Тусламж эрсэн зэрлэг амьтад хүн бараадаж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

Тусламж эрсэн зэрлэг амьтад хүн бараадаж байна

Тусламж эрсэн зэрлэг амьтад хүн бараадаж байна

Хөхтөн туруутан амьтад хотын зах, цэцэрлэгт хүрээлэнд үзэгдэх нь сүүлийн үед хэвийн үзэгдэл болов. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр үнэг гүйж, Туул голд бугын сүрэг бэлчиж, айлын гадаа тарвага зогсч байх. Үүнийг харсан хотынхон  газар хөдлөлт, байгалийн гамшгийн дохио гэж үзэж байхад зарим нь  мухар сүсэгтэй холбох нь энүүхэнд. Ялангуяа энэ жил нийслэлд хүмүүсийн дунд явган шог яриа болтол элбэгшсэн нь бамбай хоншоорт могой.

Хотын хаа сайгүй таарах болсон энэ могой хамгийн аюултай зэрлэг амьтдын нэг. Хад асгатай газраар ихэвчлэн байдаг гэх хортой могойг үерийн ус, тээврийн хэрэгслээр дамжин нийслэлд орж ирснийг ч мэргэжилтнүүд хэлж, тайлбарлаж буй. Иргэдийн хувьд могойг олстой эндүүрч, олсыг могойтой андуурсан хэмээн хошигноод амжсан. Сүсэг бишрэлтэй нэг хэсэг нь нийслэлд могой элбэгших болсныг лус савдаг хилэгнэлээ гэж сүржигнэсэн нь ч бий. Бодит байдал дээр хар ухаанаар бодсон ч дөрвөн уулаар хүрээлэгдсэн нийслэл хаяагаа тэлэхийн хэрээр ойн эздийн амьдрах орчин хумигдсаар байгаа нь нууц биш.

Ойн захад хатгасан эзэнгүй олон хашаа зэрлэг амьтдын “эрлэгийн элч” болоод удлаа. Нөгөөтэйгүүр амар хялбар аргаар ашиг хонжоо хайсан хүмүүс жилийн жилд ойн баялгийг цөлмөх болсноор ойн “эзэд” өлдөж үхэх аюулд хүрсэн. Үүний тод жишээ нь, бидний өхөөрддөг хэрэм. Самарчид тэдний хоолыг нь булааснаар идэш тэжээлгүйн улмаас өвөл нь ичиж чадалгүй осгож бас зарим нь хот руу орж ирсэн нь ч бий.

Мөн орон нутагт ч бас сүүлийн жилүүдэд баавгай малчны хот руу дайрах болсон нь хэвийн үзэгдэл болсон. Мэдээж идэш тэжээлгүйн улмаас намар нь ичих ёстой амьтан ичиж чадахаа больсон нь тэр биз ээ. Зэрлэг амьтад суурьшлын бүс рүү орж  хүн бараадах болсныг МУИС-ийн Биологийн танхимын зөвлөх дэд профессор Д.Суран “Нийслэл хүрээгээ тэлэхийн хэрээр зэрлэг амьтдын амьдрах газрыг бид эзэмшиж байна. Зэрлэг амьтдын идэш тэжээл амьдрах орчин нь хумигдсан учраас л тарвага, үнэг, буга, могой гэх мэт зэрлэг амьтад суурьшлын бүсэд харагдах нь олширсон. Түүнээс биш гэнэт л тоо толгой нь үржиж олшироод суурин газарт орж ирж байгаа юм биш. Энэ хэрээр л бид байгальтай буруу харьцаж хатуу ширүүн хандаж буйн илэрхийлэл. Нөгөө талаас метрополис хотод зэрлэг амьтдыг  аврах, нүүлгэн  шилжүүлэх шаардлагатай байр шаардлагатай болох нь харагдаж байна” гэлээ.

Сүүлийн дөрвөн жилийн байдлаар, 2018 онд хот руу орж ирсэн амьтны 30 дуудлага бүртгэгдсэн бол 2019 онд 43, 2020 онд 116 болж өссөн байна. Харин 2021 он гарсаар 53 удаагийн дуудлага хүлээн авсны дийлэнх хувийг хортой могойн дуудлага эзэлж байжээ.

Нөгөө талаас цаг уурын өөрчлөлтийн хамгийн том хохирогч нь зэрлэг амьтад болж байна. Ган гачиг, гал түймэр, газар хөдлөлтөөс гадна гол мөрөн ширгэж, бэлчээр талхлагдахын хэрээр амьтдын амьдрах орчин хумигдаж олноороо үрэгдэх аюул нүүрлээд буй. Хэдийгээр Монголд Сибир шиг том хэмжээний түймэр хараахан гараагүй ч хойд хөршид дэгдсэн томоохон гал түймрийн улмаас маш олон амьтан гэртэйгээ “шатсан” билээ.

Түймрийн дараа идэш тэжээл, амьдрах газаргүй болсон амьтад Монгол руу нүүдэллэж болзошгүй гэдгийг  профессор Д.Суран хэлж байсан юм. Тэрбээр “Энэ жилийн тухайд Сибирт түймэр дэгдсэнтэй холбоотой намар, өвлийн эхэн сард Монголд хүрэн баавгай орж ирэх тохиолдол нэмэгдэж магадгүй. Идэш тэжээл, амьдрах орчин сүйдэж буй тохиолдолд амьдрах боломжтой газар руу нүүдэллэдэг үзэгдэл бий.

Ер нь суурьшлын бүс тэлж, малын тоо толгой өсөхийн хэрээр Монгол орны нийт газар нутгийн 70 орчим хувь нь бэлчээрийн нутгийн өөрчлөлтөд орсон. Цаг уурын өөрчлөлт Монголд хурдацтай илэрч байна. Хур бороо, хуй салхи, байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж нь нэмэгдэж байна. Энэ нь дэлхийн дулаарал цаг уурын өөрчлөлттэй холбоотой. Үүний тод илрэл нь бэлчээрийн даац хэтэрч байгальтай буруу харьцах болсон. Алт, нүүрс, жоншны олборлолт уул уурхай нь газрын хэвлийг нээж байна. Үүнээс олон төрлийн хий ялгарч, хэмжигдэх боломжгүй ч сөрөг нөлөөлөл асар их бий. Газрын хэвлийн доройтол цаг үргэлж бидэнд мэдрэгдэж харагдаж хэмжигдэж байна” гэсэн юм.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны мэдээлснээр дэлхийн дулааралтай харьцуулахад Монгол гурав дахин хурдтай уур амьсгалын дулаарал болж байгаа аж. Тодруулбал, дэлхийн агаарын дундаж температур сүүлийн 120 жилд 0.84 градусаар ихэссэн бол манай  улсад сүүлийн 70 жилд агаарын дундаж температур 2.25 градусаар дулаарчээ.

Олон улсын судлаачид Монгол орон газар зүйн байршил, уур амсьгалын системийн хувьд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны нэг гэж тодорхойлсон байдаг. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо сүүлийн 20 жилд өмнөх 10 жилтэй нь харьцуулахад аадар бороо, хүчтэй салхи, их цас, үер, мөндөр зэрэг орох давтамж нь ихэссэн болохыг ч цаг уурчид хэлдэг. Энэ мэтчилэн суурин бүс тэлэх,  цаг уурын өөрчлөлт зэрэг олон шалтгаанаас үүдэн  зэрлэг амьтад устаж үрэгдэх, амьд үлдэхийн тулд хүн бараадахаас өөр аргагүй болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж