Далянийн Таваарын биржид Ганцмод боомт дахь Монголын түүхий коксжих нүүрсний үнэ өнгөрсөн долоо хоногоос 300 юаниар өсч, тонн нь 2300-2400 юань хүрчээ. Коксжих нүүрсний фьючерс үнэ сүүлийн нэг сарын хугацаанд 40 хувиар өсч, тонн нь өнөөдрийн байдлаар 2849.5 юань болсон байна.
Монгол Улсад Covid-19-ийн тохиолдол эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийг хязгаарласнаар коксжих нүүрсний үнэ ийнхүү огцом өсч байгааг “SXCoal” мэдээлжээ.
Монголын нүүрсийг ихэвчлэн гангийн үйлдвэрлэлд ашигладаг бол эрчим хүчний салбарт Индонез, ОХУ-аас авсан нүүрс хэрэглэдэг тул Гашуунсухайт-Ганцмод боомтын үйл ажиллагааг түр зогсоосон нь Хятадын цахилгаан эрчим хүчний хангамжид нөлөөлөхгүй аж.
Монгол Улсын хувьд өнгөрсөн сард БНХАУ-д 498 мянган тонн коксжих нүүрс нийлүүлсэн нь дөрөвдүгээр сараас хойших доод цэгт хүрсэн үзүүлэлт болов.
ОХУ БНХАУ-ын коксжих нүүрсний гол нийлүүлэгч болжээ. ОХУ-аас өнгөрсөн долдугаар сард БНХАУ-д нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээ 1.2 сая тонн хүрсэн байна. Үүнд БНХАУ-ын талаас Австралийн нүүрсний импортод хориг тавьж, Монголын нүүрсний тээврийг хязгаарласан нь голлон нөлөөлжээ.
Холбоотой мэдээ