“Хаан гэртээ эргэн ирлээ”

Хуучирсан мэдээ: 2021.08.28-нд нийтлэгдсэн

“Хаан гэртээ эргэн ирлээ”

“Хаан гэртээ эргэн ирлээ”

Европын хөлбөмбөгийн зуны солилцоо наймааны цонх “галзуу” өрнөж байна. Саяхан Лионель Месси хэзээ ч орхихгүй гэж байсан Барселона багаасаа явсан бол энэ удаад Кристиано Роналдо буурь сэлгэн гэртээ эргэн ирлээ. Өчигдөр (2021.08.27) л өдгөө 36 настай Роналдог Манчестер Сититэй нэгдэнэ гэх мэдээ эрчийг авч байсан ч хоромхон зуурын дотор бүх зүйл өөрчлөгдөж, Португал эр Манчестер Юнайтед багтай хоёр дахь удаагаа нэгдэв.

Өнөө цагийн шилдэг хөлбөмбөгийн сэтгүүлчдийн нэг Фабрицио Романогийн мэдээлж буйгаар Манчестер Сити анхнаасаа Роналдог сонирхоогүй, хувийн тохиролцоонд хүрээгүй, Ювентуст албан ёсны санал илгээгүй. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн зүгээр л ам дамжсан яриа байсан бололтой.

Роналдогийн агент Хорхе Мендес энэ наймаанд голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ердөө 20 сая еврогоор энэхүү шилжилт хийгджээ.

Ювентус багийн ахлах дасгалжуулагч Массимилиано Аллегри “Би Роналдод урам хугарахгүй байна. Тэр Ювентусээс явахыг хүссэн. Тэр сонголтоо л хийсэн. Италид гурван жилийг өнгөрүүлсний эцэст шинэ баг хайж байна. Энэ л амьдралын нэг хэсэг. Амьдрал цааш үргэлжилнэ” гэжээ.

Манчестер Юнайтед багийн албан ёсны цахим хуудаснаа “Манчестер Юнайтед баг хувийн тохиролцоо, виз, эрүүл мэндийн асуудлуудыг үндэслэн Кристиано Роналдогийн шилжилт дээр Ювентус багтай тохиролцоонд хүрсэнийг дуулгахад таатай байна. Алтан бөмбөгийн таван удаагийн эзэн Кристиано замналынхаа туршид 30 гаруй томоохон цомд түрүүлсний дотор УЕФА Аваргуудын лигийн таван цом, ФИФА Клубуудын дэлхийн аваргын дөрвөн цом, Англи, Испани, Италийн дээд лигийн долоон цом, Португалын хамтаар Европын аваргад түрүүлсэн зэрэг багтана. Тэрбээр Манчестер Юнайтед багийн төлөө 292 тоглолтод оролцож, 118 гоол оруулж байсан түүхтэй. Клубын бүхий л гишүүд Кристианог Манчестерт эргэн ирэхийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн мэдэгдэл гаргажээ.

Цахим орчинд ч хөлбөмбөгийн одод өөрсдийн сэтгэгдлээ илэрхийлж байна.

Фернандеш: Агент Бруно? Гэртээ тавтай морил, Кристиано.

Маркус Рашфорд: Wow, wow, wow, тэр гэртээ ирлээ.

Рафаэль Да Силва: Хаан гэртээ эргэн ирлээ.

Патрис Эвра “Хүмүүс ээ, одоо тайван байж болно. Тэр гэртээ ирж байна гэж хэллээ. Одоо тайвшир. Би одоо л үүнийг олон нийтэд дэлгэж чадахаар боллоо. Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн том шилжилт” хэмээн Роналдотой бичсэн зурвасаа ил болгожээ.

Эдвин ван дер Сар: Юнайтедын фэнүүд ээ яаж байна? Үргэлж мөрөөддөг байсан ч бодит болно гэж төсөөлөөгүй зүйл биеллээ оллоо. Манчестерт эргэн тавтай морил, Кристиано.

Кристиано Роналдо 2023 он хүртэл гэрээ байгуулсан аж.

2003 оны зун 19 настай залуухан Кристиано Роналдо Португалын Спортинг багаас Манчестер Юнайтед багт ирж байлаа. Домогт Сер Алекс Фергусоны удирдлага дор Мадейра арлын жаалхүү дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болж, Реал Мадрид руу зарагдсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж