Чингис хот-Бэрх чиглэлийн авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

Чингис хот-Бэрх чиглэлийн авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Чингис хот-Бэрх чиглэлийн  авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Өнөөдрийн байдлаар Хэнтий аймагт хатуу хучилттай авто замын хоёр томоохон бүтээн байгуулалт өрнөж байна. Үүний нэг нь Чингис хот-Дадал чиглэлийн авто замын Бэрх хот хүртэлх 70 км авто зам юм. Замын эхний 20 км-ыг “Наранбулаг Хан”, “Анандын зам” ХХК-иудын түншлэл 2019 онд ашиглалтад оруулсан бөгөөд үргэлжлэл 50 км хатуу хучилттай авто замын ажил хийгдэж байна. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар энэ замын ажлын явцтай очиж танилцлаа.

Замын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Наранбулаг Хан” ХХК-ийн зүгээс нийт ажлын 90 хувийг гүйцэтгэсэн, далангийн ажил дууссан, 30 км замд суурь хучилтыг /асфальт/, эхний 9 км-т хоёрдугаар үеийн /асфальт/ хучилтыг хийгээд байгаа аж. Ажил нь гэрээт хугацааны дагуу чанартай, урагштай явж буйг Л.Халтар сайд сайшаасан юм. Тус компанийнхан ирэх 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл замынхаа суурь /асфальт/ хучилтыг бүрэн, эхний 25 км замын хоёрдугаар асфальтан хучилтыг хийхээр төлөвлөсөн бөгөөд ирэх оны 7 дугаар сар гэхэд Бэрх хот хүртэлх авто замыг бүрэн хүлээлгэж өгнө гэж байлаа. Харин шинэ авто зам ашиглалтад ороход ачаа хэтрүүлэн ачсан хүнд даацын авто машиныг тусдаа замаар зорчуулах зохицуулалт хийхийг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар орон нутгийн удирдлагууд болон зам засвар арчлалтын “Харгуй” ТӨХК, Авто тээврийн хөгжлийн төвийнхөнд чиглэл болголоо. Уг авто зам нь долоон метрийн өргөнтэй, цементээр бэхжүүлсэн суурь, хөлдөлтөөс хамгаалсан үе, хоёр үеийн асфальт бетон хучилттай хийгдэж байна.

Мөн тус аймагт хийгдэж байгаа авто замын өөр нэг бүтээн байгуулалт нь Бор-Өндөр сумаас Дорноговь аймгийн Даланжаргалан сум хүртэлх 50 км урттай авто хатуу хучилттай авто замын ажил юм. Гүйцэтгэгчээр нь ажиллаж буй “Билэгт зам” ХХК-ийн хувьд гэрээт хугацаандаа замыг ашиглалтанд оруулах бүрэн боломжтой гэдгээ Л.Халтар сайдад танилцуулж байв. Хамгийн гол нь шаардагдах төсвөөс дутуу байгаа 15 тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэсэн юм. Салбарын сайдын зүгээс замын өнгөн хучилт, замын тэмдэг, тэмдэглэгээ чанарын бусад стандартуудад онцгой анхаарахыг сануулаад ирэх оны төсөвт үлдэгдэл санхүүжилтыг тусгуулахыг ЗТХЯ-наас дэмжиж буйгаа хэллээ. Ер нь Хэнтий аймагт одоо хийгдэж байгаа болон цаашид эхлүүлэх авто замын бүтээн байгуулалтуудыг салбарын яамнаас бүрэн дэмжиж ажиллахаа салбарын сайд нь дээрх хоёр төслийн гүйцэтгэлтэй танилцсаныхаа дараа илэрхийлж байсан юм. Ялангуяа аймгийн Засаг дарга Ц.Идэрбатыг залуу хүний эрч хүчээр энэ асуудалд онцгой анхаарч орон нутаг, салбарын яам хоёрыг маш сайн холбож ажиллаж байгаа хэмээн Л.Халтар сайд онцолж байлаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж