Дархлаа дэмжих нэмэлт тунгийн талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас тодрууллаа.
–Дархлаа дэмжих нэмэлт тунд хамрагдах зорилтот бүлгийн иргэдийн дунд “Cпутник V”вакцинд хамрагдсан хүмүүсийг дархлаажуулах уу?
-Засгийн газрын худалдан авсан вакцины нөөцөд БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм үйлдвэрийн “Вероцелл”, Файзер үйлдвэрийн “Комирнэти”, "АстраЗенека" вакцин бий. Тиймээс бид өөрсдийн нөөц боломжид уялдуулан дархлаа сэргээх тунг иргэдэд санал болгож байгаа юм. Зорилтот бүлгийн 55-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй, боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, хүндэтгэх шалтгаантай иргэд, цар тахлын үед ажиллаж буй хариу арга хэмжээний багийнхан дархлаа дэмжих нэмэлт тунд хамрагдаж болно. Вакцины нөөц хангалттай бий.
–Иргэдийн хувьд дархлаа дэмжих нэмэлт тунгийн вакцинаас сонгох боломжтой. Гэхдээ “Cпутник V” вакцинд хамрагдсан иргэдэд файзер үйлдвэрийн вакцин тохиромжгүй гэдэг мэдээлэл ч цацагдсан. Вакциныг хольж болох уу?
-Дархлаа дэмжих нэмэлт тунгийн вакцин хольж тариулах боломжтой. Хэрэв АстраЗенека вакцины хоёр тунд хамрагдснаас хойш гурван сараас дээш хугацаа өнгөрсөн бол Вероцелл, Файзер аль алинаас нь сонгож болно. Мөн “Cпутник V” вакцинд хамрагдсан иргэд ч бас адилхан. Хоёр тунд хамрагдаж гурван сар болсон бол Файзер, Вероцелл вакцинаас аль нэгийг нь сонгоно. Харин дархлаа дэмжих тунд “Спутник V” вакциныг санал болгохгүй. Учир нь нөөц байхгүй. Засгийн газар худалдан авсан “Спутник V” вакцинаар иргэдийг нэг, хоёрдугаар тунд хамруулж дуусгасан.
–Covid-19 халдварын дельта хувилбар нь вакцины үр нөлөөг бууруулдаг болохыг Эрүүл мэндийн яам мэдээлсэн. Тэгвэл вакцины гурав дахь тун хэр удаан дархлааг хэр удаан тогтоох вэ?
-Вакцины дараа хүний биеийн дархлаа тогтох байдлыг нэг жил орчим гэж эрдэмтэд үзэж байна. Covid-19 халдварын дельта хувилбар тархсан үед вакцины үр нөлөө буурч байгаа учраас дархлааг дэмжих зорилгоор дархлаа сэргээх тунд иргэдийг хамруулж эхлээд байна. Цаашид дархлаа тогтоох хугацаа хэр удаан үргэлжлэх нь судалгааны үр дүнд тодорхой болох болов уу.
–Дархлаа дэмжих нэмэлт тунд зорилтот бүлгийн иргэдийг хамруулж эхэлсэн. Гэхдээ долоо хоног бүр дархлаажуулалтын хуваарийг гаргана гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Хүүхэд, залуусыг ойрын хугацаанд дархлаа дэмжих нэмэлт тунд хамруулахаар төлөвлөсөн үү?
-Covid-19 халдварын улмаас нас барсан хүмүүсийн мэдээллийг судлаж үзсэн. Нэгдүгээрт, 60-аас дээш насны хүмүүсийн дунд нас баралт их байна. Хоёрдугаарт, архаг хууч өвчтэй хүмүүс байна. Гуравдугаарт вакцинд хамрагдаагүй хүмүүс байна. Тиймээс бид эрсдэлийн үнэлгээ гаргаж эхний ээлжид 55-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг дархлаа дэмжих нэмэлт тунд хамруулахаар болсон. Цаашид нөхцөл байдлыг харгалзаж, эрсдэлийг үнэлсний дараа хүүхэд залуусыг дархлаа дэмжих нэмэлт тунд хамруулах эсэх нь тодорхой болно. Вакцинжуулалтын хүрээг өргөтгөх боломж бидэнд байна.
–Covid-19 халдвараар өвдөж эдгэсэн иргэдийг дархлаа дэмжих нэмэлт тунд хамруулах боломжгүй гэдгийг мэдээлж байсан. Үүнд хугацаа заасан уу?
-Хоёр тун вакцинд хамрагдсан ч Covid-19 халдвараар өвдөж эдгэсэн бол тухайн хүнд дархлаа дэмжих нэмэлт тунд хамруулахгүй. Цаашид дархлааны байдлыг нь судалсан үр дүнгээс шалтгаална.
Холбоотой мэдээ