Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.
ЕТГ-ын дарга Я.Содбаатар “2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан Ерөнхийлөгч хоёр зарлигт гарын үсэг зурсан. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэмжийг бий болгох зарлиг. Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөртөө 21-р зууны Монголын ирээдүй 2100 оюутан үндэсний хөтөлбөр санаачлахаар тусгасан. Нэг ёсондоо 330 сумаас дэлхийн шилдэг сургуулиудад хүүхдүүд суралцуулах тэтгэлэг зарлаж байгаа. Энэ тэтгэлгийн хүрээнд эхний зарлигаа гаргалаа.
Хоёрдугаарт, олон улсын олимпиадад хүүхдүүд амжилттай оролцсон. Монгол Улсын Ерөнхийлөгч олимпиадад амжилттай оролцсон баг, сурагчдыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр олон улсын олимпиадтай холбоотой тусгайлан зарлиг гаргана гэж мэдээлж байсан. Түүний дагуу өнөөдөр Засгийн газарт тусгайлан зарлиг гаргаж хүргүүлж байна” гэлээ.
Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр хоёр зарлиг гаргалаа. Нэгдүгээрт, Монгол Улсын 330 сум, есөн дүүргийн 171 хорооноос энэ жил ЭЕШ-ын шалгалт, гадаад хэл, математикийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан 504 хүүхдийг сонгон шалгаруулж, нэгдүгээрт курст суралцуулахын сацуу нэг жилийн бэлтгэл хөтөлбөрт сургаж, ирэх жил хэлний шалгалтад тэнцэж, босго давсан 50 орчим хүүхдийг дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах, 450 хүүхдийг гадаадын их, дээд сургуульд суралцуулах боломжийг олгосон зарлиг болж байна. Энэ хөтөлбөр Боловсролын зээлийн сангаар дамжиж хэрэгжинэ. Энэхүү зарлигтай холбогдуулан тэтгэлгийн журмыг Засгийн газраар шийдвэрлүүлнэ. Жил бүхэн 504 оюутныг шалгаруулна. Үндсэндээ 2001 хүүхдийг хамруулна. Хоёрдугаарт, дэлхийн оюуны олимпиадад онцгой амжилт гаргасан хүүхдүүдийг жил бүхэн урамшуулах зарлиг гарлаа. Монголчууд оюуны чадавхаар дэлхийд эхний аравт ордог. Тиймээс хүүхэд бүрийн оюуны чадавхийг сайжруулж, дэлхийн хэмжээнд өрсөлдөх түвшинд хүргэхэд дээрх зарлиг оршиж байна. Онцгой амжилт гаргасан хүүхдүүд, тэдний багш нарт энэ долоо хоногт зарлигийн дагуу шагналыг гардуулна” гэлээ.
Холбоотой мэдээ