1. Мөнгөн тэмдэгтийн бүтцийн өөрчлөлт гэж юу вэ?
Мөнгөн тэмдэгтийн зохистой бүтэц гэдэг нь мөнгөн дэвсгэртүүд нь төлбөрийн хэрэгслийн үүргийг гүйцэтгэхдээ хамгийн зөв зохистой хэлбэрээр оролцохыг хэлдэг ба өөрөөр хэлбэл бэлэн мөнгөний жижгээс том дэвсгэрт хүртэлх бүх нэрлэсэн дүн нь хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой.
Мөнгөн тэмдэгтийн бүтцийг зохистойгоор өөрчлөх гэдэг нь олон төрлийн ойлголтуудыг багтаадаг. Тодруулбал,
- Шинээр өндөр нэрлэсэн дүнтэй мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, бага дүнтэй мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс хасах,
- Мөнгөний реформ хийх буюу орон хасах, зоосон мөнгийг цаасан дэвсгэртээр солих, цаасан дэвсгэртийг зоосон мөнгөөр солих,
- Мөнгөн тэмдэгтүүдийн цувралыг шинэчлэх буюу загвар, хамгаалалтын элементүүдийг сайжруулан цоо шинэ мөнгөн тэмдэгтүүд гүйлгээнд гаргах зэрэг нь бүгд мөнгөн тэмдэгтийн бүтцийн өөрчлөлтөд хамаардаг.
2. Том дэвсгэрт гүйлгээнд гаргасан улс орнуудын жишээ
Улс орнуудын эдийн засаг тэлж хөгжихийн хэрээр мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг бий болгох, иргэдийнхээ эрэлт хэрэгцээг хангах зорилгоор ойролцоогоор 10 жил тутамд мөнгөн тэмдэгтийнхээ бүтцийг хянаж, шаардлагатай бол өөрчилдөг байна. Эдийн засгийн өсөлт, инфляцаас шалтгаалан мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар өөрчлөгдсөнөөр өндөр нэрлэсэн дүнтэй мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, бага дүнтэйг гүйлгээнээс татах шаардлага үүсдэг. Дэлхийн улс орнуудын том мөнгөн дэвсгэрт гаргаж байсан хугацааны давтамжийг харвал
- Өндөр орлого (high income)-той улс орнууд дунджаар 11 жил,
- Бага-дунд орлогo (lower-middle income)-той орнууд 9 жил,
- Бага орлого (low income)-той орнууд 10 жил тутамд өндөр нэрлэсэн дүнтэй мөнгөн тэмдэгт гаргадаг.
3. Мөнгөн тэмдэгтийн бүтцийг өөрчлөх нь үнэ цэнэд нөлөөтэй юу?
Мөнгөн тэмдэгтийн бүтэц өөрчлөгдөх, тэр дундаа том дүнтэй мөнгөн дэвсгэрт гүйлгээнд шинээр нэмэж гаргахад үнэ, ханшид нөлөөлөх вий гэдэг болгоомжлол түгээмэл байдаг. Гэхдээ том дүнтэй мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргахад инфляц өсдөггүй гэдэг нь эмпирик судалгаагаар нотлогдоогүй буюу практик дээр ховор үзэгдэл байна. Тухайлбал:
- Philip Hans Franses (2006) 59 улсын 40 жилийн хугацааны өгөгдөл дээрх судалгааны үр дүнд том дүнтэй мөнгөн тэмдэгт гаргах нь инфляцын түвшнийг нэмэгдүүлээгүй, харин урвуу хамааралтайг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, том мөнгөн дэвсгэрт нь инфляцын шалтгаан бус, харин үр дагавар болдог аж.
(Philip Hans Franses (2006) Empirical causality between bigger banknotes and inflation, Applied Economics Letters, 13:12, 751-752 ).
- Angelini, Paulo, & Lippi, Francesco (2007) нар еврог анх гүйлгээнд оруулах үед Италид албан статистикаар илэрхийлэгдэхгүй үнийн өсөлт үүссэн эсэх талаар судалгааг хийжээ. Иргэдийн АТМ-ээс гаргаж авсан бэлэн мөнгөний тоон өгөгдөл дээр хийсэн судалгааны үр дүнд дээрх таамаглалыг баталгаажуулах үр дүн олдоогүй буюу ‘еврог гүйлгээнд оруулснаар үнийн өсөлт ажиглагдаагүй’ гэж дүгнэжээ.
(Paolo Angelini & Francesco Lippi (2007). "Did Prices Really Soar after the Euro Cash Changeover? Evidence from ATM Withdrawals," International Journal of Central Banking, International Journal of Central Banking, vol. 3(4), pages 1-22, December.)
Монгол Улсын хувьд ч 2006 онд анх 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргах үед болгоомжлол байсан хэдий ч тухайн үед төгрөгийн үнэ цэнэд бодитоор нөлөөлөөгүй нь статистик тооноос харагддаг билээ.
Холбоотой мэдээ