Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн  бэлтгэл эхлэж хоёр кнопын төлөөх ширүүхэн тэмцэлд намууд ил, далд бэлтгэж байна.. Энэ удаагийн нөхөн сонгуульд есөн нам нэг эвсэл оролцохоор тайлангаа хүргүүлсэн. Тодруулбал, Үндэсний аудитын газарт  МАН, АН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Зөв хүн электорат эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлжээ.

18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээ 2,3 тэрбум төгрөг байх аж.  Зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм. Тэгвэл намууд нөхөн сонгуульд  хэнийг сойх нь  улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж буй. Сунгаанд оролцох нэр дэвшигчид эхнээсээ тодорч байна.

Хуулийн дагуу нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 10-ны өдөр болно. Нэр дэвшигчид баримт бичгээ есдүгээр сарын 10-ны өдөр СЕХ-нд бүртгүүлэх юм. Иймээс нөхөн сонгуульд горилогчдын мэдээллийг хүргэе.

МАН

УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН хоёр кноптой байсан, байгаагүй чанарын хувьд нэг их ялгаагүй юм.  Харин намынх нь горилогчдын хувьд тийм биш. Тиймээс МАН-ын цагаан байраар эргэлдэж, ил цагаан нэр дэвших хүслээ илэрхийлж буй хүмүүс нэг, хоёроор тогтохгүй байна.

МАН-аас Хэнтийн тойрогт МИАТ-ын дэд захирал асан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх асан Н.Энхбаатар, тус аймгийн Засаг дарга асан Н.Ганбямба, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, хуульч Л.Батжав нарын нэр дуулдаж эхэллээ. Хуульч Л.Батжав өнгөрсөн онд МАН-д элссэн. Үүнээс өмнө Хэнтийд нэр дэвшихээр багагүй хугацаанд услаж ирсэн.  Тиймээс нэр дэвших хүсэлтээ намын удирдлагууддаа хүргүүлсэн билээ. Харин түүний хүсэлтийг хүлээж авах эсэх нь тодорхойгүй. Ямар ч байсан олон нийтийн дунд судалгаа явуулж, рейтинг өндөртэй хүмүүсийг нэр дэвшүүлэхээр болжээ. Н.Энхбаатарын хувьд авлигын хэрэгт холбогдож, АТГ-д шалгагдаж явсан нэгэн. Түүнийг Ерөнхийлөгч зүтгүүлж байж мэднэ. Д.Гантулгын хувьд хүчингийн хэргээр ял шийтгэл авсан нь парламентын түүхэнд хараар бичигдэн үлдсэн. Гишүүн байхдаа хүчингийн хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, шүүхээс ял шийтгэл авсан түүнийг хэнтийчүүд дэмжих нь юу бол.

Харин Сонгинохайрханы тойрогт Засаг дарга Н.Алтаншагай, НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулуун, Н.Энхбаярын хүү Э.Батшугар, Л.Наранбаатар нар нэр дэвшихээр горилж явна. Э.Батшугарыг нэр дэвшүүлэх тохироо Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийгдсэн. МАН хэрэвзээ хүүг нь муривал Н.Энхбаяр зүгээр суухгүй нь лав. Хүүгээ гишүүн, өөрөө сайд болохын тулд намын тамгаа МАН-д зарсан. АН-аас хөөгдөж, З.Энхболд, Х.Баттулга нартай тулж явсан Л.Наранбаатар гишүүн болохыг мөрөөдөж яваа нэгэн. Харин С.Мөнхчулуун хотын даргын суудлын төлөө С.Амарсайхантай өрсөлдөж, намын бодлогоос зөрсөн гэж хөөгдөж байлаа.  Өдгөө намдаа эргэн ирсэн. Н.Алтаншагай намынхаа нэр нүүрээр гардаггүй юм бол Сонгинохайрханы Засаг дарга хэн бэ гэхэд түүнийг таньж, мэдэх хүн алга. Хотын дарга Д.Сумъяабазарын фракц. Д.Сумъяабазар өөрийг нь 3 удаа УИХ гишүүн болгосон тойргоо хүний хүнд алдахгүйн төлөө чичирч яваа гэх.  Нэр дэвшигчдын талаар МАН-аас тодруулахад “Есдүгээр сарын 1-нд МАН-ын Багахурлын XIII хуралдаанаар эцэслэншийдвэрлэнэ. Нар дэвших хүсэлтэй намын гишүүд саналаа хүргүүлсээр байгаа” гэсэн юм.

АН

АН-ынхан УИХ-ын 2020 оны сонгуулиас хойш эв нэгдлээ олоогүй л явна. Гэвч энэ удаагийн сонгууль тэдний өнгө аясыг тодорхойлох тул, АН-аас хүчээ нэгтгэж оролцохыг бусдадаа уриалж буй.О.Цогтгэрэлийн талынхан өрсөлдөх боломж хуулийн дагуу хаагдсан.  М.Тулгат даргатай АН-аас Хэнтийд  Б.Гарамгайбаатар, Ж.Оюунбаатар нар өрсөлдөнө гэсэн мэдээлэл бий. Гэхдээ Хэнтийн төрийн гурван өндөрлөгийн 2-ыг нь "гаргаж" ирсэн. Тиймээс энэ удаад цэнхэр сонголт хийж чадвал ядаж л эрх баригчдад хяналттай болно.  Хоёулаа Хэнтийд нэр дэвшиж байсан, өвдөг шороодож явсан хүмүүс.

Консул асан Д.Мөнх-Эрдэнэ Сонгинохайрханд нэр дэвших тухай мэдээлэл цацагдах болсон.  Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэлээд ширүүн үзэлцсэн. С.Эрдэнэ ч гөвж явсан. Шийртэй, хэл амтай нэгэн. Сонгинохайрханчуудын өмнөөс эрх баригчидтай сайн хэл ам хийх байх.

УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн нэр ч сонсогдож байна. З.Нарантуяа бол З.Энхболдын хүн. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нөхөн сонгуульд хүч үзнэ гэсэн таамаг байсан. Гэхдээ Х.Баттулга, С.Эрдэнэ нар нэгэнтээ түнжин хагарсан учир Х.Баттулга АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихийн тулд түүнд хадаг барьж очих байх

Нөхөн сонгуулийн талаар АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн “Ардчилсан нам Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд нэгдэж орох, парламентад суудалгүй намуудтай хамтрах уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна. Парламентад суудалгүй намуудтай уулзалт хийж, яриа хэлэлцлүүд хийж байна. Ардчилсан намаас УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн албан хүсэлтийг наймдугаар сарын 27-ноос эхлэн хүлээж авна” гэж мэдээлсэн юм.

ХҮН

ХҮН өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд чамлахааргүй ялалт байгуулсан. Цагтаа засгийн эрх барьж явсан АН-аас ХҮН хавь илүү оролцсон, танигдсан. Энэ удаагийн нөхөн сонгуульд  тэд гуравдах хүчин болж чадсан эсэхээ бодитоор харуулах биз. УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржхандын хэлснээр Сонгинохайрхан дүүрэгт тус намын УЗ-ийн дарга эдийн засагч Б.Найдалаа нэр дэвших бол, Хэнтийд бусад нам эвслүүдэд боложмийг олгож санал хуваахаас зайлсхийж зорилго зарчим үнэт зүйлд нийцсэн нам эсвэл болон шалгуурыг хангах хувь хүн бие даагчдыг дэмжих шийдвэр гарсан” тухай мэдээлсэн.

Б.Найдалаагийн хувьд харьцангуй нэр цэвэр өрсөлдөгч.

Тойргуудын таамаглалын харахад хамгийн гал гарсан тулаан Сонгинохайрханд болохоор байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж