Үлдсэн хүмүүст 70 мянган төгрөгийг ирэх сарын 1-нээс олгохоор ажиллаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

Үлдсэн хүмүүст 70 мянган төгрөгийг ирэх сарын 1-нээс олгохоор ажиллаж эхэлжээ

Иргэн бүрт түгээх хувь хишгийн эхлэлийг цагаан сарын өмнө хүүхдүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй олгосон. Одоогоор 1,3 сая иргэн хувь хишгээ аваад байгаа. Харин үлдсэн хүмүүст хишгийг ирэх дөрөвдүгээр сарын эхнээс олгож эхэлнэ гэсэн мэдээлэл тархжээ. Энэ талаар бид улсын Хөдөлмөр, халамж,үйлчилгээний газрын халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнтэй уулзаж ярилцлаа.

-Хувь хишгийг насанд хүрэгчдэд түгээх ажлыг  ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга мэдэгдсэн. Энэ хугацаанд хувь хишиг түгээх ажлаа  эхлүүлж амжих уу. Дэвтэр, маягтаас хэвлүүлэх зэрэг бэлтгэл ажил нь бүрэн хангагдсан гэсэн үг үү?

-Бид бэлтгэлээ хангаж эхлээд байгаа. Иргэдэд олгох дэвтэр, бүртгэлийн маягтыг хэвлэчихсэн байгаа. Дэвтэр маягтаа хөдөө орон нутаг руу илгээж эхлээд байна. Цөөн хэдхэн аймаг л үлдээд байгаа. Энэ сарын 20 гэхэд бүх аймагт дэвтрээ бүрэн хүргүүлээд, бичилт хийж, ирэх сарын 1-ний өдрөөс хувь хишгийг олгож эхлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Дэвтрийн бичилт 20-ны өдрөөс эхлэх эсэх нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргах нэрсийн жагсаалтаас шалтгаална. Нэрсийн жагсаалтыг яаравчлан өгчих юм бол бичилтээ хийгээд мөнгөө олгож эхэлнэ. Манайх өмнө нь хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн үйлчилгээ үзүүлж байсан учир бүртгэлийн ажлаа харьцангуй богино хугацаанд хийсэн. Харин энэ удаа хувь хишиг хүртэх хөдөлмөрийн чадвар бүхий насанд хүрсэн  хүмүүсийн мэдээллийн бааз манайд байхгүй. Иймд бүртгэлийн газраас гаргах нэрсийн жагсаалт, мэдээллийн баазыг үндэслэж л хувь хишгийг олгох юм.  Тэгэхээр тэднийх нэрсийн жагсаалтаа хэр түргэн хугацаанд өгөхөөс хувь хишиг олгох ажлын хугацаа шалтгаална.

-Гадаадад сурч, ажиллаж , амьдарч байгаа, цэргийн алба хааж байгаа буюу хаяг дээрээ байхгүй байгаа хүмүүст хувь хишгийг хэрхэн түгээх вэ?

-Эзгүй байгаа хүмүүсийн хувь хишгийг хуулийн дагуу итгэмжлэхээр л олгоно. Итгэмжлэхийг нотариатын хуулийн дагуу наториатчаар тогтоолгох учиртай. Наториатаар гурван тохиолдолд итгэмжлэл олгож байгаа. Нэгдүгээрт гадаадад байгаа иргэд тухайн орныхоо ЭСЯ дээр очиж  итгэмжлэхээ гаргаж Гадаад харилцааны яамаар дамжуулан Монголд ирүүлсэн тохиолдолд наториатч итгэмжлэх өгнө. Хоёрдугаарт гадаад руу явахаасаа өмнө итгэмжлэх авч болно. Мөн хэвтрийн болон наториатч дээр биеэр очих боломжгүй хүмүүсийн итгэмжлэхийг гэрээр нь очиж хийж өгч байгаа. Тухайн хүн итгэмжлэх гаргаж өгөх боломжгүй байлаа ч хувь хишгийн мөнгө Монголдоо иртэл нь хүчин төгөлдөр хадгалагдах болно гэдгийг онцлон хэлмээр байна.

-Ял эдэлж буй хүмүүст хувь хишгийг хэрхэн түгээх вэ?

-Ял эдэлж байгаа болон асрамжийн газарт байгаа хүмүүст хувь хишиг түгээх ажлыг тухайн хорих анги, асрамжийн газартай нь хамтран зохион байгуулна.

-Өнөө хэр иргэний үнэмлэхээ аваагүй, улаан паспорттайгаа яваа хүмүүс мэр сэр байдаг. Тэдэнд улаан паспортаар нь үйлчлэх үү?

-Тийм хүмүүс бий. Ялангуяа хөдөө орон нутагт цөөнгүй. Тэдний хувьд бичиг баримтын зөрчлөө арилгаж, орчин үеийн  иргэний үнэмлэхээ авсных нь дараа хувь хишгийг нь түгээнэ. Хувь хишиг түгээх ажлыг иргэний бичиг баримтын төгөлдөршилтэй зэрэгцүүлэн явуулахаар зорилт дэвшүүлсэн болохоор зөрчилтэй хүмүүст зөрчлөө арилгах шаардлага тавина.

-Огт бичиг баримтгүй хүмүүс, тухайлбал орц, траншейнаар амьдарч байгаа хүмүүст 70 мянган төгрөгийг яаж олгох вэ?

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 1100 орчим хүн орц, траншейгаар тэнүүчлэн амьдарч байна гэсэн судалгаа гарсан байсан. Эдгээр иргэдийн харъяаллыг тогтоож, дахин үнэмлэх олгож байж л 70 мянган төгрөгийг нь өгөх учиртай. Хаана ч харъяалалгүй хүн гэж байх ёсгүй.Тэдний олонх нь иргэний бичиг баримтаа гээгдүүлээд дахин аваагүй, хөдөө орон нутгаас ирээд нийслэлд бүртгүүлээгүй л хүмүүс  шүү дээ. Тиймээс харъяаллыг нь тогтоож, иргэний үнэмлэхтэй болгох л учиртай.

-Хогны мөнгөө төлөөгүй тохиолдолд хувь хишгийг нь өгөхгүй гэх зэрэг яриа гарч байсан. Энэ удаа энэ мэт саад бэрхшээл гарахгүй гэх баталгаа бий юү?

-Цагаан сарын өмнө хогны мөнгө, бууны татвар зэргийг төлөх зэрэг шаардлага тавьж, биелүүлээгүй тохиолдолд хувь хишгийг нь өгөхгүй гэсэн байсан. Энэ бол байж болохгүй зүйл. Ямар нэгэн нэмэлт шаардлага тавих, суутгал, хураамж авах ёсгүй.

-Цагаан сарын өмнө хувь хишиг түгээх ажил маш их ачаалалтай байсан. Энэ удаа хүмүүсийн дараалал түүнээс дутахгүй байх магадлалтай. Тиймээс банкууд болон танай байгууллага урьдын адил  илүү цагаар ажиллах уу?

-Банкууд гэрээний дагуу ажиллана. Манай байгууллагө ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Цагаан сарын өмнө богино хугацаанд хувь хишиг түгээх гэж маш их ачаалалтай ажилласан. Манайхан цагаан сарын өмнө бүрэн бүрэлдэхүүнээрээ илүү цагаар ажилласан. Тэглээ гээд илүү цагийн цалин хөлс нь ч олдоогүй. Өөрсдийн ажилтнуудаас гадна 257 хүнийг гэрээгээр цалинжуулан ажиллуулсан. Гэрээт ажилчин нэг бүрт 116 мянган төгрөгийн цалин өгч, улсын төсвөөс багагүй хэмжээний зарлага гаргаж байсан бол энэ удаа тэгэхгүй.  Манай системд улсын хэмжээнд 1200 гаруй ажилтан бий. Тэднийхээ 50 хувийг л хувь хишиг түгээх ажилд томилон ажиллуулна. Үлдсэн нь үндсэн ажлаа хийх болно.

-Өмнө олгосон 70 мянган төгрөгийг давхардуулсан, хуурамч бичиг баримтаар өгсөн зэрэг 78 хэрэг гарсан гэсэн. Хариуцлага алдсан хүмүүст ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Гэр бүл салалтын улмаас хүүхдүүд нь хоёр газарт  бүртгүүлснээс санамсаргүйгээр хувь хишгийг давхардуулан олгосон хэрэг хэд хэдэн газар гарсан. Мөн санаатайгаар эрүүгийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн тохиолдол ч гарсан. Эдгээр хэргүүдийг хуулийн дагуу шийдвэрлэж байгаа. Нийслэл болоод бараг бүх аймагт энэ мэт хэрэг гарсан.

-Давхардуулан олгосон мөнгийг хэн барагдуулах ёстой вэ. Давхардуулан авсан иргэд үү, эсвэл хариуцлага алдсан халамжийн байгууллагын ажилтан уу?

-Ер нь бол бид мэдсээр байж давхардуулан мөнгө авсан иргэдээр төлүүлэх чиглэл  барьж байгаа. Тухайн үед манай ажилтнууд маш их ачаалалтай ажиллаж байсан гэдэг утгаараа алдаа гаргасан байх магадлалтай.

-Төрөөгүй хүүхдэд хуурамчаар гэрчилгээ бичиж 70 мянган төгрөг авсан хэрэг гарсан гэсэн. Энэ тохиолдолд?

-Мэдээж энэ хэрэгт бол тухайн ажилтны буруу учир өөрөө төлөлгүй яахав.

-Хувь хишгийн мөнгөө хүүхдийн мөнгөний нэгэн адил  данс нээлгэн шууд байршуулж болох уу?

-Энэ бол иргэд, банкны хооронд гэрээ байгуулан шийдэх асуудал. Дээр хэлсэнчлэн хувь хишгийн мөнгөө хуримтлуулан оны сүүлийн хагаст олгох 50 мянган төгрөгтэйгээ хамтад нь авч бас болно.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж