"Нүүрс тээвэрлэлт түр зогссон ч зэсийн экспорт хэвийн байгаа"

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

"Нүүрс тээвэрлэлт түр зогссон ч зэсийн экспорт хэвийн байгаа"

"Нүүрс тээвэрлэлт түр зогссон ч зэсийн экспорт хэвийн байгаа"

Өмнөговь аймгийн Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрсний тээвэрлэлт 14 хоног тэг зогсолт хийгээд буй. Covid-19 халдварын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан БНХАУ энэ сарын 24-нд хилээ хааснаар нүүрсний экспорт түр зогсоод байгаа юм.  Үүнтэй холбогдуулан ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайханаас тодрууллаа.


Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрс тээврийг энэ сарын 24-өөс зогсоосон. Одоогоор нөхцөл байдал ямар байна вэ. Хил гарч байгаа жолооч нараас шинжилгээ байнга авдаггүй юм уу?

-Энэ талаарх мэдээллийг өнгөрсөн Даваа гаригийн өглөө мэдсэн. Дээрх мэдээллийг Гашуунсухайт боомтын зөвлөлөөс тодруулж асуусан. Өмнөх долоо хоногт Хятадын талд гарч шинжилгээ өгсөн жолооч нарын шинжилгээнээс эерэг хариу гарсантай холбоотой гэж байсан. Гэхдээ Ганцмод боомтод халдвар хамгаалал, ариутгалын ажлыг шалгаж ажлын хэсэг ажиллаад тодорхой үүрэг өгсөн, түүний дагуу тодорхой ажлууд хийгдэж байгаа гэсэн аман мэдээллүүд солилцсон юм билээ. Албан ёсоор мэдэгдэнэ гэсэн ч ийм мэдэгдэл ирээгүй байгаа.

Хэдийгээр нүүрс тээвэрлэлт түр зогссон ч зэсийн баяжмалын экспорт үргэлжилж байна. Нүүрс, бараа материалын гацалтыг түр зуурын асуудал болов уу гэж харж байна. Учир нь эерэг шинжилгээний хариу гарсан жолоочийг манай талд шинжлэхэд эрүүл гэж гарсан.

Мөн манайхан Ганцмод боомтынхонтой хамтарч жолооч нарыг багийн тусгаарлалтын зохион байгуулалтад оруулсанаар халдвар гарлаа гэхэд баг дотор нь тусгаарлаж, бусад багуудад тархаахгүй байж, боомтоо халдварын эрсдэл хамгийн бага байх зохион байгуулалтад орсон.

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс есдүгээр сард цар тахлын давлагаа дэгдэж болзошгүй гэдгийг сануулж байна.  Хилийн боомтуудаа “ногоон бүс”-д хадгалж, нүүрсний экспортыг гацаахгүй байхад  хэрхэн анхаарч ажиллаж байна?

-Өнгөрсөн дөрөвдүгээр  сараас хойш " Эрдэнэс Тавантолгой", "Энержи ресурс",  "Тавантолгой"-н уурхайнууд борлуулалт хийгээгүй, уртын тээвэрлэлт зогссон.

Цар тахлын улмаас Гашуунсухайт боомтоор нэвтрэх богинын тээвэр байнга саатах болсноор Цагаанхад дахь гаалийн хяналтын талбайд 9 сая тонн нүүрс Хятадын талын худалдан авагчдадаа очиж чадахгүй хүлээгдэж байна.

Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгчид болон боомтын онцгой бүрэн эрхт захиргааны удирдлага дор боомтод ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд хамтран Цагаанхад суурьшлын бүс, Гашуунсухайт боомтыг халдваргүй болгохын тулд зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх хүнийг гаргаж,  цэрэг, цагдаагийн хамгаалалт гарган, уг бүс дотор үлдсэн 1400 орчим хүнийг шинжилгээнд бүрэн хамруулсан. Үүгээр долдугаар сарын 4-нөөс хойш гурван удаа шинжлэхэд дахиж халдвар илрээгүй 28 хоносон тул Эрүүл мэндийн яамнаас гаргасан журмын дагуу аймгийн онцгой комиссоос наймдугаар сарын 4-нд “ногоон бүс” болсныг зарласан.

Өөрөөр хэлбэл, Монголд байгаа албан ёсны ганц ногоон бүс болсон учир хяналтыг алдахгүй, улам сайжруулж ажиллаж чадвал дельта хувилбар бүртгэгдэхгүй,  ногоон бүсээ хадгалах боломжтой гэж харж байна.

Бид аль болох экспортыг тасалдуулахгүйн тулд төрийн албан хаагчид, тээвэрчид бүгдээрээ хичээж чармайж ажиллах шаардлагатай байна. Ингэж чадвал уурхайнуудын борлуулалт сайжирч, орлого ашиг нэмэгдэн, улсын төсөвт орох татвар хураамж, ашигт малтмал ашигласны төлбөр тасралтгүй орох боломжтой болно. Цалин, тэтгэвэр, улсаас хэрэгжүүлдэг төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалтын санхүүжилт тасалдахгүй. Үүний тулд төрийн бүх байгууллага хичээж ажиллаж байна. Иймд эрүүл ногоон бүсээ хадгалах нь чухал болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж