Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сүхбаатар дүүргээс цахимаар зохион байгууллаа.
100 айл, Цагаан байруудыг дахин төлөвлөлтөд хамруулахыг хүслээ
Шуурхай зөвлөгөөний үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа дүүргийнхээ талаар танилцуулав. Сүхбаатар дүүрэг 20.8 мянган га газар нутагтай, 145 мянга гаруй хүн ам, 39 мянган өрх бүхий 20 хороотой нийслэлийн ууган дүүргийн нэг. Тус дүүрэг нь нийслэлд анх удаа хөдөлгөөнт оффис, хог хаягдлын ухаалаг систем нэвтрүүлсэн төдийгүй гэрэлтүүлэг, түүнийг дагалдсан камержуулалтаараа тэргүүлдэг. Дүүргийн 9-12 дугаар хорооны нутаг дэвсгэр дахин төлөвлөлтөд хамаардаг. Дээрх хороодод өнөөдрийн байдлаар 7817 өрхийн 30.476 иргэн амьдарч буй юм. 2030 он гэхэд энэ тоо 25.9 мянган өрхийн 91 мянга хүн болон өсөх судалгаа гарсныг дүүргийн Засаг дарга онцолж байлаа. Түүнчлэн тус дүүргийн нутаг дахь 100 айл, Цагаан байруудыг дахин төлөвлөлтөд яаралтай хамруулах шаардлагатай байгаа аж. Ингэхдээ зөвхөн орон сууц барих бус, сургууль, цэцэрлэг барьж, нийгмийн дэд бүтцийг хамтад нь бий болгохыг хүслээ. Тус дүүргийн хувьд хамгийн тулгамдсан асуудал нь шар ус, борооны үер буудаг газруудад суурьшсан айл өрхүүд гэнэ. Дүүргийн зүгээс зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүх шаардлага тавьдаг ч иргэд 11-25 жилийн турш суурьшсан, үл хөдлөх хөрөнгө барьж байгуулсан учир албадан нүүлгэхэд хүндрэл учирдаг. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 15-20 дугаар хороон нутаг, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, Сэлбэ голын ай сав дагуу газар эзэмшиж, ашиглаж, өмчилсөн 847 иргэн, аж ахуйн нэгж байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд үерийн далан сувгийг цогц байдлаар байгуулах, инженерийн шугам сүлжээ бий болгоход анхаарахыг мөн хүслээ.
20 байршилд хүнсний ногооны худалдаа зохион байгуулж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 17 үүрэг, даалгавар өгснөөс 80.7 хувийн биелэлттэй байна. Нийслэлийн хэмжээнд 11.821 аж ахуйн нэгж, байгууллагатай “Хариуцлагын гэрээ” байгуулан ажиллаж байгаагаас өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 2851 объект, байгууллагад үзлэг шалгалт явуулжээ. Тэдгээрээс 936 зөрчил дутагдал илэрсний олонх нь түр журам зөрчсөн, хүн хоорондын зай баримтлаагүй зөрчил байсан байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн найман дүүргийн 20 байршилд хүнсний ногооны худалдаа зохион байгуулж буй юм. Мөн махны бөөний худалдааг ил задгай талбайд зөвшөөрөлгүй зохион байгуулсныг таслан зогсоожээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт онцгойлон эм ханган нийлүүлэлт, эмийн үйлчилгээнд анхаарахыг Хотын дарга үүрэг болгосон. Энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эмийн сангуудад хяналт шалгалт хийсэн бол нийслэлийн Эрүүл мэндийн газраас 241 эмийн сангийн захирал, дарга нартай цахимаар уулзаж, санамж бичиг байгуулсны сацуу 400 гаруй эмийн санч, жор найруулагч нарыг сургалтад хамруулж эхэлжээ. Сургалт есдүгээр сарын 5 хүртэл үргэлжлэх юм.
Хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө сургууль цэцэрлэгийн ариутгал халдваргүйтэл, засвар үйлчилгээнд онцгойлон анхаарахыг Нийслэлийн Засаг дарга сануулсны дагуу бэлтгэл ажлыг сайн хийж байгааг албаныхан онцоллоо. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт 27.747 хүүхэд шинээр элсэх бол 38.842 сурагч нэгдүгээр ангид орно. Нийт сурагчид, цэцэрлэгийн багачуудыг ая тухтай орчинд сургах, халдвар хамгааллын дэглэм сахиулах бэлтгэлийг хангахын тулд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Нийт сургууль, цэцэрлэгүүдийн 53.6 хувь нь 21 ба түүнээс дээш хоногийн ариутгалын бодисын нөөцтэй байгаа юм.
Д.Сумъяабазар: Томуугийн вакциныг яаралтай оруулж ир
Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад нийслэлчүүдийн нэгдүгээр тунгийн хамралт 74 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 69.1 хувь байна. Мөн зорилтот бүлгийн нэгдүгээр тунгийн хамралт 100 хувьд хүрч, хоёрдугаар тунгийн хамралт 96.3 хувьтай байгаа юм. Зорилтот бүлэгт жирэмсэн эхчүүд, 12-17 насны хүүхдүүд, ахмад настнууд багтаж байна. Түүнчлэн цар тахалтай зэрэгцэн хүйтэн сэрүүний улиралд дэгддэг халдварт өвчнүүд, тэр дундаа томуугаас сэргийлэх ажил ямар түвшинд байгааг Нийслэлийн Засаг дарга тодруулав. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Улирлын томуугийн вакцин хараахан орж ирж амжаагүй байна. Ирэх есдүгээр сарын 25 гэхэд оруулж ирэн, иргэдэд вакцин хийж эхэлнэ” гэсэн мэдээлэл өглөө. Засаг дарга улирлын томуугийн вакциныг яаралтай оруулж ирэн, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг үүрэг болголоо.
Эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөц бүрдүүлэхийг үүрэг болгов
Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга нарт үүрэг өглөө. Үүнд:
- Коронавируст халдварын цар тахлын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг нэмэгдүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах,
- Эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөц бүрдүүлэх, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх,
- Нийтийн тээврийн болон такси үйлчилгээний халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, техникийн аюулгүй байдалд хяналт тавих,
- Халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоог сайжруулах, харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид ажиллаж буй хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаа нарын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудтай өдөр тутмын уялдаа холбоотой ажиллах,
- Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэргийг үүрэг болголоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Холбоотой мэдээ