Зэсийн үнэ 9300 ам.долларт хэлбэлзэж байна

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ 9300 ам.долларт хэлбэлзэж байна

Зэсийн үнэ 9300 ам.долларт хэлбэлзэж байна

Лондоны металлын бирж дээр тонн зэсийн үнэ 9300 ам.доллар орчимд хэлбэлзсэн хэвээр байна. Тус бирж дээр өнгөрсөн Пүрэв гаригт зэсийн фьючерс үнэ 0.2 хувиар буурч, тонн нь 9356 ам.доллар байсан бол Баасан гаригт 9323 ам.доллар болж буурчээ.

Зэсийн ханшийн сулралт түр зуурынх бөгөөд зэсийн зах зээлд хаягдал зэсийн нийлүүлэлт нэмэгдэхгүй бол цаашид зэсийн агуулах дахь нөөц багасч, ханш нь 20 мянган ам.долларт хүрч болзошгүйг “Bank of America”-гийн шинжээчид мэдэгдсэн билээ.

Энэ онд дэлхийн зах зээлд 186 мянган тонн зэсийн нийлүүлэлтийн хомсдол үүсч болзошгүй аж. Гэвч 2022 онд 369 мянган тоннд хүрч, түүнээс хойш нийлүүлэлт эрэлтээ давах төлөв ажиглагдаж эхэлжээ.

Олон улсын зэсийн судалгааны группийн таамаглалаар ч ирэх жилүүдэд зэсийн нийлүүлэлт эрэлтээ давах төлөвтэй байгаа аж. Тус групп энэ онд дэлхийн зэсийн олборлолт 3.5 хувиар, ирэх онд 3.7 хувиар тус тус өсөх таамаглал дэвшүүлэв. Мөн 2021 онд дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл 79 мянган тонн, ирэх онд 109 мянган тоннд тус тус хүрнэ гэж тооцоолжээ.

“BHP Group”-ийн Чили улс дахь “Cerro Colorado” зэсийн уурхайн ажилтнууд ажил хаялт зарлаж, тус компаниас тавьсан цалингийн саналаас татгалзжээ. Энэ нь нийлүүлэлт буурах эрсдэл үүсгэж, цаашид үнэ эргэн өсөхөд нөлөөлнө гэж шинжээчид үзэж байгаа аж.

“Ногоон” хөгжлийн хувьсгалд зэс тэргүүлнэ гэж үзэж буй “Goldman Sachs” банк 2025 оноос дэлхийн цэвэр эрчим хүчний хэрэглээний үлэмж өсөлт зэсийн эрэлтэд ачаалал үүсгэнэ гэж тооцоолсон билээ.

Сүүлийн нэг жил зэсийн үнэ бараг 80 хувиар өссөн ч ирээдүйд нэмэгдэх эрэлтэд өнөөгийн зах зээл бэлэн бус байгааг шинжээчид онцолж байна. Тэд ирэх дөрвөн жилд зэсийн үнэ 60 хувиар нэмэгдэж, 15 мянган ам.доллар хүрэх таамгийг ч дэвшүүлсэн. Хэрэв зэсийн ханш 9000 ам.долларт хэлбэлзвэл хоёр жилийн дараа зах зээлд бодитой хомсдол нүүрлэнэ гэжээ.

CRU-ийн Зэсийн ахлах шинжээч Эрик Хеймлих шинээр төслүүд хэрэгжихгүй тохиолдолд 2030 он гэхэд 5.9 сая тонн зэсийн хомсдол үүснэ гэж төсөөлжээ.

Монгол Улсын хувьд 2021 оны төсвөө батлахдаа зэсийн үнийг 5991 ам.доллар байхаар тооцсон. Улмаар энэ онд экспортын хэмжээг 1.43 сая тоннд хүргэн нэмэгдүүлж, 1.5 их наяд төгрөг олно гэж тооцоолсон юм. Цар тахал намжсанаар 2023 оныг дуусталх хугацаанд манай улсын эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувьтай байна гэсэн таамаглал бий. Үүнд аж үйлдвэрийн гол металл болох зэсийн ханшийн өсөлт таатай нөлөөлөл үзүүлэхээр байгааг эдийн засагчид онцолж буй юм.

Өнөөдөр дэлхийд зэсийн олборлолтоор Чилийн “Codelco” компани тэргүүлж байна. Цар тахлын улмаас өнгөрсөн онд тус компанийн үйл ажиллагаа тасалдах эрсдэл үүссэн ч дөрвөн шат бүхий арга хэмжээ хэрэгжүүлж, олборлолтоо хэвийн үргэлжлүүлжээ. Гарц нь энэ хугацаанд 1.7 сая тонн хүрсэнийг “Mining Intelligence” байгууллага онцлов.

Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компани жагсаалтын есдүгээрт бичигдэж байна. Өнгөрсөн онд тус компанийн зэсийн гарц 486.8 мянган тонн болж буурсанд цар тахлын үед төслүүдийн үйл ажиллагаа тасалдсан нь нөлөөлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж