О.Цогтгэрэл даргатай АН-аас өнөөдөр /2021.08.30/ “МАН-ын бүтэлгүй бүтээн байгуулалт” сэдвийн дор мэдээлэл хийлээ.
Чингис хааны мэндэлсэн нутгийг аялал жуулчлалын бүс болгоно, “Андлалын өргөө", “Их хуралдай” гэх мэт хэд, хэдэн цогцолбор барина гээд улсын төсөвт хэдэн тэрбумаар нь суулгаж байлаа, түрүүчийн УИХ, Засгийн газар.
- “Андлалын хөшөө”-г хоёр тэрбум төгрөгөөр барьж, 200 сая төгрөгөөр эрчим хүч татсан. Гэвч нураасан.
"Их хуралдай" цогцолборт 2018 онд 14 тэрбум, 2019 онд 600 сая төгрөгийг зарцуулсан. 2019 оны наймдугаар сарын 10 гэхэд дуусах ёстой байсан.
- "Шихихутуг Их засаг" цогболборын төсөв нь хоёр тэрбум. Мөн л 2019 он дуусах байсан.
"Монголын нууц товчоо" цогцолборын төсөв нь 1.5 тэрбум төгрөг.
- "Чингис хаан" аялал жуулчлалын цогцолборын төсөв нь 1.5 тэрбум төгрөг.
"Монголын далд уул уурхайн музей" төсөв нь 3.5 тэрбум төгрөг.
Дээрх зургаан төсөл нь дэд бүтэц, засмал зам зэргээр холбогдоогүй. Үнэндээ 400 сая жуулчин үүнийг зорьж очихооргүй. Дампуу төсөл. Хүн үзэхээргүй хол газарт жижиг, жижиг шавар овоолж байхаар нийт төсвөө нэгтгээд дорвитой том бүтээн байгуулалт барьсан бол гэж харамсч байна. Монгол Улсын Ерөнхий сайдын хүүхэд насандаа мөрөөддөг байсан мөрөөдлийг нь биелүүлэх гэж монголынг ард түмний хөрөнгө үнэгүйдэх ёсгүй.
Хоёрдугаарт. Улаанбаатар-Дарханы зам. Төсөв нь 390 тэрбум. 2020 он гэхэд тус зам ашиглалтад орох байлаа. Дарханы замыг ярихаар улиг болсон хуучин сэдэв болчихжээ. Дарханы зам нь Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл буюу Хангайн бүсийн таван аймгийн тулгуур ОХУ-тай холбогдох гол зам.
Гуравдугаарт. Замын цагдаагийн дэргэдэх шинэ гүүр. Нийт төсөв 120 тэрбум. Өнөөдрийг хүртэл дөрвөн урсгал нь ажиллахгүй. Тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, явган хүний зам байхгүй. Ус зайлуулах хоолойгүйн улмаас үер буухад гүүрэн бетонон зам нь доогуураа цуурч нурсан. Сонгуульд зориулаад л гол замаа нээсэн гэж хардаж байна.
Дөрөвдүгээрт. Гачуурт, Налайхын зам. Төсөв нь 104 тэрбум. Огцом эргэлт ихтэй. Гарц, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ муу. Хөндлөн замаас өөр юу ч байхгүй.
Тавдугаарт. Хотын захиргааны байрын төсөв нь 97 тэрбум. Ашиглалтад ороход бэлэн болсон ч эрх баригчид хэрхэн ашиглахаа мэдэхгүй байгаа бололтой. Нэг хэсэг эмнэлэг болгож ашиглана гээд байсан. Зориулалтын бус байрыг эмнэлэг болгож ашиглана гэж байхаар яагаад нүүгээд орчхож болохгүй байгаа юм бэ?
Зургадугарт. Төв талбайн усан оргилуур 3.2 тэрбум төгрөгөөр боссон. Инженерийн шийдэлгүй. Огт ажилладаггүй.
Долдугаарт. Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны явц нь тодорхойгүй.
Наймдугаарт. Богд хан төмөр зам. 1.7 их наяд төгрөгийн өртөгтэй. Хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй. Зураг төсөл, ТЭЗҮ хийгдээгүй. Гэтэл эрх баригч намыхан Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхэллээ гээд тууз хайчилж зогссон. Үүнийг Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд зориулан тавьж байгаа шоу гэж үзэж байна.
Есдүгээрт. Газрын тосны үйлдвэр. Энэ нь асар өндөр өртөгтэй. Төсөв нь 3.1 их наяд төгрөг. 2023 онд ашиглалтадт орно гэж байгаа. Гэтэл ТЭЗҮ дутуу. Түүхий эдийн нөөцөө тодорхойлоогүй. Жилд 1.5 сая тонн нефть үйлдвэрлэх хүчин чадалтай гэсэн. Түүхий эдээ 19 дүгээр талбайгаас хайгуул хийж олно гээд байгаа ч юм гарах эсэх нь тодорхойгүй. Түүхий эдийн тээвэрлэлт нь хоолойгоор, төмөр замаар уу гэдгээ одоог хүртэл шийдвэрлээгүй. Тээвэрлэлтийн өртөг нь 1 тэрбум орчим. Ингээд бодоод үзэхээр МАН-ын бүтэлгүй бүтээн байгуулалтууд буюу мөсөн уулын оргил нь " Андлалын хөшөө"-өөр дуусахгүй. Үүнээс гадна сонгуульд зориулж дутуу орхисон ажлууд, дампуурсан олон төсөл бий.
Холбоотой мэдээ