Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн сонгуулийн сурталчилгааны ажил өчигдөр олны эсэргүүцэлтэй тулгарч, түр тасалдахад хүрчээ. Тодруулбал, түүнийг Онтарио мужийн Болтон хотод дэмжигчдийнхээ өмнө үг хэлэх гэж байхад цугласан хүмүүсийн дотроос цөөнгүй нь бүдүүлэг үг “чулуудаж” эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Либерал намын дарга Трюдо Нийтийн танхимд олонхийн суудал авахын тулд дахин сонгууль явуулахаар болсноо энэ сарын дундуур мэдэгдэж байв.
Гэвч сүүлийн өдрүүдэд түүний сонгуулийн сурталчилгааны ажлыг “Covid-19”-ийн вакцин болон хөл хориог эсэргүүцэгчид хаа саагүй дагах болсон юм. Тэр дундаа өчигдөр болсон үймээний үеэр түүний сонгуулийн ажлын автобусыг цагдаагийнхан хамгаалалтад авахад хүрчээ. Жагсагчид цар тахал хүн бүрт хүнд тусч буйг хоолойны чадлаар хэлж байв. Энэ талаар Трюдо “Бид бүгдээрээ хэцүү он жилтэй учирсан. Би эсэргүүцэгчдийн уур хилэн, бухимдал, магадгүй бас айдсыг ойлгож байна” гэжээ.
Сонгуулийн сурталчилгааг зохион байгуулагчид хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэж мэдэгдсэнээр Трюдо Болтон дахь ажиллагаагаа цуцалжээ. Түүнчлэн Трюдог Баасан гаригийн өглөө Ноблтон хотын талх нарийн боовны газарт зочлоход "Урвагч Трюдо" гэсэн бичиг барьсан хүмүүс мөн саад учруулсан байна. Үүнээс гадна Лхагва гаригт Канадын Бритиш Коламбиа мужид айлчлах үеэр нь вакцин эсэргүүцэгчид түүнийг мөн л тайван орхиогүй аж. Цугласан хүмүүс “Бид вакциныг эсэргүүцэх болно” хэмээн хашгирч байжээ.
Трюдо аялагчид болон ажилтнуудад вакцины гэрчилгээ олгох шийдвэрийг дэмжсэний улмаас сонгуулийн кампанит ажил нь ийнхүү асуудалд орох болов. Угтаа наймдугаар сарын 15-нд дахин сонгууль зарлахаас өмнө явуулсан санал асуулгаар Трюдогийн цөөн суудалтай нам олонхи болох магадлал өндөр байжээ. 2019 оны аравдугаар сард Либерал нам танхимд цөөн суудалтай болсноор мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарах болсон юм. Канадчууд ирэх есдүгээр сарын 20-ны өдөр дахин сонгуульд саналаа өгөх билээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Холбоотой мэдээ