Авлигатай тэмцэх газраас /АТГ/ ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга И.Орхоныг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр 2021 оны наймдугаар сарын 25-ны шөнө гэрээс нь саатуулж, баривчилсан.
И.Орхон нь одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа бөгөөд түүнийг цагдан хорих 48 цагийн хугацаа хуулиараа өнгөрсөн баасан гаригт дууссан. Түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих саналаа прокуророос шүүхэд хүргүүлсэн учраас нэг сар цагдан хорихоор болжээ.
Урьдчилсан байдлаар түүнийг 10 гаруй эмч, сувилагчийг ажилд оруулах нэрийдлээр авилга, хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн үзсэн гэх мэдээлэл байгаа юм.
Өмнө мэдээлсэнчлэн ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн дарга С.Энхзаяаг АТГ-аас 48 цаг саатуулсан. Түүнийг албан тушаалаа урвуулж, худалдан авалтын гэрээ байгуулахдаа зарим компанид давуу байдал бий болгосон хэргээр шалгаж буй. Түүнийг цагдан хорих 48 цагийн хугацаа дуусаж, прокуророос түүнийг суллаж, таслан сэргийлэх өөр арга хэмжээ авчээ. Энэ мэтчилэн ХӨСҮТ болон төрийн албан тушаалтны хэргийг АТГ үргэлжлүүлэн шалгаж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ