"Сонгинохайрханд Б.Найдалааг, Хэнтийд зөв хүнийг дэмжинэ"

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

"Сонгинохайрханд Б.Найдалааг, Хэнтийд зөв хүнийг дэмжинэ"

"Сонгинохайрханд Б.Найдалааг, Хэнтийд зөв хүнийг дэмжинэ"

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.


-УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль сарын дараа болох гэж байна. ХҮН-ын зүгээс нөхөн сонгуульд хэр бэлтгэж байна?

-ХҮН, Зөв хүн электорат эвслийн зүгээс нөхөн сонгуульд өндөр ач холбогдол өгч оролцоно. Яагаад гэхээр Ерөнхийлөгчийн сонгуулиар бидний хувьд нийт сонгогчдын 20 хувийн санал авсан. Энэ үр дүн нь биднийг парламентад суудалтай улс төрийн хоёр дахь хүчин болсныг баталгаажуулсан.  Энэ амжилтаа ахиулж бид сонгуульд ялах болно. Нөхөн сонгуулиар улстөрд шинэ салхийг салхилуулах, УИХ-д зүгээр суух биш, харин бодлого боловсруулж, тогтолцооны шинэчлэл хийх хүнийг дэвшүүлэхээр эвслийн төлөөлөх зөвлөл өнөөдөр /2021.08.30/ шийдвэрээ гаргалаа.

-Тэгээд танай нам нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээр болсон бэ. Эвсэл учраас хоорондоо ярилцаж тохирсон байлгүй?

-УИХ-ын хоёр тойрогт нөхөн сонгууль явагдана. Д.Сумъяабазар өөрийг нь сонгосон иргэдийнхээ итгэл найдварыг хаяад дарга болоод явсан. Тэр тойрогт нийтдээ 9 нам, 1 эвсэл өрсөлдөнө.

УИХ-ын 2020 оны сонгуульд олон эвсэл байгуулагдсан. Одоо бүгд тарж бутарсан байна. Харин ганцхан “Зөв хүн электорат” эвсэл нөхөн сонгуульд орж байна. Өнөөдрийг хүртэл бид зарчим, байр суурь, эвсэл дэх намуудын эв нэгдлээ сайн хадгалж ирсэн.

Ямар хүнийг дэвшүүлэхээ эвслийн удирдлагууд илэн далангүй, нээллтэйгээр ярилцаж, нууц санал хураалтаар тодруулсан. Олон чадвартай, мэдлэгтэй, ажлын туршлага сайтай нэр дэвшигчид өрсөлдсөн. Үүнээс Сонгинохайрханы тойрогт ХҮН-ын удирдах зөвлөлийн дарга Б.Найдалаа нэр дэвших шийдвэр гарсан.

-Сонгинохайрханд Б.Найдалаа нэр дэвших юм байна. Тэгвэл Хэнтийн нөхөн сонгуульд хэнийг дэвшүүлэхээр болов?

-Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн хувьд энэ удаагийн парламентад эрх барьж буй хүчин үнэмлэхүй олон суудалтай байгаа. Гишүүний хувьд харахад парламентад юу дутагдаж байна вэ гэхээр хүчтэй цөөнх, сөрөг хүчин дутагдаж байна. Иймээс цөөнх хоорондоо өрсөлдөж санал хуваахаас  илүүтэй бие биендээ боломж гаргаж өгөх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс Хэнтийн нөхөн сонгуульд бид хүн дэвшүүлэхгүй, харин бидний үнэт зүйл зарчим, нийтлэг эрх ашгийг хангаж чадах мэдлэг туршлагатай, ёс зүйтэй хувь хүн, эсхүл намыг дэмжиж ажиллах болно.

-Ерөнхийлөгчийн сонгуулиар танай нам АН-аас илүү санал авсан. Тэгэхээр нөхөн сонгуульд Сонгинохайрханы тойрогт ялалт байгуулж чадна гэдэгт хир итгэлтэй байна ?

– Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ тойрогт манай эвсэл 25-30 хувийн санал авсан. Сонгинохайрхан дүүрэгт хийсэн бидний сүүлийн судалгаагаар Засгийн газрын үйл ажиллагаа хангалтгүй, эрх баригчдын үйлдэл, үйл ажиллагаа нь иргэдийн хүлээлтэд хүрэхгүй, гаргасан шийдвэр нь эргэж буцсан зэрэг шалтгаанаар иргэд бухимдалтай байна. Иймд мэргэжлийн мэдлэг чадвартай, эрх баригч намаас бусад аливаа хувь хүн, нам, эвслээс нэр дэвшигчийг иргэд дэмжихэд бэлэн байна. Б.Найдалааг дэмжинэ гэсэн судалгааны дүн өндөр гарсан.

-Та УИХ-д суугаа цөөн эдийн засагчдын нэг. Эрх баригчдын бодлого шийдвэрийг хэрхэн дүгнэж байна. Эдийн засаг улам л хямралд нэрвэгдэх боллоо. Экспорт импорт таг гацлаа. Үүнээс гарах бодлого юу байна?

-Цар тахлын үед эдийн засгийн бодлогыг өөдрөгөөр харж байсан. Гэтэл эдийн засаг сэргэсэнгүй. Ажлын байрыг бий болгох, иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хангалтгүй ажиллаж байна. Гадагшаа хийх экспорт, бараа бүтээгдэхүүний тээвэр ложистикийн асуудлыг шийдэж чадахгүй байгаа. Үр дүнд нь нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ хамгийн өндөр байгаа энэ үед бид нүүрсээ ч зарж чадахгүй, өдөртөө 50-100 машин гаргаж байна. Ерөөсөө зохион байгуулалтаа хийж чадахгүй байгаа.

Үүнээс гадна дэд бүтцийн төсөл, төмөр замын төсөл, боомтуудын төсөл, тээвэр хөнгөвчлөх гаалийн шинэчлэлийн төслүүдэд анхаарахгүй байна. Үр дүнд бид орлогоо алдсан хэвээр байна.

Цаашдаа урт хугацааны томоохон дэд бүтцийн төслүүдэд түлхүү анхаарах хэрэгтэй. Өнөөдөр гаднын хөрөнгө оруулалт, дотоодын хөрөнгө оруулалт байхгүй байна. Төсвийн хөрөнгө оруулалт бага, хөгжлийг дэмжих ямар ч эх үүсвэргүй болчихлоо. Тухайлбал, аймаг сумдад соёлын төв, хөшөө дурсгал, хаалга барьсан хэвээр байгаа нь цаашдаа эдийн засаг өсөх суурийг бүрдүүлж  чадахгүй л дээ. Иймд үндсэн хуульд тусгаж чадаагүй тогтолцооны шинэчлэлийг яаралтай, бүрэн хийх шаардлагатай.

-ХҮН-ыг, МАН-ын “охин нам” хэмээх  шүүмжлэл сошиалаар нэлээд явсан. Үүнд та улстөрч хүний хувьд ямар тайлбар өгөх вэ?

-Маш тодорхой жишээ хэлэхэд Ерөнхийлөгчийн сонгуулиар бид ард түмний хамгийн их “захиалга” авсан хүнийг дэвшүүлсэн. Хэрвээ бид МАН-тай ярих байсан бол АН-ын саналыг хуваах эсвэл “шаансгүй” сул хүн дэвшүүлэх байсан. Д.Энхбат гуай бол инженер, эрдэмтэн, улс төрд хүлээн зөвшөөрөгдсөн, залуусын ментор, хүчтэй өрсөлдөгч байсан.

Хоёрдугаарт, биднийг МАН-тай нийлээд байгаа гэж шүүмжилсэн АН-ынхан МАН-ын талд буюу У.Хүрэлсүхийн талд ажилласан. Тухайлбал, Сүхбаатар аймагт У.Хүрэлсүх хамгийн өндөр санал буюу 90 хувийн санал авсан байдаг. Гэтэл тус аймагт хоёр УИХ-ын гишүүн АН-аас сонгогдсон, орон нутгийн сонгуульд АН зуун хувь ялсан тойрог шүү дээ. Тэгэхээр иргэд маань аль хэдийн дүгнэлтээ хийсэн  биз дээ.

Миний хувьд МАН-ын болохгүй зүйлийг шүүмжилж, болж бүтэж буй зүйлийг дэмжээд явдаг. Сөрөг хүчин байна гэдэг нь бүх асуудлыг сөрнө гэж би ойлгодоггүй. Монгол Улсын эрх ашигт нийцэж байвал түүнийг нь дэмжиж ажиллана. Харин улсын эрх ашгийн эсрэг аливаа асуудалд маш хатуу байр суурьтай байх болно.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж