Израилийн Батлан хамгаалахын сайд Палестинд айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

Израилийн Батлан хамгаалахын сайд Палестинд айлчиллаа

Израилийн Батлан хамгаалахын сайд Палестинд айлчиллаа

Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас болон Израилийн Батлан ​​хамгаалахын сайд Бенни Ганц нар Баруун эргийн Рамалла хотод Ням гаригт уулзалт хийлээ. Энэ нь хоёр талын энхийн хэлэлцээ зогссон 2014 оноос хойших анхны уулзалт юм. Тодруулбал, хил хязгаар, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн асуудлаарх санал зөрөлдөөний улмаас  талуудын энхийн хэлэлцээ 2014 оны дөрөвдүгээр сараас хойш зогсоод буй билээ.

Ганц өнгөрсөн долдугаар сарын 20-нд Аль-Адха баярыг тохиолдуулан ерөнхийлөгч Аббаст утсаар баярын мэндчилгээ дэвшүүлсэн болохоо твиттер хуудсандаа мэдэгдэж байв. Мөн Израиль, Палестины засаг захиргааны хооронд итгэлцэл бий болгох нь эдийн засаг, аюулгүй байдлын ач холбогдолтой болохыг онцолж байжээ.

Уулзалтын үеэр Ганц Израиль улс Палестены эдийн засгийг сэргээх тодорхой алхмуудыг хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа Аббаст хандан хэлсэн аж. Мөн талууд Баруун эрэг болон Газын зурваст эдийн засаг, аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудлаар санал солилцжээ. Өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлсний дараа Ганц, Аббас нар ганцаарчилсан уулзалт хийсэн болохыг Израилийн захиргаанаас мэдэгдэв.

Израиль Баруун эрэгт хяналтаа тогтоосноос хойш хоёр талын харилцаа улам бүр хурцдах болсон юм. Баруун эрэг нь баруун болон хойд хэсгээрээ Израильтай хиллэдэг нутаг дэвсгэр бөгөөд Израилийн 1967 оны тэлэлтээс хойш уг газар нутгийг Палестины 167 арал, Израилийн 230 суурин газар болгон хуваажээ.

Олон улсын хууль тогтоомжийн дагуу хууль бус гэж тооцогддог Иордан голын Баруун эрэг дэх еврейчүүдийн суурин газрын тогтвортой өргөтгөл нь хоёр талын харилцааг эрс муутгаж ирсэн ч Израилийн зүгээс уг мөргөөлдөөнийг шийдвэрлэх талаар дорвитой алхам хэрэгжүүлж байгаагүй нь Палестины ард иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Тухайлбал, 2009-2021 оны хооронд Израилийн засгийн эрхийг барьж байсан ерөнхий сайд асан Бенжамин Нетаньяхуг палестинчууд элдвээр элэглэдэг байв.

Цаашлаад Палестины төрийн байгуулалтыг эсэргүүцэж, Израилчуудын суурин газрын өргөтгөлийг дэмжиж ирсэн Израилийн одоогийн ерөнхий сайд Нафтали Беннетэд мөн сайнгүй ханддаг байна. Түүний засгийн газар Палестинтай энхийн хэлэлцээ байгуулах төлөвлөгөөгүй байгаагаа ил тод илэрхийлдэг аж.

Гэхдээ Израилийн дээд албан тушаалтнууд түүнээс өөр бодолтой байгаагаа энэ удаагийн айлчлалаар харууллаа. Тэд 2007 оноос хойш Газад хяналтаа тогтоогоод буй Хамас бүлэглэлийнхэн Израильтай мөргөлдөөн үүсгэх болсонд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн юм.

Палестины мэдлийн тус бүс нутаг өнөөдөр Израилийн бүслэлтэд байдаг. Өнгөрсөн тавдугаар сард Газад Израиль, Хамасын бүлэглэлийн хооронд 11 хоног үргэлжилсэн мөргөлдөөн болсон нь 2014 оноос хойшхи хамгийн том дайсагнал байв. Египетийн зуучлалаар талууд гал зогсоох шийдвэрт хүрсэн ч үймээн самуун өнөөдрийг хүртэл үргэлжилж буй юм.

ЭХ СУРВАЛЖ: XINHUA, FRANCE24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж