Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв жилийн дөрвөн улиралд ачаалалтай байдаг эмнэлгүүдийг тэргүүлдэг. Учир нь Эрүүл мэндийн даатгалаар иргэд шүдээ эмчлүүлэх сонирхолтой байдаг учраас цахимаар цаг олгодог болсон ч тус төв дээр очиж очер дугаар үүсгэх нь элбэг. Шөнөөс өглөө хүртэл дугаарлаж, машиндаа хонож байж үзлэгийн цаг авдаг үзэгдлийг зогсоож цахимжиж эхэлсэн ч шүдний өвчлөл өндөр иргэдтэй учир зохицуулалт нь зохицдоггүй бололтой. Монголд төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх технологиор эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт үзүүлдэг шүдний чанартай эмнэлэг хэмээн тус төвийг иргэд нэрлэдэг. Халдвар хамгаалалтын онцгой нөхцөлд хүн амын эрүүл ахуйн төлөө ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд аль болох тусламж шаардлагатай иргэн бүрд үйлчлэхийг зорьж буй. Гэсэн ч техникийн болоод бусад асуудлаас болж тус төвд хандах иргэд бухимдалтай байгаа аж.
Даваагаас Баасан гаригт цахимаар цаг авсан хүмүүстээ эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үзлэг хийж, амралтын хоёр өдөр төлбөртэй үзлэг эмчилгээг тогтмол хийдэг ч зорьж үйлчлүүлэх хүн их хэвээр. Учир нь төлбөртэй хэдий ч бусад хувийн эмнэлэгтэй харьцуулахад хямд. Тоотой хэдэн хүний дугаар авч 10.00-15.00 цагийн хооронд амралтын өдөр ажиллана.
Үзлэг, оношилгоо, эмчилгээ, эмч мэргэжилтнүүдийн хувьд урдаа барьдаг Шүд эрүү нүүрний төвийнхөн хичээл сургууль орох намрын өдрүүдтэй зэрэгцэн нэгэн оношилгооны аяныг зарласан нь тус эмнэлгийн цахим хуудсын ачааллыг 2-3 дахин нэмэхэд хүргэжээ.
Тодруулбал, Өнгөрсөн жилээс цаг олголт цахимжсан ч тус төвийн цахим хаяг хоногт 3000 гаруй хүн ханддаг аж. Харин цаг авах гээд чадахгүй бухимдсан иргэд төв дээр нь очиж асуухад аян зарлагдаад хоёр хоноход л цахим бүртгэлийн ачаалал хоёр дахин нэмэгдсэн учир хүлээцтэй байж, маргааш нь дахин цаг авахаар хандах боломжтой гэдэг тайлбарыг өгч буй аж. Энэ талаар иргэд цахим хуудастаа бичиж, танил хүмүүстээ цаг өгдөг, нэг гэрийн олон хүн дугаар авсан байх тохиолдол гардаг, цахимаар цаг авч өгөх үйлчилгээг төлбөртэй хийдэг хэсэг бүлэг хүн байгаа тухай бичсэн байна. Энэ талаар тус төвөөс залгаж асуухад:
-Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвөөс хичээлийн шинэ жил эхэлж байгаа өдрүүдэд 0-16 насны хүүхдүүдийн нүүр, амны эмчилгээний нэг сарын аяныг эхлүүлсэн. Долоо хоногийн Даваагаас Пүрэв гаригт хүүхдээ үзүүлэх боломжтой. Эцэг, эхчүүд хүүхдээ үзүүлэх цагаа dentalcenter.mn цахим хуудсаар авна. Цахимд хандах иргэдийн ачаалал намар илүү нэмэгддэг. Мөн аян зарлагдсантай холбоотой мэдээлэл авсан хүмүүс цаг авах гэж маш их хандаж байгаа. Тус аян есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх учир иргэд хүлээцтэй хандахыг хүсч байна. Шүд эрүү нүүрний төв дээр хийгдэж байгаа үзлэг оношилгоонд удаашралтай зүйл огт байхгүй. Цахим бүртгэл, цаг авах тал дээр иргэд олон удаа хандаж стрессдэх, бухимдах асуудал үүсч байгаа. Маш их хүн ханддаг учир зарим иргэн танил талтай хүмүүс л цаг авдаг гэсэн ташаа ойлголттой байдаг. Техникийн хувьд болон цаг олголтын тухайд жил ирэх бүрд хөгжүүлээд явдаг. Өмнө нь цаг авч үзүүлж байсан хүмүүс цахим хуудаст шууд хандаж цаг авна. Харин бүртгэл байхгүй хүмүүс чатаар болон утсаар хандаж бүртгэл үүсгэх боломжтой. Эрүүл мэндийн даатгалаар иргэн жилд гурван шүдээ эмчлүүлдэг. Түүнээс илүү гарсан зардлыг хувь хүн өөрөө төлдөг гэсэн юм.
Хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэх хүсэлтэй иргэд ирэх сарын 25-н хүртэл үзүүлэх боломжтой юм байна. Хэрэв тус төвтэй холбоотой мэдээлэл болон аян, цахимаар цаг авахтай холбоотой лавлах зүйл байвал ажлын цагаар 70112247 утсаар хандаж мэдээлэл авахыг бүртгэлийн ажилтан зөвлөлөө. Ачаалал их байдаг учир цахим хуудаст нь хандаж чат бичээд үлдээсэн ч болох аж. Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв нь Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн нүүр амны мэс засал, нүүр амны эмчилгээ, нүүр амны согог, гажиг засал чиглэлээр цогц тусламж үзүүлдэг мэргэжлийн байгууллага. Тиймээс тус төвөөр үйлчлүүлэх иргэдийн тоо жил ирэх бүрд өсдөг болохыг хэлж байв. Намрын улиралд цахимаар цаг авахаар хандаж буй иргэдийн ачаалал бүр ч өсч байгаа учраас аяны талаар болон бүртгэлийн мэдээлэл авахыг хүсвэл иргэд та бүхэн халдвар хамгаалалтын дэглэмээ баримталж, заавал биечилж ирэх шаардлагагүйг онцолсон юм. Та цахимаар болон лавлах утсаар нь холбогдож, зайлшгүй шаардлагатай тохиолдолд амралтын өдрүүдэд төлбөрт үзлэг, эмчилгээнд хамрагдах боломжтой аж.
Холбоотой мэдээ