Монголын төр Ц.Нямдоржид төлөөсгүй!

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

Монголын төр Ц.Нямдоржид төлөөсгүй!

Монголын төр Ц.Нямдоржид төлөөсгүй!

“Стратеги судлалын хүрээлэнгийн захирлын суудлаа Н.Энхбаяр голжээ. Монголын төр түүнд ямар өртэй вэ” гэж олон нийтийн сүлжээнд хэн нэгэн асуужээ. МАН-ынхан төрийн албыг түүнтэй наймцаалсан болохоос Монголын төр Н.Энхбаярт  ямар ч өргүй л дээ, уг нь.  Н.Энхбаяр ч яах вэ, хүүдээ УИХ-ын кноп, намынхандаа ганц хоёр суудал эртнээс горилж яваа хүн. Харин ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж юу хүсээ бол? Түүнд Монголын төр  жинхэнээсээ ямар өртэй билээ!

Н.Энхбаярын хүслийг гүйцэхийн тулд засагт өөрчлөлт оруулж, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг УЕП болгоод оронд нь Шадар сайд С.Амарсайханыг томилж, С.Амарсайханы суудлыг Н.Энхбаярт “бэлэглэх” тухай бор шувууг ойрын өдрүүдэд хэвлэлээр цөөнгүй нисгэв. Энэ яг Н.Энхбаярын хүсэл үү эсвэл Ц.Нямдоржийн санаархал байв уу.

Магадгүй Н.Энхбаяр эсвэл Ц.Нямдорж иймэрхүү  бор шувууд нисгэж, олны байр байдлыг тандахыг хүссэн байх.  Сүүлийн үед эрх баригчид ямар нэгэн бодлого шийдвэр гаргахаасаа өмнө сошиалд хөх шувуу нисгэн иргэдийн бодол санааг танддаг болоод удаж байгаа юм.

УИХ-ын 2020 оны сонгуулиар  Орхонд аймагт нэр дэвшин ялагдал хүлээж, Төрийн ордны хаалгаар хөөгдөөд явсан Ц.Нямдорж  гэнэтхэн тооноор орж ирээд Л.Оюун-Эрдэнийн Засгийн гал тогоог хариуцан ажиллах болсоор даруй долоон сарын нүүр үзжээ. Энэ хугацаанд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс оноосон ял шийтгэлээ эдлэж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллуулахын тулд ЗГХЭГ-ын даргын албыг ашигласнаас өөрөөр юу ч хийсэнгүй.

Ц.Нямдорж 2015 оноос хойш, сүүлийн таван жил хүн амины онц ноцтой гэмт хэрэгтнүүд болох Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг л өмгөөлж ирсэн.  Өдгөө захиалагчийн хэргийг замхруулаад зогсохгүй хэрэгтнүүдийг хэдийнээ суллаад явуулчихлаа. Товчхондоо, Ц.Нямдорж төрд байгаа цагт С.Зоригийн хэрэг илрэхгүй үнэн болж байна.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүлээ гэж хэвлэлийн хурал зарлан, ар гэрийнхнээс нь уучлалт гуйж суусан Ц.Нямдорж сайд өнөөдөр цар тахлаар 1000 шахам хүнээ алдчихаад байхад уучлалт гуйх нь бүү хэл эмгэнэл ч илэрхийлсэнгүй.  Эндээс харвал иргэд нь эмнэлгийн гадаа үхэх, эрүүдэн шүүлгэх нь Ц.Нямдоржийн эрх ашигт хамаагүй гэсэн үг. Тэгэхээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хэлсэн “Ц.Нямдорж гэдэг хүн сайд болох бүртээ энэ хэргийг шалгах Ажлын хэсгийг өөрчилж, нийт дөрвөн удаа тараасан” гэх үг үнэн  болох нь тэнэг хүнд ч ойлгомжтой болжээ. Тэр тусмаа экс тагнуулын хэлсэнчлэн  “Үеийн үед хувийнхаа эрх ашгийг намын эрх ашиг болгож ирсэн. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг ингэж завхруулах, юу ч биш болгох, гурван шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэх зайлшгүй нэг шалтаг, шалтгаан Ц.Нямдоржид байна. Улс төрийн болон далд сонирхол яах аргагүй байна” гэдэг бүүр ч үнэн бололтой.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг үндэслэн Улсын ерөнхий прокурорыг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-тай  зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилох ёстой.

Товчхондоо, Ц.Нямдоржийг Улсын Ерөнхий прокурор болох хүсэлтийг хүлээж авах эсэхийг У.Хүрэлсүх шийднэ гэсэн үг.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийгэмд шударга ёс тогтооход хараат бус, бие даасан шүүх, прокурорын байгууллага хамгийн чухал болохыг байнга хэлж, анхааруулж ирсэн хүн.  Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө ч “Хүн засагладаггүй, хууль засагладаг шударга нийгмийн төлөө ажиллахаа” амалсан билээ.

Тэгэхээр У.Хүрэлсүх арай ч тэтгэврийн насны өвгөнд Монголын прокурорын байгууллагыг базуулчихгүй байлгүй гэж найдъя. Тэгвэл  Ц.Нямдорж жинхэнээсээ улс төрд тийрэн болоод нийгэмд түйрэн тарьж чадна гэдгийг эрх биш гадарлаж байгаа байлгүй. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр  "Дорлигжав энэ хоёр гэж бие биенийхээ хэргийг дарж, хаацайлж, хуулиар түрий барьж мафижсан жинхэнэ МАНАН бүлэглэл" гэж жиргэсэн нь зүгээр нэг үг биш.

Эрх ашгийнхаа төлөө чөтгөртэй эвсэхэд бэлэн Ц.Нямдоржийн хувьд Улсын ерөнхий прокурор болох багагүй ашиг сонирхол бий аж. Тэр нь мэдээж С.Зоригийн хэрэг.  

Хэдийгээр Улсын дээд шүүхээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шоронгоос сулласан ч тэднийг алуурчин биш гэж үзээгүй. Өөрөөр хэлбэл, одоо ч  Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн сэжигтнүүд хэвээрээ. Тэдний үйлдсэн хэргийг шүүхээс прокурорт буцаасан. "Эхнээс нь эрүүдэн шүүлгүйгээр, хуулийн дагуу мөрдөж шалга аа" гэж Улсын дээд шүүх шийдвэрлэсэн юм.

Үнэндээ иргэнээ зодож яргалаж байгаа Ц.Нямдоржийн хоёр “цэрэг”-ийн дэргэд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрүүдэн шүүлт илүү “хүнлэг” талдаа байсан байх. Гээд тэднийг суллахыг тулд Ц.Нямдорж ёстой 13 мэхээ бүгдийг нь ашигласан. Адаг сүүлдээ Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатарын гараар могой бариулсан. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх 27 минутын бичлэгийг үзээд эрүү ам нь чичирсээр гарч ирсэн УИХ гишүүд иргэнээ зодож буй цагдаа нарын яргаллыг харвал өмдөө норгох биз.

ЗГХЭГ-ын амттай сайхан албан тушаалаа Улсын ерөнхий прокуророор солих хэвлэлийн шумын ард С.Зоригийн хэргийг нэг мөсөн “нам дарж авах” гэсэн Ц.Нямдорж хүсэл нуугдаж байж мэднэ. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгаж байж л Ц.Нямдоржийн санаа амрах дэг. Өнгөрсөн 5 жил С.Зоригийн хэргийн алуурчид баригдсанаас хойш, өөрийнх нь үг, үйлдлийг нь харахад бараг бүтэн нойртой хонож үзээгүй байх.  Тиймээс Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг шүүхээс хорих ялаар шийтгэсний маргааш нь нэр бүхий хэвлэлийг өмнө суулгаад "Т.Чимгээг суллаж, цагаатгах ёстой" гэсэн байр суурийг, илэрхийлж суусан хүн шүү дээ.   Түүнд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй ямар холбоо сэжим байгаа болоод талийгаачийг сүнсийг өдий хүртэл чөлөөлөхийг хүсэхгүй байна. Тэгвэл арай захиалагч нь биш байгаа?!

Эцэст нь хэлэхэд,  Н.Энхбаяр, Ц.Нямдорж гээд МАН-ын тэтгэврийн өвгөчүүлд нам нь өртэй байж болох ч Монголын төр төлөөсгүй билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж