Беннет: Хоёр улсын харилцааг илүү шинэлэг байдлаар тодорхойлно

Хуучирсан мэдээ: 2021.08.31-нд нийтлэгдсэн

Беннет: Хоёр улсын харилцааг илүү шинэлэг байдлаар тодорхойлно

Беннет: Хоёр улсын харилцааг илүү шинэлэг байдлаар тодорхойлно

АЙЛЧЛАЛ СААТСАН НЬ

Израилийн ерөнхий сайд Нафтали Беннет өнгөрсөн Пүрэв гаригт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай Ираны асуудлаар уулзалт хийхээр төлөвлөж байв. Гэвч Кабулын нисэх буудалд халдлага гарсантай холбогдуулан айлчлалын товыг нэг өдрөөр хойшлуулсан билээ. Хоёр талын удирдагч орон нутгийн цагаар Пүрэв гаригийн өглөө 11.30 цагт уулзахаар товлож байсан ч Цагаан ордноос “Уулзалт маргааш хүртэл хойшлогдлоо” гэж мэдэгдсэн юм.

Беннетийн өмнөх ерөнхий сайд Бенжамин Нетаньяху 12 жилийн турш Израиль улсыг удирдахдаа туйлширсан агаад хатуу ширүүн бодлого баримталдаг байв. Харин шинэ ерөнхий сайдын хувьд Ардчилсан засаг захиргаатай цоо шинэ харилцааг тогтоох итгэл найдвар өвөртлөн ирсэн юм. Гэсэн хэдий ч Кабулын нисэх буудал дахь халдлагаар АНУ-ын 13 цэрэг амиа алдаж, өөр хэд хэдэн цэрэг шархадсан тухай гунигт мэдээ ирснээр Беннетийн айлчлалд тодорхой хэмжээний саад учрах нь тодорхой болов.

Беннет Пүрэв гаригт хийсэн мэдэгдэлдээ эмгэнэл илэрхийлж "Израилийн ард түмний нэрийн өмнөөс Кабулд АНУ-ын цэргүүд амь нас эрсэдсэн явдалд гүн эмгэнэл илэрхийлж байна. Америк үргэлж бидэнтэй хамт байдаг шиг Израиль энэ хүнд хэцүү үед АНУ-тай хамт байна” гэжээ.

Өдгөө 49 настай Беннет өнгөрсөн зургадугаар сард үзэл суртлын хувьд хуваагдсан эвслийн тэргүүнээр сонгогдсон. Ийнхүү засгийн эрхийг авч ажилласнаас хойш ерөнхий сайдын хувиар анхныхаа айлчлалыг хийж буй нь энэ юм. Тэрбээр Израилиас "хамтын ажиллагааны шинэ үзэл санаа”-г амлан гарч ирж байв.

ИРАНЫГ ХЯЗГААРЛАХ НЬ

Беннетийн АНУ-д хийж буй айлчлалын нэг зорилго нь АНУ-ын цэргийг Ирак, Сириэс гаргаснаар ирээдүйд үүсч болзошгүй тогтворгүй байдалд санаа зовниж байгаагаа хэлэхийг зорьсон гэдгийг Израилийн өндөр дээд албан тушаалтан мэдэгдсэн юм. Афганистанаас АНУ-ын цэргийг гаргаснаар Кабулд үүсч буй нөхцөл байдал түүний зовнилыг улам бүр баталж өгчээ.

Гэсэн хэдий ч Беннеттийн туслахууд түүнийг болж буй хэрэг явдлын талаар үзэл бодлоо илэрхийлэх гэж ирээгүй болохыг онцолжээ. Айлчлалд Беннетийг дагалдан ирсэн төлөөлөгчдийн нэг хэлэхдээ "Бид энд үзэл бодлоо илэрхийлэх гэж биш харин урам зориг өгөх гэж ирсэн. Америкчууд үүнийг үнэлнэ гэдэгт итгэж байна” гэжээ.

Харин Беннетийн хувьд Иран улсыг айлчлалынхаа гол сэдэв болгохоор төлөвлөж байгаагаа илэн далангүй илэрхийлсэн. Тодруулбал, "Бид Ираны бүс нутаг, цөмийн зэвсгийн төлөөх өрсөлдөөнийг давамгайлах гэсэн оролдлогыг хэрхэн таслан зогсоох вэ" гэдэг асуултад хариулт авахаар ирснийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкенд хандан хэлжээ.

Ираны цөмийн хөтөлбөрийг таслан зогсоох нөхцөлөөр Ираны эсрэг хориг арга хэмжээг цуцлах тухай 2015 оны цөмийн хэлэлцээрээс Трампын засаг захиргаа гарч байв. Тэгвэл Байдений засгийн газар уг хэлэлцээрийг эргэн сэргээх оролдлогыг хийж байгаад Израиль шүүмжлэлтэй хандаж буй. Учир нь Трамп энэ алхамыг хийсэн даруйд Иран уран баяжуулах үйлдвэрлэлийг явуулахгүй гэсэн гол амлалтуудаасаа буцаж байв.

АНУ-ын албаны хүмүүс Ираны хэлэлцээрийг шууд анхааралдаа аваагүй ч Блинкен Израилийн аюулгүй байдлын талаархи АНУ-ын амлалт “хэзээ ч хувирахгүй” гэдгийг онцлоод Иран болон цөмийн хөтөлбөрийн асуудлаар адилхан санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

ХОЁР ӨӨР ҮЗЭЛ БОДОЛ

Беннет, Байден нар Палестинтай холбоотой асуудлаар өөр өөр байр суурьтай байдаг. Беннет суурин газруудын барилгын ажлыг зогсоохгүй гэж мэдэгддэг бөгөөд 1967 онд Израилийн эзлэн авсан нутаг дэвсгэрт Палестин улс байгуулахыг эсэргүүцдэг билээ. Гэвч түүний энэ хоёр байр суурь хоёул Вашингтонтой зөрчилддөг юм.

Байдений засаг захиргааны хувьд Палестинд үзүүлдэг олон зуун сая ам.долларын тусламжаа сэргээсэн. Өмнө нь энэ санхүүжилтийн ихэнх хэсгийг түүхэн дэх "Израилийг номер нэг дэмжигч ерөнхийлөгч” Трамп хасч байв. Беннеттийн айлчлалын үеэр Израиль, Газын хоорондох зөрчил, тэр дундаа хилийн мөргөлдөөн уламч ихэсч байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард Хамас бүлэглэлийнхэн Израилийн нутаг дэвсгэр рүү олон мянган пуужин харвасны хариуд Израиль Газын зурваст агаараас цохилт өгч байв.

Гэвч Израиль дахь АНУ-ын Элчин сайд асан Дан Куртцер Беннеттийн айлчлалыг бодлогын талаарх санал зөрөлдөөнийг эс тооцвол шинэлэг өнгө аястай байхыг онцолсон юм. Баасан гаригийн өглөө Цагаан ордонд хийх уулзалтаар хоёр удирдагч юуны өмнө ганцаарчлан ярилцаж, дараа нь хэвлэлийн хурал хийснээр хэлэлцээг ажилтнуудынхаа оролцоотойгоор цааш үргэлжлүүлэх аж.

 УУЛЗАЛТ БОЛСОН НЬ

Израилийн ерөнхий сайд Нафтали Беннет Баасан гаригт Цагаан ордонд хийсэн уулзалтынхаа үеэр ерөнхийлөгч Байденд хандан хэлэхдээ Ирантай байгуулсан 2015 оны цөмийн хэлэлцээрт АНУ-ыг эргэн орохыг дэмжихгүй байгаа ч өмнөх ерөнхий сайд Бенжамин Нетаньяху шиг үүний эсрэг хэвлэлийн кампанит ажил явуулахгүй гэж мэдэгджээ.

Тухайн үед талуудын хоорондох санал зөрөлдөөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөвөрч, энэ нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байв. Тодруулбал, Нетаньяху 2015 онд цөмийн гэрээний эсрэг кампанит ажил өрнүүлж, тэр дундаа АНУ-ын Конгрессын өмнө хэлсэн үг нь байдлыг улам дордуулжээ. "Ерөнхий сайд Беннет бодлогын ялгаатай байдлыг үл харгалзан ёс суртахууны хэм хэмжээг баримтлан ажиллахыг хүсч байгаагаа ерөнхийлөгч Байденд уламжилсан" гэж уулзалтад оролцсон Израилийн өндөр албан тушаалтан хэлсэн юм.

Беннет олон янзын үзэл бодолтой эклектик засгийн газрынхаа харилцааг удирдан зохицуулдагтай адил АНУ-Израилийн харилцааг ч зохицуулахыг хүсч байгаагаа мэдэгдэв. Тэгэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр биш харин шууд яриа хэлэлцээний замаар үзэл бодлын зөрөлдөөнийг шийдвэрлэнэ гэжээ. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй уулзах үеэрээ өөрийгөө зүүний чиг баримжаатай намуудтай эсвэл лалын шашинтнуудын намтай эвсэл байгуулна гэж хэзээ ч бодож байгаагүй талаараа хэлсэн байна. Гэвч энэ нь хэцүү боловч боломжтой зүйл гэдгийг ойлгосон гэжээ.

Байдены Ойрхи Дорнодын шилдэг зөвлөхүүдийн нэг Барбара Лиф Баасан гаригт еврейн төлөөлөгчидтэй хийсэн уулзалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр Байден ч мөн элдэв “жүжиг үгүй”, харилцааны шууд арга замыг эрхэмлэж байгаа болохыг онцлов. Эцэст нь хурцадмал байдлыг улам бий болгож, итгэлцлийг бууруулж болзошгүй үйлдлээс зайлсхийхийг талуудын аль аль нь дэмжсэн уулзалт болсныг Цагаан ордноос онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: SUPERFAST NEWS, AXIOS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж