Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдрөөс /2021.08.30/ эхлэн зорилтот бүлгийн иргэдийг нэмэлт тунгаар вакцины гуравдугаар тунд хамруулж байна. Тодруулбал, 55-аас дээш насны, боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн хүн, хавдартай хүмүүс багтаж байгаа. Үүнээс гадна:
- ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг
- Хөхүүл, жирэмсэн үедээ вакцинд хамрагдсан эмэгтэй
- Хариу арга хэмжээний багийн гишүүн болон хүндэтгэх шалтгаантай иргэд багтаж байгаа юм.
Бид дархлаажуулалтын цэгүүдэд зорилтот бүлгийн иргэд хэр идэвхтэй гурав дахь тунгаа хийлгэж байгааг тодрууллаа.
Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд байрлах шинжилгээний түр цэг болох “Family medical” эмнэлэгт ирэхэд ачаалал бага байгаа харагдлаа. Вакцин хийлгэх хүсэлтэй иргэд эмчийн үзлэгт хамрагдаж, ямар нэгэн дараалалгүйгээр вакцинаа хийлгэж байв.
ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР МАШ ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙНА
Вакцинжуулалтын урьдчилан сэргийлэх үзлэгийн эмч М.Мөнхтуул:
-Манай эмнэлэг наймдугаар сарын эхээр дархлаажуулалтын цэгээр ажиллаж байна. Өдөрт ачааллаас хамаараад 670 хүртэлх хүнийг дархлаажуулж байгаа. Нийт вакцинд хамрагдсан хүмүүсийн 90 орчим хувь нь 12-17 насныхан байгаа юм. Харин өнөөдрөөс сайн дурын дархлаажуулалтад зорилтот бүлгийн иргэдийг гуравдугаар тунд хамруулж эхэлснээр хүмүүсийн ачаалал нэмэгдсэн. Гуравдугаар тунгийн талаар иргэд харьцангуй мэдээлэл сайтай байна. Хүмүүс ихэвчлэн нэг үйлдвэрийн вакциныг гурав дахь тундаа хийлгэх хүсэлтэй байгаа ажиглагдсан. Гэхдээ халдвар аваад эдгэрсэн болон хариу урвал хүчтэй илэрсэн, харшилтай хүмүүс Астразенека вакциныг гуравдугаар тундаа хийлгэж байна. Зорилтот бүлгийн иргэд тэр дундаа цэцэрлэгийн багш, 55-аас дээш насны хүмүүс ихээр зорин ирж байгаа.
Гурав дахь тун хийлгэх иргэд Covid-19 халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шаардлагатай. Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулж байна. Дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэх дээрх зорилтот бүлгийн иргэд харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой аж.
Холбоотой мэдээ