Хятадын батлан хамгаалах яам АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын онгоц болон эргийн хамгаалалтын хөлөг Хятад, Тайванийн хоорондох далайгаар зорчсон явдлыг эрс буруушааж байгаагаа Бямба гаригт мэдэгдлээ. Тус яамны вэбсайтад байрлуулсан мэдэгдэлд Тайваний 160 км-ийн өргөн хоолойгоор АНУ-ын хөлөг онгоц зорчсон явдал нь илт өдөөн хатгасан үйлдэл болохыг онцолжээ. Мөн АНУ энэхүү үйлдлээрээ энх тайван, тогтвортой байдалд аюул учруулагч, аюулгүй байдалд заналхийлэгч гэдгээ харууллаа гэсэн юм.
АНУ-ын чиглүүлэгч пуужин устгагч “USS Kidd” болон эргийн хамгаалалтын хөлөг онгоц “Munro” өнгөрсөн Баасан гаригт олон улсын усан хилээр аялсан болохыг тус улсын Тэнгисийн цэргийн хүчин мэдээлсэн юм. Олон улсын шинжээчид энэхүү үйлдлийг саяхан Тайванийн ойролцоо сургуулилт хийсэн, мөн тус арлыг хяналтандаа авахын тулд шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн Хятад улсад өгсөн анхааруулга гэж үзэж байна.
АНУ нь Хятадаас 1949 онд тусгаарлагдсан, 23.6 сая хүн амтай Тайваньтай албан ёсны дипломат харилцаа тогтоогоогүй боловч нийслэл Тайпей хотод төлөөлөгчийн газраа байрлуулж, мөн батлан хамгаалах зориулалттай цэргийн тоног төхөөрөмж нийлүүлдэг хамгийн том түнш юм. Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоц олон улсын маргаантай байгаа Өмнөд болон Зүүн Хятадын тэнгисийн ойролцоо эргүүл хийх болсноор энэ бүс дэх АНУ-ын оролцоо ч мөн нэмэгдэж байна.
АНУ-ын эргийн хамгаалалтын албаныхны хэлснээр Калифорниа мужийн Аламеда хотод байрладаг, 127 метрийн урттай “Munro” хөлгийг энэ бүсэд хэдэн сарын турш байрлуулахаар энэ наймдугаар сарын дундуур илгээсэн аж. АНУ, Тайванийн талууд өнгөрсөн гуравдугаар сард хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны дагуу хоёр улсын эргийн хамгаалагчид энэ сард хэлэлцээ хийсэн юм. Харин Бямба гарагийн мэдэгдэлд дурдсанаар "Тайван бол Хятадын салшгүй хэсэг" болохыг онцлоод тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг тэвчихгүй гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: ABC NEWS
Холбоотой мэдээ