Digital Nation -2021 | Цахим эриний хурдтай тоглогчид

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

Digital Nation -2021 | Цахим эриний хурдтай тоглогчид

Digital Nation -2021 | Цахим эриний хурдтай тоглогчид

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” энэ жилээс “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болон өргөжиж буй билээ. Засгийн газраас гаргасан “Цахим Үндэстэн” санаачилга, Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой зэрэг чухал үйл явдлуудын давхцал дээр ийнхүү салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ тутам бизнесүүд, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах гэж байна. Үүнтэй холбогдуулан цахим шилжилт, технологийн дэвшлээр салбараа манлайлж буй компаниудын төлөөлөлтэй хийсэн ярилцлагыг цувралаар хүргэж байна.

ДДЭШТВ-ИЙН МАРКЕТИНГИЙН ХЭЛТСИЙН МЕНЕЖЕР У.БЭРЦЭЦЭГ: БИД ДЭЛХИЙН СТАНДАРТААС ЗАРИМ ТАЛААРАА ТҮРҮҮЛЖ АЛХАЖ БАЙЖ Ч МЭДНЭ

Бид Монголдоо анх удаа хиймэл дагуулын телевизийн үйлчилгээ үзүүлж эхлээд 13 жил болж байна. Өнөөдрийн байдлаар хамгийн олон үзэгч, хэрэглэгчтэй компани болж төлөвшжээ.

Эх орны өргөн уудам нутгийн өнцөг булан бүрд манай үйлчилгээ хүрч, хүмүүс дэд бүтэц, шилэн кабелийн хөгжлөөс хамааралгүйгээр телевиз үзэх боломжтой болсон. Монголд Улсад харилцаа холбооны салбар байгуулагдаад 100 жил болж байна. Энэ хугацаанд ДДэшТВ хэрэглэгчдэдээ газар зүйн байршлаас үл хамааран мэдээлэл хүлээж авах ялгаваргүй, тэгш хүртээмжтэй нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь салбартаа оруулсан хувь нэмэр хэмээн бахархдаг.

Манай хиймэл дагуул дэлхийгээс 35800км-ийн зайд буюу /GEO/ тойрог замд байрладаг. Сонирхуулж хэлэхэд, эхний хоёр тойрог зам дээр дэлхийн гадаргын нягтаршил сайтай зураг авах зориулалт бүхий хиймэл дагуулууд, GPS буюу байршил тогтоох, цаг агаарын төлвийг ажиглах зориулалттай хиймэл дагуулууд байдаг юм билээ. Харилцаа холбооны хиймэл дагуул бусад хиймэл дагуулаа бодвол дэлхийгээс хамгийн хол зайд байрладаг.

2008 онд ДДэш үйл ажиллагаагаа эхлэхдээ аль хэдийн хөөрөөд 6 жил болчихсон байсан хиймэл дагуул дээр түрээсийн үйлчилгээ авч, телевизийн сувгуудаа дахин дамжуулж байлаа. Дараа нь 2017 онд Солонгосын KT Sat компанийн хиймэл дагуулд монгол улсын газар нутгийг бүрэн хамарч чадах цацрагийг захиалж хийлгэсэн. Үйлдвэрлэгч нь Франц улсын "Thales Alenia Space", хөөргөгч пуужин нь алдарт Элон Маскын “SpaceX” компаний "Falcon 9" хэмээх дахин ашиглагддаг пуужин байлаа. Ингэснээр манай үйлчилгээ илүү боловсронгуй болж, тавган антенн жижгэрч, хүлээж авах HD сувгуудын тоо нэмэгдсэн.

Одоо үйлчилгээ маань боловсронгуй болохын хэрээр бид үзүүлэх контентууддаа илүү анхаарч, хэн юу үзэх эрэлт хэрэгцээтэй байна вэ гэдгийг чухалчилж эхлээд байна. Өнөөдөр хэрэглэгч ямар технологиор юм үзэж байна гэхээс илүү ямар контент үзэж байна вэ гэдэг нь чухал болчихлоо. Тиймээс бид хот хөдөө, интернэттэй интернэтгүй ямар ч нөхцөлд үзэх кино суваг, сошиал суваг зэргийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Ингэснээр бид дэлхийн стандартаас огт хоцроогүйгээр үл барам, зарим талаараа түрүүлж алхаж байж ч магадгүй.

Энэ жил уламжлалт ICT Expo “Digital Nation” арга хэмжээ болж өргөжин зохион байгуулагдахаар бэлтгэлээ хангаж буй. Өнөөдөр мэдээллийн технологитой хамааралгүй салбар гэж байхгүй боллоо. Тэр утгаараа олон салбарыг хамарсан, том арга хэмжээ болох нь. Бидний хувьд арга хэмжээнд контентын үйлчилгээ, кино болон сошиал сувгуудаа танилцуулахаар зорьж байна.

ГОЛОМТ БАНКНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ М.САЙНБИЛИГ: ДИЖИТАЛ ҮНДЭСТЭН БОЛОХ СУУРЬ АЖЛУУДАА БИД АЛЬ ХЭДИЙН ХИЙЧИХЭЭД БАЙНА

Fintech буюу Financial technology гэдэг нь санхүүгийн үйлчилгээг технологийн үйлчилгээтэй хослуулж, илүү хялбар, инновацлаг байдлаар санхүүгийн суурь бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх арга зам. Гол зорилго нь цаг хугацаа, зардал хэмнэж, харилцагчийн сэтгэл ханамжийг хэд дахин нэмэгдүүлэхэд оршино.

Монголд финтекийн салбар сүүлийн таван жилд огцом хөгжиж байна. Төлбөр тооцоо, зээл, хадгаламж гэсэн банк санхүүгийн гурван суурь үйлчилгээ, дээрээс нь хөрөнгө оруулалтын үйлчилгээ болох блокчэйн, крипто технологи финтек хэлбэрээр хэрэглээнд нэвтэрлээ. Энэ дундаас зээлийн үйлчилгээний платформууд зарим талаараа олон улсад ч жишиг болохуйц хэмжээнд хүрээд байгаа.

Харин төлбөр тооцооны ухаалаг шийдлийг одоогийн байдлаар банкууд илүүтэй гаргаж буй. Хөрөнгө оруулалтын хувьд блокчэйн, крипто валют хөгжиж байгаа ч хувьцаа, бондын хөрөнгө оруулалт дээр ажиллах орон зай байсаар байна. Үүнийг алгасаад явчих шиг болов уу гэж би хувьдаа хардаг юм.

Энэ бүх салбарууд харилцан хамтран ажиллаж, бие биенийхээ давуу талаас суралцан цэвэр өрсөлдөөний зарчмаар ажиллаж, ахархан хугацаанд маш их зүйлийг хийж амжууллаа. Үүний үндсэн дээр финтек суурьтай үйлчилгээнүүд маш нээлттэй байдлаар хурдтай хөгжлөө. Манай банк бол үүний сайн жишээ.

Нийгэм дэх бүхий л төрлийн үйлчилгээ явж явж эцэстээ төлбөр тооцоо хийх учраас банктай л холбогддог. Бид тэр л бүх дэд бүтцийг бэлдэж, боломжит шийдлүүд, олон улсын жишигт нийцсэн мэдээллийн аюулгүй байдлыг санал болгон ажиллаж байна.

Дэлхийн хэмжээнд үзвэл, нийгэм, эдийн засгийн хувьд ижил төстэй орнуудтай харьцуулахад бид нэлээн дээгүүрт явж байгаа. Монгол залуучуууд, старт-апууд, финтек компаниуд Монголдоо биш олон улсад өрсөлдөх амбицтай байгаа нь ч үүний тод илрэл.

Үүнд улс төр, засгийн газрын шийдвэр, бодлогууд ч ээлтэй нөлөө үзүүлж байна. Нөгөө талаас манай харилцагчид, иргэд шинэ зүйлийг хүлээж авах нь хурдан.  Аль ч талаас нь харсан бид хоцроогүй.

Энэ жил “Digital Nation-2021” арга хэмжээ есдүгээр сард болох гэж байна. Бид дижитал үндэстэн болоход ойрхон, яагаад гэвэл зарим суурь ажлуудыг аль хэдийн хийчихсэн байгаа шүү дээ. Монголд интернэт хэрэглэгчдийн тоо маш өндөр. Энэ бол давуу тал. Банк санхүү, харилцаа холбооны оператор компаниуд олон улсад өрсөлдөхүйц түвшинд ажиллаж байна. Мөн старт-апууд их байна. Зөвхөн fintech биш, edutech, healthtech гээд олон салбарт оролдлого хийсээр байгаа. Тиймээс одоо бүгдээрээ нэг зүгт харж чадвал таван жилийн дотор зорилгодоо хүрэх боломжтой гэж бодож байна.

Өнөөдөр мэдээллийн технологи ашиглаагүй, дижитал эдийн засгийг харж чадаагүй компани ард хоцрох нь ойлгомжтой боллоо. Энэ цаг үед ийм өргөн цар хүрээтэй, том амбицтай арга хэмжээ зохион байгуулж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Энгийн онлайн үйлчилгээ бүгдэд л байна. Гол нь тэд хоорондоо холбогдож байж дижитал болно шүү дээ. Нийгмийн аль ч салбарын үйлчилгээг авахдаа олон аппликэйшн, олон вэб хуудсанд хандах биш, нэг дороос үйлчилгээ авч, “shared economy”-г хөгжүүлснээр дижитал шилжилт бүрэн утгаараа ирэх болно. Тиймээс бүгдээрээ уялдаа холбоотой хамтран ажиллаж, дижитал үндэстэн болъё. Энэ стратегийн хараа бол “Digital Nation-2021” гэж ойлгож байна.

ZTE КОРПОРАЦЫН МОНГОЛ ДАХЬ ОФФИСЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ З.ТУЛГУУР: АЗИ, ЕВРОПЫН ОРНУУД ХЭДИЙН 5G-Д СУУРИЛСАН ХӨГЖИЛ ГЭЖ ЯРИАД ЭХЭЛЧИХСЭН. МОНГОЛ УЛС Ч ЭНЭ ХӨГЖЛӨӨС ХОЦРОХ УЧИРГҮЙ

5G технологийг дэлхий даяар аж үйлдвэрийн 4-р хувьсгал хэмээн тодорхойлж буй. Хамгийн энгийн жишээ татахад, 5G технологи нэвтэрснээр хэрэглэгчид хүрч буй интернэтийн хурд 100 дахин нэмэгдэнэ. Гэхдээ 5G-г зөвхөн интернэтийн хурдаар хязгаарлаж болохгүй. Хоцрогдлыг арилгах буюу цаг хугацаа, орон зайн хамаарал үгүй болгож байгаа нь 5G технологийн цаад мөн чанар, хамгийн том давуу тал юм. Эрүүл мэндийн салбараар жишээ авъя л даа. Монгол орон 5G сүлжээнд холбогдчихвол Улаанбаатар хотод байгаа өндөр ур чадвартай мэс засалч роботын тусламжтайгаар алсын зайнаас мэс засал хийх боломж бүрдэнэ. Робот ашиглан зайнаас мэс засал хийх үед эмчийн өгч буй команд ганц хоёр секундээр хоцроход л өвчтөний эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй. Харин 5G-д ийм хоцрогдол байхгүй учраас л аж үйлдвэрийн 4-р хувьсгал хэмээж буй. Энэ технологи цаашид нийгмийн бүхий л салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой, тэгэх ч шаардлагатай. Ухаалаг хот, ухаалаг зам тээвэр, ухаалаг эрчим хүч, ухаалаг эрүүл мэнд гээд олон салбарт өндөр хурд, чанартай үйлчилгээг үзүүлэх боломж айсуй. Ялангуяа Монгол Улс цахим шилжилт хийхээр ярьж буй энэ цаг үед 5G нь нэн шаардлагатай технологи юм. Ингээд ярихаар “Тэгвэл бид хэзээ 5G технологийг өдөр тутамдаа ашиглаж эхлэх вэ” гэсэн асуулт хүн бүрийн толгойд эргэлдэх нь лавтай.

1985 онд үүсэн байгуулагдсанаас хойш өргөжин тэлсээр өдгөө дэлхийн 160 гаруй улсад  70 мянган ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг харилцаа, холбооны салбарын дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг ZTE корпорац Монгол Улсад 5G технологийг нэвтрүүлэхээр зорьж байна. Бид 2003 онд анх Монголд салбараа нээснээс хойш Монгол Улсын 320 гаруй сум, суурин газрыг холбосон 9000 км шилэн кабель тавих, Улаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хичээлийг алслагдмал аймаг, сумын хүүхдүүдэд онлайн хэлбэрээр хүргэх зорилготой “Шинэ зууны боловсрол” зэрэг олон чухал төслийн гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай. Манай компани 2021 оны эхний хагасын байдлаар 90 гаруй оператор компани, 500 орчим аж үйлдвэрт 5G технологийг нийлүүлэхээр хамтран ажиллаж байна.  Монгол Улсын хувьд хэзээ нэвтрүүлэх вэ гэдэг нь засгийн газраас хамаарах бодлогын асуудал тул засгийн газар оператор компаниудад 5G-ийн лицензийг олгосны дараа бидний ажил албан ёсоор эхэлнэ. Иймд ZTE корпорац одооноос 5G гэж юу болох, үүгээр дамжуулж ямар үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх боломжтой болохыг оператор компаниуд, хэрэглэгчдэдээ таниулахыг зорьж байна. Ази, Европын орнууд хэдийн 5G-д суурилсан хөгжил гэж яриад эхэлчихсэн. Монгол Улс ч энэ хөгжлөөс хоцрох учиргүй гэж бид хардаг.

Манай компани энэ жилийн “Digital Nation-2021” арга хэмжээний үеэр Харилцаа Холбооны Зохицуулах Хороотой хамтран Монгол Улсын анхны 5G демо сүлжээг байгуулж, үйлчилгээнүүдийг туршиж үзэх гэж байгаадаа баяртай байна. 5G технологи нэг талаас хязгааргүй боломжийг бий болгож буй ч нөгөөтэйгүүр гарт баригдаж, нүдэнд үзэгддэг зүйл биш учраас 5G-ийн хэрэглээ ямар байж болох вэ гэдгийг монголчуудад жишээ байдлаар үзүүлэхээр бэлдэж байна. 5G wireless-т суурилсан дрон, ухаалаг нохой, 16 HD сувгийг зэрэг дамжуулах, AR болон VR технологи, ZTE корпорацын үйлдвэрлэсэн 5G гар утас зэргийг энэ үеэр танилцуулах юм. Өмнө дурьдсанчлан 5G технологи энэ хэдхэн зүйлсээр хязгаарлахгүй гэдгийг хэрэглэгчид ойлгоосой гэж хүсэж байна. 4G иргэдийн амьдралыг өөрчилсөн технологи байсан бол 5G нь нийгмийг өөрчлөх технологи юм. Харин үүнд тулгуурлаж цааш юу бүтээх вэ гэдэг нь тухайн хувь хүн, компани, ард түмний сэтгэлгээнээс хамаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж