Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн багтай хамтран “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан туршлага солилцох сургалт, дадлага сургуулийг Архангай аймагт 2021 оны 9 дүгээр сарын 12-24-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ удаагийн “Хангай-21” гамшгийн хор уршгийг арилгах хамтарсан дадлага, сургууль нь Монгол Улсад 2009 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийн үргэлжлэл бөгөөд 10 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
“Говийн чоно” сургалт, дадлагад 2017 онд 13 улс, 2018 онд 16 улс, 2019 онд 21 улс орны төлөөлөл оролцож байсан. Энэ жилийн хувьд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан зөвхөн АНУ-ын Иргэн цэргийн харилцааг дэмжих баг оролцохоор болоод байна.
Уг сургалт, дадлагад гадаадын болон дотоодын нийт 180 гаруй хүн оролцоно.
Сургалт, дадлага, сургуульд Өмнөд бүсээс Өвөрхангай, баруун бүсээс Завхан, хойд бүсээс Архангай, Булган, Хөвсгөл аймгуудын төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулна.
Сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа нь “Гамшгийн удирдлага”, “Команд штабын дадлага”, “Өндрөөс аврах олсны сургалт”, “Давчуу орон зайнаас аврах ажиллагаа”, “Нурангинаас аврах ажиллагаа”, “Хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа”, “Нэрвэгдэгчийг эрэмбэлэн ангилалт”, “Олон нийттэй харилцах”, “Хүмүүнлэгийн тусламжийн үеийн цэргийн дэмжлэг”, “Дууриалган үзүүлэх дадлага сургууль” гэсэн хэлбэрээр явагдах юм.
Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийг Монгол Улсад тохиолддог, өндөр эрсдэлтэй газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга, төмөр замын болон уул уурхайн осол бусад гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах үүрэг бүхий томилгоот бүрэлдэхүүн болон аврагч, гал сөнөөгч, удирдах ажилтнуудыг сургаж дадлагажуулах, гадаад улс орны ижил төстэй мэргэжилтнүүдтэй туршлага солилцох хэлбэрээр анх удаа 2009 онд зохион байгуулж байсан.
Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор Онцгой байдлын байгууллагыг бүсчилсэн бүтэц, зохион байгуулалтад шилжүүлсэнтэй холбогдуулан бүсийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, харилцан хамтын ажиллагааг жигдрүүлэх зорилгоор “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах, сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааг 2016 онд “Засгийн газар, орон нутгийн удирдлагын харилцан ажиллагаа” сэдвээр Улаанбаатар хот, Орхон аймагт, 2017 онд “Бүс нутгийн түвшний удирдлага, хамтын ажиллагаа” сэдвээр өмнөд бүсийн төв Өмнөговь аймагт, 2018 онд “Баруун бүсийн удирдлага, хамтын ажиллагаа” сэдвээр бүсийн төв Ховд аймагт, 2019 онд “Орон нутгийн чадавх ба бүсийн удирдлага, харилцан ажиллагаа” сэдвээр өмнөд болон зүүн бүсийн аймгуудын гамшгийн үеийн харилцан ажиллагаа, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Дорноговь аймагт тус тус зохион байгуулсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.