, багш нар маань сурагчдаа маш их санаж байна. Хүүхдийн сайхан цовоо цалгиун дуу сургуульд маань хадах нь гээд хүлээж байна. Хэдий сурагчид нэг дор бүгдээрээ ирж чадахгүй ч 25, 25-аараа долоо, долоо хоног хичээллэх болсон" гэдгийг дуулгав.

ТАВАН НАСТАЙ ХҮҮХЭД БҮРИЙГ ЦЭЦЭРЛЭГТ БҮРЭН ХАМРУУЛАХЫГ ЗОРЬСОН

Үүний дараа нийслэлийн 59 дүгээр цэцэрлэгээр оров. Сургуультай харьцуулахад цэцэрлэг дээр ажил ид өрнөж байлаа. Гадна, дотно тохижилт, цэвэрлэгээ, ариутгал гээд цэцэг алагласан байшин дотор дээр дооргүй л багш ажилчид гүйлдэнэ.

59 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч н.Уранчимэг:

-50 жилийн түүхтэй манай цэцэрлэг нь 12 бүлэгтэй, дөрвөн салбар бүлэгтэй үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болоод бэлтгэл ажлаа хангаж байна. Нийт 354 хүүхдээ хүлээн авахаар анги танхимаа бэлдсэн. УОК болон хоёр сайдын хамтарсан тушаалыг хэрэгжүүлж, нэг ангид байх хүүхдийн тоог 20+5 гэсэн зохицуулалттай, багш болон бүлгүүдээ хуваарилсан.

Цар тахлын үед мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтээ хийж, бүх ажилчид, багш нар маань шинжилгээнэдээ, вакцины бүрэн тундаа хамрагдсан. Хүүхдүүд маань ч өнөөдөр цэцэрлэг дээрээ шинжилгээ өглөө. Нэг анги 40 хүүхэдтэй байсан бол цар тахлын улмаас энэ жил зөвхөн 4-5 насны хүүхдүүдийг авч байна. Таван настай хүүхэд бүрийг цэцэрлэгт бүрэн хамруулахыг зорьсон. Анги дүүргэлт нь 25 хүүхэд. Бөөгнөрөл үүсэхээс сэргийлж, хүүхдүүдээ цөөлж, багш нар маань хоцрогдол арилгах чиглэлд ажиллана.

4-5 насны хүүхдүүдийн бие даан суралцах чадварыг нь хөгжүүлнэ.

Манай цэцэрлэгийнхэн их л догдлолтой есдүгээр сарын 1-нийг хүлээж байна. Манай хамт олон хүүхэд, багачууддаа зориулаад цахим мэндчилгээ хийхээр ярилцлаа. Хүн бүр дэглэмээ чандлан сахиж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагавал удахгүй хичээл маань танхимаар явагдана гэдэгт найдаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж