Казахстаны өмнөд хэсгийн Тараз хотын ойролцоох Кайнар тосгонд байрлах цэргийн ангийн агуулахад өчигдөр орой ээлж дараалсан дэлбэрэлт боллоо. Ослын дараах ажиллагааны үеэр дөрвөн цэргийн албан хаагч амиа алдаж, хэд хэдэн хүн сураггүй болсон талаар Казахстаны Батлан хамгаалахын сайд Нурлан Ермекбаев өнөөдөр мэдэгдэв.
ОХУ-ын телевиз “RT”-ийн мэдээлснээр тус цэргийн ангийн агуулахад гал гарсны улмаас нийт зургаан удаагийн дэлбэрэлт болж, 66 хүн шархадсан бөгөөд үүнээс ноцтой гэмтэл учирсан 28 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Дэлбэрэлт дахин гараагүй ч гал одоог хүртэл дүрэлзсээр байгаа аж.
Ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа боловч тротил тэсрэгч бодис шатсаны улмаас гал гарсан гэж таамаглажээ. Ойролцоох дөрвөн тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд дээрэм тонуул гарахаас сэргийлж эргүүл гаргасан байна. Мөн ойр орчмын төмөр зам, хурдны замыг хаасан талаар батлан хамгаалах яамнаас мэдээлэв.
ЭХ СУРВАЛЖ: XINHUA
Холбоотой мэдээ