"Hisense Үндэсний дээд лиг"-ийн аваргын төлөөх өрсөлдөөн ширүүслээ

Хуучирсан мэдээ: 2021.08.30-нд нийтлэгдсэн

"Hisense Үндэсний дээд лиг"-ийн аваргын төлөөх өрсөлдөөн ширүүслээ

"Hisense Үндэсний дээд лиг"-ийн аваргын төлөөх өрсөлдөөн ширүүслээ

Монголын хөлбөмбөгийн холбооны "Hisense Үндэсний дээд лиг"-ийн есдүгээр тойргийн сүүлийн тоглолтууд өчигдөр/2021.08.29/болж, улирлын эхний хагас өндөрлөлөө. УОК, НОК, Биеийн тамир, спортын улсын хорооны зөвшөөрлөөр, FIFA/Олон улсын хөлбөмбөгийн холбоо/ болон AFC/Азийн хөлбөмбөгийн холбоо/-ээс гаргасан зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахин, лиг үзэгчгүй болж байна.

МХБХ-ны тэмцээн зохион байгуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Цолмонбаяр:

-Хөлбөмбөгийн холбоо, PC Mall-тай хамтарч ажиллаж байгаа. Тус байгууллага “Hisense” брэндээрээ манай дээд лигийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Энэ жилийн дээд лигийн онцлог гэвэл холбоо маань 2020 онд цар тахлын үед тэмцээн уралдаан зохион байгуулах бүрэн боломжтой гэдгээ харуулж, жилийн турш туршлагажсан. Энэ жишгийн дагуу 2021 онд нийслэлийн спортын хороотой хамтран хариуцлагын гэрээ байгуулж, цар тахлын журмыг ашиглаад лигээ явуулж байна. Өнөөдрийн байдлаар 45 тоглолт явагдаад байна.

FIFA болон AFC-ийн “Football’s return”, “Covid Guideline” журмуудыг Монгол руу орчуулаад өөрсдийн баталсан цар тахлын журмын дагуу заалт бүрийг тоглолт дээр ашиглаж байна. Жишээлбэл, үзэгчгүй, хаалттай тоглолт болно, вакцины хоёр дахь тундаа хамрагдаад 14 хоног болсон албаны хүмүүсийг цэнгэлдэхэд оруулна, вакциндаа хамрагдаагүй хүн байвал PCR өгөөд 48 цаг болсон байна, тамирчид сэлгээний сандалд зайтай сууна, талбайн гурван шүүгч, 22 тоглогчоос бусад хүмүүс амны хаалт зүүнэ зэрэг багтаж байна. Одоогоор "Covid-19"-ийн халдвар илэрсэн зүйл алга.

Хөлбөмбөгийн холбоо 2020 онд дотооддоо халдвар алдаагүй байх үед ч тэмцээн хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг харуулсан. Монголд байгаа спортын холбоодтой харьцуулахад хамгийн түрүүнд спортын арга хэмжээг нээсэн холбоо. Бүтэн жилийн турш цар тахлын үеийн журмыг ашиглан 11 тэмцээн зохион байгуулсан. Тиймээс ажиллаж буй хүмүүс маань туршлагатай болсон. Үүний дагуу ч энэ жил тэмцээнээ зохион байгуулж байна.

Өчигдөр Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд дээд лигийн дөрвөн тоглолт явагдав.

 

  • Улаанбаатар 4 – 0 Улаанбаатарын Мазаалайнууд

Улаанбаатар багийн О.Баяржаргал хеттрик буюу гурван гоол оруулсан бөгөөд тэрбээр тоглолтын 8, 54, 72 дахь минутуудад гоолдов. Тоглолтын сүүлийн дөрөв дэх гоолыг талбайд сэлгээгээр орж ирсэн Б.Далайцэрэн 84 дэх минутад оруулсан.

  • Хангарьд 3 – 2 Улаанбаатар Сити

Тоглолтын эхний гоолыг 9 дэх минутад Э.Хосбаяр оруулж, Хангарьд тэргүүлж эхлэв. Хариу гоолыг Улаанбаатар Сити багийн Орос легионер Захаров 20 дахь минутад оруулж, эхний хагас 1:1-ээр өндөрлөв. Харин хоёрдугаар үеийн 78 дахь минутад Хангарьд багийн ахлагч Л.Батсүх булангийн цохилтоос гоол оруулснаар баг нь дахин тэргүүлж эхэлсэн. Удалгүй эхний гоолын эзэн Э.Хосбаяр 83 дахь тоог 3:1 болгосон бол Павел Захаров 87 дахь минутад тооны харьцааг 3-2 болгон ойртуулсан ч тоглолтонд нэмж гоол орсонгүй.

 

Тоглолтын дараа Хангарьд багийн ахлах дасгалжуулагч М.Отгонбаяр:

-Улирлын нэгдүгээр хагас маань ийнхүү өндөрлөж байна. Нэгдүгээр хагаст дундаас дээгүүр байранд бичигдье гэж бодсон. Эхний гурван тоглолтонд алдаа хийж, хожигдож, тэнцсэн. Энэ маань бидэнд тааруу үзүүлэлт болсон. Одоо үүнийгээ нөхөхийн төлөө явна. Тоглогч нарын маань зарим нэг нь ажлаас чөлөөлөгдөх боломжгүй байсан. Эрдэнэт үйлдвэр маань Монгол Улсыг тэжээж буй номер нэг үйлдвэр. Багт голдуу үйлдвэрийн тодотголтой тамирчид тоглож байна. Цар тахлын улмаас Эрдэнэт үйлдвэр тамирчдаа чөлөөлөхгүй ажлыг нь хийлгэе гэсэн зорилготой байгаа. Мөн легионер тамирчдын хувьд Японы тамирчин хоёр тоглолтын өмнө ирж, тус дэм болж байна. Нэг Орос тамирчин маань хил нэвтэрч чадахгүй байгаа. Ер нь цаашдаа оноогоо ахиулахын төлөө тоглоно доо.

Тамирчдын бэлтгэлжилт, форм гайгүй байна. Багийн тамирчид хариуцлагын гэрээ хийсэн тул эрүүл мэнд, халдвар хамгааллын дэглэмээ сахин, бэлтгэлээ хийгээд явж байгаа. Манай баг сар гаруй хугацаанд Улаанбаатар хотод байрлаж байна. Жаахан хүндрэлтэй. Гэхдээ энэ бүгдийг даван туулж, хөлбөмбөгийн холбооныхоо тавьсан шаардлагыг биелүүлэхийн тулд чармайн ажиллаж байна.

Манай багийн довтолгоо жаахан тааруу байна. Тиймээс хоёрдугаар хагаст довтолгоогоо анхаарна. Мөн тамирчдын бэртэл гэмтэлд анхаарах ёстой. Энэ жилийн лигийн хуваарь маань шахуу байгаа учир тамирчдын бие бялдар сэргэлт авах хугацаа бага байна.

Эрдэнэт үйлдвэрийн ажилчид, Эрдэнэт хотынхоо дэмжигчдэд мөн Улаанбаатар хотод суугаа багийнхаа дэмжигчдэд хандах хэлэхэд ямар ч байсан та нарынхаа итгэлийг алдахгүй, амжилт гаргахын төлөө хичээнэ. Бид нарыг байнга дэмждэг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, ажилчдад баг хамт олныхоо өмнөөс талархаж буйгаа илэрхийлье.

  • Хаан Хүнс Эрчим 1 – 2 Дэрэн

Эхний гоолыг Дэрэнгийн хамгаалагч О.Даваадэлгэр чөлөөт цохилтоос мөргөж оруулсан бол тэнцээний хоёр дахь гоолыг Хаан Хүнс Эрчим багийн хагас хамгаалагч Г.Батбилгүүн оруулсан. Хэн хожсон нь хүснэгтийн байрлалаа ахиулах сайхан боломжтой байсан тул багууд хоёрдугаар үед харилцан довтолсон сонирхолтой тоглолтыг үзүүлэв. Улмаар Дэрэн багийн Ц.Далайцэрэн тоглолтын хожлыг гоолыг оруулж, баг нь хүчтэй өрсөлдөгчөө буулган авлаа.

Тоглолтын дараа Дэрэн багийн ахлах дасгалжуулагч П.Мөнхбат:

-Улирлын эхний таван тоглолтонд хожил авах сайхан байлаа. Харин хүснэгтийг тэргүүлж буй хэдэн багийнхаа эсрэг хүнд тоглолт хийлээ. Улирлын эхний хагасыг хожлоор өндөрлүүлж байгаадаа баяртай байна. Хүүхдүүд маань ч бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн. Өмнөх хожигдсон тоглолтууддаа дүгнэлт хийн тактикийн дагуу тоглолоо. Дүгнээд хэлэхэд 6-7 оноо авах тоглолтууд байсан. Гэхдээ доошоо унаагүй байна. Өрсөлдөөнд байгаа. Дараагийн есөн тоглолтондоо чамбай байж, дээгүүр үзнэ.

Багийн бүрэлдэхүүний хувьд хүүхдүүд маань багаасаа нэг баг болчихсон. Европ, Хятадын тэмцээнүүдэд оролцоод, гаршчихсан. Тиймээс тоглогчдоо зоригжуулаад талбай дээр гаргасан. Тэд ч ах нарын эсрэг тоглохдоо хийх ёстой зүйлээ хийж байгаа залуучууд.

Миний хувьд зургадугаар сарын 15-наас эхлэн багийг удирдаж эхэлсэн. Тэрнээс өмнө Португал мэргэжилтэн багийг удирдаж байсан. Хувийн шалтгаанаар буцсан. Багийн бэлтгэл ерөнхийдөө тасраагүй, талбай дээрээ бэлтгэлээ хийж л байсан. Формоо ч алдаагүй, сайн байгаа.

Манай хамгаалалт сайн байгаа. Довтолгоо, дундын шугамдаа л анхаарна.

 

 

  • СП Фалконс 4 – 1 Хоромхон

Тоглолтын 37 минутад СП Фалконс клубээс М.Жансерик, 45, 51 минутуудад Давид Савиола нар гоол оруулсан бол Хоромхон клубээс Япон тоглогч Ватанабэ Цүкаса нэг гоол оруулсан ч тооны харьцааг ойртуулж чадалгүй 90+2 минутад М.Батхишиг нэмж гоол оруулснаар 4-1 харьцаатайгаар СП Фалконс ялалт байгууллаа.

"Hisense Үндэсний Дээд Лиг"-ийг есдүгээр тойргийн дараах байдлаар Атлетик 220 клуб 21 оноотойгоор тэргүүлж байна. Дээд лигийн 10-р тойргийн тоглолтууд есдүгээр сарын 08-ны өдөр үргэлжлэн явагдах болно.
Лигийн мэргэн буучдын жагсаалтыг есдүгээр тойргийн дараах байдлаар Атлетик 220 клубийн довтлогч Н.Наранболд 10 гоолтойгоор тэргүүлж байгаа бол түүний араас СП Фалконс клубийн Давид Савиола 8 гоолтой бичигдэж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж