Төрийн буруу бодлогын улмаас үндэсний 70 гаруй үйлдвэр хаалгаа барихад хүрсэн талаар "Үндэсний технологийн уур үйлдвэрлэгчдийн холбоо"-ноос өнөөдөр /2021.8.27/ мэдээлэл хийж байна.
Тус холбооны төлөөллүүдийн хэлж буйгаар барилгын материал үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэлүүд дампуурах эрсдэл өндөр болж байна. Засгийн газрын 62 дугаар тогтоолоор сайжруулсан түлшийг нийслэлийн оршин суугчид хэрэглэнэ гэж тусгасан. Технологидоо нүүрс ашиглаж үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн ажил үүнээс болж зогсоход хүрээд байна. Бид төр засгийн бодлогыг дэмжиж гаргаж байгаа. Гэсэн ч гаргасан тушаал, тогтоол шийдвэр нь дараа дараагийн хэрэгжүүлэх ажилтайгаа уялдаа холбоогүй байна. Түүхий нүүрсийг хот руу оруулахгүй гэдэг шийдвэртэй холбоотойгоор бид ШУТИС болон нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтарч судалгаа хийж үзсэн. Баяжуулсан нүүрсийг үйлдвэрлэгч нар хэрэглэх нь зардлын хувьд өндөр. Өнгөрсөн жилийн намраас хойш 73 аж ахуй нэгжийн 12 мянга гаруй ажилчин ажиллах боломжгүй нөхцөл байдалд орсон. Төр засаг Covid-19 үед жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж ажиллана гэсэн атлаа үндэсний үйлдвэрлэгчид зогсонги байдалд орж, дампуурч байна.
Тоосго, блок, хөөсөнцөр гэх мэт барилгын материал үйлдвэрлэдэг компаниуд, махны үйлдвэрүүд нүүрсээ шатааж уур үүсгэж, уураар бүтээгдэхүүнээ боловсруулж гаргадаг. Улаанбаатар хотын бүсэд сайжруулсан шахмал түлшнээс өөр түүхий нүүрсийг оруулж ирэхгүй гэсэн тогтоолоос үүдэлтэйгээр эдгээр үйлдвэрүүд шахмал түлшинд ордог митлинг гэх түүхий эдийг түлэх болсон. Гэвч зуух нь бидний технологид шаардлагатай даралт үүсгэж чадахгүй байна.
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор түүхий нүүрсийг хот руу оруулахгүй гэсэн шийдвэр гарсны дараа эрдэмтэдтэй уулзаж судлан, шахмал түлшинд орж байгаа түүхий эд митлинг нь агаарын бохирдлыг 50 хувиар бууруулна гэж үзээд үйлдвэрүүд митлингийг түлж эхэлсэн. Шахмал түлшний ард талд 95 хувь нь баяжуулсан нүүрс гэсэн бичигтэй байдаг. Тэрийг үйлдвэрлэгч бид түлж байсан. Гэвч зуух нь бидний технологид шаардлагатай даралт үүсгэж чадахгүй байна. Бид тавдугаар сараас хойш үйлдвэрлэлээ зогсоосон. Барилгын материал хомсдоод байгаа нь үүнээс улбаатай.
Манай холбоонд тоосгоны нийт зургаан үйлдвэр хамаардаг. Өнгөрсөн жил тоосго 180-250 төгрөг байсан бол 420 төгрөг болсон. Блокны үнэ болон барилгын бусад бараа, материалын үнэ ч өссөн. Хэрэв Ерөнхий сайд биднийг хүлээж авч уулзаж, асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахгүй бол талбай дээр суулт зарлаж, жагсаал хийхээс өөр сонголтгүй болж байна. Хөл хорио тогтоож, барилгын ажилд саад хийж, төвийн холболттой газруудыг хууль бусаар авч үйлдвэрлэл эрхэлж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэгчид улирлын чанартай ажилладаг учраас агаарын бохирдолд хамааралгүй. Тиймээс түүхий нүүрс, утаагүй түлшийг дахин судалж, бизнес эрхлэгчдээ дэмжихийг хүсч байна.
Холбоотой мэдээ