Үе үеийн хотын дарга нар утаа түгжрэлийг бууруулах, үгүй болгох талаар “үлгэр” зохиож хотын хөгжил ярьсаар удлаа. Улаанбаатар хотын 35 дахь даргаар томилогдсон Д.Сумъяабазар өөрийгөө өдөр шөнөгүй пиардахаас гадна хэвлэлд өгсөн ярилцлага бүртээ сайн ажиллаж буйгаа онцолдог “имижтэй” боллоо. Бодит байдал дээр Улаанбаатар хурдны зам, метротой болох нь бүүхэл алхах газар, амьд явах баталгаа алга.
Нэг л их гудамж талбайг тохижуулан дүр эсгэх хотын удирдлагууд "хөөсөрсөн, хөөрсөн" пиараасаа ангижраад хөрсөн дээрээ буух цаг болжээ. Өөрөөр хэлбэл, "Өглөөний гудамж" нээлээ гээд хотын олон асуудлыг шийдчихгүй. Бүтэн жил шахам хөл хорионд "тэнгэр ширтэж" суусан дарга нар сургууль цэцэрлэг эхлэхтэй зэрэгцээд зам талбайг шинэчилж, засах ажилд оржээ. Бөөн тоос, шороо. Энд ч ухсан нүх, тэнд ч таглаагүй орхисон траншейн. Хэзээ нэг өдөр хэн нэгэн хүн ухаж, төнхөөд орхисон нүхэнд нь унаад бэртлээ, амь насаа алдлаа гэхэд гайхах зүйлгүй.
Хотын гудамж талбайд тав алхаад л таггүй, хагас тагласан траншейнд унах аюул таныг, бидний үр хүүхдийг отож байна. Тоглохоор гэрээсээ гараад сураггүй болсон хүү траншейны нүхэнд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг хоёр жилийн өмнө гарч байлаа. Мөн л жилийн өмнө Дүнжингарав орон сууцны хорооллын орцны үүдэн дэх траншейны нүхэнд том хүн, хүүхэд унаж хүнд бэртэж байв. Энэ мэт хариуцлагагүйн хар сүүдэр Монголын нийгмийг бүхэлд нь нөмрөөд удаж буй.
Хүн амынх нь дийлэнх төвлөрсөн нийслэлд хүүхдийн аюулгүй амьдрах орчин ч алга. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд хүйтний улирал хаяа залгаж эрт гэгээ тасардаг. Оройн цагаар хичээлээ тарсан багачууд таглаагүй траншейнд унаж бэртэх, амь насаа алдахыг ч үгүйсгэхгүй.
Нэг үеэ бодвол хотын гудамжнаа цэвэр, бохир ус, дулаан, холбооны гэх мэт дэд бүтцийн бүхий л байгууламжид зориулсан траншейны нүхийг битүүлсэн. Гэвч энэ нь хангалтгүй. Ёстой л нүглийн нүдийг гурилаар хуурна гэдгийн үлгэр болж байна гэхэд хилсдэхгүй.
Орон сууц, тоглоомын талбай, захын хорооллоор таглаагүй онгорхой нүх энд тэндгүй бий. Хариуцдаг эзэнтэй атал эзэнгүй мэт траншейны нүхийг уг нь шалгадаг аж. Холбогдох албаны хүмүүсийн хэлснээр жилд 49 мянга орчим газар доорх худаг сувагчлалын таглааг хянадаг атал урт гартнууд тэсгээдэггүй гэнэ. Учир нь нэг таглаа нь 120 мянган төгрөгийн үнэтэй тул захын хорооллоор энэ төрлийн хулгайч цөөнгүй. Мэдээж амар хялбар аргаар мөнгө олох гэсэн ашиг хайсан хэсэг бүлэг хүмүүсийн балгийг үгүйсгэхгүй. Нөгөөтээгүүр “урт гарт”-нуудад алдаагаа тохдог ажилдаа хариуцлагагүй сэтгэлгүй ханддаг хүмүүсийн балгаар дахиад хэдэн хүүхэд эрүүл мэнд амь насаараа хохирох ёстой вэ.
Өдөр бүр хүүхэд ямар нэг байдлаар гэмтэж амиа алдаж болзошгүй аюултай орчинд өсч байхад хотын дарга нь метро, хурдны замаар хотын хөгжлийг харж, мөрөөдөж сууна. Амьдрал дээр өдөр бүр хүүхэд гэмтэж, хохирч байхад юун хотын хөгжил.
Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эмч М.Мөнхдэлгэр “Хүүхэд бэртэж гэмтэх тохиолдол буурахгүй байгаа нь орчны аюулгүй байдал, эцэг, эхийн хараа хяналт, хариуцлагатай шууд холбоотой асуудал” гэв. Тус төвийн мэдээлснээр эмнэлгийн тусламж авч буй хүмүүсийн гурван хүн тутмын нэг нь хүүхэд. Улирлаас хамаарахгүй гэмтлийн тэргүүлэх шалтгааныг уналт эзэлдэг бөгөөд 0-16 насны хүүхдийн гэмтэл их аж. Ийм байхад хотын дарга та утаа түгжрэлийг бууруулах, бүтээн байгуулалт ярихаас урьтаад эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхэд анхаарна биз. Хотын хөгжил хурдны зам, метро, дүүжин тээвэр, нүглийн нүдийг гурилаар хуурсан “өглөөний гудамж”-аар хэмжигдэхгүй. Эрүүл аюулгүй орчинд ая тухтай амьдрах, тайван алхаж гишгэх газартай гудамжнаас хотын хөгжил эхэлнэ.
Холбоотой мэдээ