Японы 14 настай усан сэлэлтийн тамирчин Миюүки Ямада S2 ангиллын 100 метрийн араар даллах тэмцээнд мөнгөн медаль хүртжээ. Ингэснээр тэрбээр улсынхаа түүхэн дэх хамгийн залуу паралимпийн медальтан болсон аж.
Мөнгөн медаль хүртсэн, Нийгата мужийн сурагч охин Ямада “Үнэхээр сэтгэл хөдөлж, баяртай байна. Үнэхээр сайхан байна. Сандарч байсан ч сэтгэл хөдлөлөө дарж, энэ мөчөөс ташаал авахыг хичээсэн. Тэгээд л өмнө нь сэлдэг л шигээ сэлж, барианд орлоо. Би өөрийгөө 100 хувь зориулахыг хичээсэн. Өөрөө өөртөө гэнэтийн бэлэг барилаа. Намайг дэмждэг хүн бүртээ ялангуяа ээж, багш хоёртоо энэхүү медалиа зориулж байна. Тэд намайг хөгжилтэй байгаарай гэсэн. Харин би тэдэнд медаль хүртсэн гэдгээ хэлмээр байна” хэмээн ярьжээ.
Ямада таван настайгаасаа эхлэн усан спортоор хичээллэж эхэлжээ.
Хоёр гаргүй, урт богино хөлтэй төрсөн Ямада 100 метр зайг хоёр минут, 26.18 секундэд туулсан бол алтан медаль хүртсэн Сингапурын тамирчин Ип Пин Шиү хоёр минут, 16.61 секундийн амжилт үзүүлсэн аж.
Алтан медалийн эзэн Ип Пин Шиү “Токиогийн усан спортын ордонд төрийн дууллаа сонсох гайхалтай мэдрэмж байлаа. Өнөөдрийн уралдаан ирэх долоо хоногт дахин уралдахад минь бэлтгэл боллоо. Үүнд ч мөн талархаж байна” гэв. Хүрэл медалийг Мексикийн Фабиола Рамирез хүртжээ.
Өдгөө 29 настай Ип Пин Шиү паралимп, дэлхийн аваргын найм дахь медалиа ийнхүү хүртэж байна.
Холбоотой мэдээ