Монголын эдийн засгийн реформыг хэн, хэзээ дуусгах вэ? | News.MN

Монголын эдийн засгийн реформыг хэн, хэзээ дуусгах вэ?

Монголын эдийн засгийн реформыг хэн, хэзээ дуусгах вэ?

Монголын эдийн засгийн реформыг хэн, хэзээ дуусгах вэ?

Монголын эдийн засгийн реформ дууссан уу?” 2017 оны нийтлэлийн үргэлжлэл.

Тэгээд төр юм уу, хувь юм уу? Энэ асуултаа эргэж нэг сөхөх цаг боллоо. 2021 оны байдлаар дор хаяж сүүлийн 10 жилээр авч үзэхэд Монголын эдийн засаг дахь төрийн үүрэг хамгийн ихээр нэмэгдээд байна. 2020 онд гэхэд төсөвт төлсөн татвараар жагсаадаг ТОП 100 аж ахуйн нэгжийн топ гурав нь төрийн өмчит Эрдэнэт, Эрдэнэс Таван Толгой, төр хувь эзэмшдэг Оюутолгой компаниуд байна. Энэ жагсаалтын айргийн тавд тогтмол багтдаг байсан НИК, Мобиком зэрэг хувийн компаниуд хэдэн арван байраар ухарч гарах боллоо. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн хэвшлийн бүтээсэн үнэ цэнэ 2013 онд 80 хувьд хүрч оргилдоо хүрснээс хойш тогтмол буурч, 2020 онд даруй 10 жилийн өмнөхтэй тэнцэх 75 хувь руу буув. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын зарцуулалт өмнөх оны эцсийн улиралд 18 хувьд хүрсэн нь сүүлийн 10 жилд байгаагүй өндөр дүн юм.

Тоо худлаа ярьдаггүй, нэгд. Хоёрт, макро тоо ганцхан нэгж өөрчлөгдөхөд ард нь асар олон хүний амьдрал, мөрөөдөлд өөрчлөлт гарч байдаг. Монгол хүний хүсэл мөрөөдөл сүүлийн хэдэн жил улам бүр чөлөөт өрсөлдөөн, бизнесээс холдож, улам бүр төр төвтэй болж, үүнийг дагаад төрийн албаны үнэ хүнд нэмэгдэж, тэр хэрээр улстөрийн сонгууль улам үнэтэй болж нийгэм эдийн засаг бүхэлдээ тахиан хөлтэй, данхар том толгойтой болж ирлээ. Үүний ард төрийн өмчит уул уурхайн салбар дахь түүхий эдийн циклээс гадна бизнес циклээс гүнзгий цаг үеийн чиг хандлага бий. Нэгдүгээрт, дэлхийн эдийн засагт сүүлийн 50 орчим жил орлогын ялгаа хэт гүнзгийрч, зах зээлд итгэх итгэлийг их бага хэмжээнд үгүй хийсээр ирэв. Түүнчлэн  1990-ээд онд шилжилт хийсэн орнуудад зах зээлийн болон улстөрийн тогтолцоонд янз бүрийн гажуудал үүсч, эргээд төрийн оролцоог чухалчлах чиг хандлага үүссэн. Энэ талаар Монголын эдийн засаг, улстөрийн асуудлууд дэлхийн чиг хандлагаас урган гарсан нь нийтлэлд дэлгэрэнгүй өгүүлсэн. Монголын хувьд уул уурхай, банк, улстөр дамнасан баялаг, эрх мэдлийн нягтралыг МАНАН гэж нэрлэх болж, 2017-2020 оны улстөр бүхэлдээ энэ консептыг тойрон өрнөсөн билээ. МАНАН гэдэг нь Монголын нөхцөлд практик дээр бий болсон улстөрийн нэршил боловч зах зээлийг зохицуулах, төрийн өмчийг нэмэгдүүлэх зэрэг дээр дурдсан дэлхийн чиг хандлагад нийцтэй эдийн засгийн онолын маргаан ч агуулагдаж байв. Тэр утгаараа хувийн компани улсын хамгийн том нүүрсний орд Тавантолгойг авах лобби хийж, хувийн банк хамгийн том үйлдвэр Эрдэнэтийг хувьчилж авсан 2015-2016 онд МАНАН-гийн хүч оргилдоо хүрсэн бол, тэдгээр тендер болон хувьчлалыг цуцалж улсад авсан 2018-2020 онд Монголын эдийн засаг эргээд төрийн өмч төвтэй, нийгэм нь улсын төсвийн зарцуулалтаас хамааралтай хэлбэрт орсон гэж үзэж болно.

Ямар ч цаг үед түүх өөрийн дүрээ тодруулдаг. Баялаг хэт цөөн хувийн тоглогчдын гарт төвлөрсөн гажуудлыг номхотгогчийн дүрд У.Хүрэлсүх тоглох учиртай байв. Цөвүүн цагийн бурхан номхон дүрээр үл заларна гэдэг нь болжээ. Цэргийн школтой хурандаа 2020 онд парламентын сонгуульд “Шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий”, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “Баялагтаа эзэн Монгол” уриатай орсон нь бүхэлдээ өмчөө төрд эргүүлж авах ард түмний захиалга, түүнчлэн тэр баялгаас хувь хүртэх популист эрэлтийн тусгал байлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд “Нэг аймгийн газар нутагтай тэнцэх 932 лицензийг хүчингүй болгож төрд хурааж авсан” гэсэн зүйл заалт хүртэл орсон нь, ийм сурталчилгаа хийж болсон гэдэг нь Монголын эдийн засгийн түүхэнд нэг сонирхолтой хуудас болж үлдэнэ.

Эдгээр нь эдийн засаг дахь төрийн хувийн жин нэмэгдэхэд хүргэсэн тогтолцооны шинжтэй суурь хүчин зүйлс болно. 2020 оны 1 сараас пандемик эхэлж, нэгэнт асч байсан гал дээр тос асгав. Асгахдаа түүдэг гал руу хувинтай бензин цацсан мэт хар хун эффект үзүүллээ. Испанид гарсан тахлаас хойш 100 жилийн түүхэнд дэгдсэн хамгийн том тахал хэзээ хэзээнээс илүү хувь хүний болон нийгмийн амьдралд оролцох эрх, тэрийг хэрэгжүүлэхийн төлөөх мөнгийг төрд төвлөрүүлж өгөв. У.Хүрэлсүхийн Засгийн газар цар тахлын дараа эдийн засгийг сэргээх 5,1 их наяд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 10 их наядын хөтөлбөр зарлав. Урд өмнө ямар ч Засгийн газар улсын төсвийн орлогоос давсан дүнгээр сангийн бодлого зарлаж байсан удаагүй. Манан ид өтгөрч байхад хувийн банкинд очиж, дараа нь уул уурхайн популизмын ид үед 100 хувь төрийн өмч болсон Эрдэнэт үйлдвэр пандемикийн ид үед иргэдийн хувийн хэрэглээний дулаан, ус, цахилгааны мөнгийг хүртэл даах болж, адаг сүүлдээ улсын баатар болж, олон нийтийн телевизийн бүх сувгаар арилжааны зах зээлтэй өрсөлдөн сурталчилгаа явуулах болов. Олимп бол Монголын телевизүүдийн хувьд хамгийн үнэтэй контент. Хамгийн үнэтэй контентын дундуур сурталчилгаа цацах бяр хувьд биш төрд шилжиж, төрийн эдийн засаг цэнхэр дэлгэцэд, гэрийн хойморт заларсан нь тэр бөлгөө. Ер нь Эрдэнэт үйлдвэр гэдэг жижгэрүүлсэн Монгол Улс. Тэндээс манай орчин үеийн үйлдвэржилт эхэлсэн, тэнд МАНАН оргилдоо хүрсэн, тэнд төр эргээд хүчтэй болсон, одоо тэндээс жинхэнэ либерал реформ эхэлнэ. Энэ зуур пандемикийн шокоор төсвийн орлого тасалдаж, зарлага огцом нэмэгдсэнээр 2018 онд эерэг баланстай гарч байсан улсын төсөв 2020 оны эцэст 4,5 их наядын алдагдалтай гарав. Энэ дүн бараг улсын төсвийн орлогын талтай тэнцэнэ гэдэг нь төрийн өмчит компаниар тог усаа даалгаад зурагт үзэж хэвтээ монгол хүнд төдийлөн падгүй.

Одоо тэгээд яах вэ гэдэг асуулт. Нэн тодорхой нэг зүйл гэвэл монголчууд бид энэ чигтээ мөнхөд Эрдэнэтээр хэрэглээний мөнгөө даалгаад, Эрдэнэтийн сурталчилгаа үзээд хэвтэх боломжгүй. Тахиан хөлтэй, данхар толгойтой ямар биет хол замд явах билээ? Засгийн газрын өр жил тутам нэмэгдсээр энэ оны эхний улиралд 27,3 их наяд төгрөг болж дотоодын нийт бүтээгдэхүүний 100 төгрөгийн үнэ цэнэ тутамд 140 төгрөгийн өртэй цоорхой шуудай болж хувираад байна. Гадаад өрийн хувьд ч 4 доллар тутмын 1 доллар нь Засгийн газрын өр болжээ. Хувийн хөрөнгө оруулалт идэвхтэй сайн цагт 6 доллар тутмын 1 нь л улсын өр байсан үе бий.

Тахалтай тахалгүй Засгийн газруудын өр гэдэг дэлхийн эдийн засгийн толгойны өвчин юм. Өр гэдэг өрх гэрт ч, улс оронд ч, дэлхийн түвшинд  ч хямралын потенциал агуулж байдаг. Манайд хэдхэн жилийн өмнө 1,000 төгрөг байсан нэг америк доллар 2,850 болоод байгаа нь ч товчдоо өр тавьж явснаас болсон. Цаашид бид өөрчлөгдөхгүй бол эдийн засгийн зүй тогтол бол өөрчлөгдөхгүй. Доллар 1,000 нь 2,000 болж болсон шигээ 3,000, 4,000 болоод явахад тоонд тааз, өрөнд ёроол гэж үгүй. Одоо энэ уламжлалт эдийн засаг дээр нэмээд пандемикийн нөлөөллийг тооцох шаардлагатай. “Nature” сэтгүүлд 100 гаруй халдварт өвчин судлаач, эрдэмтдээс авсан судалгаагаар тэдний 90 хувь нь тахал цаашид урт хугацааны асуудал болно гэж үзсэн байв. Ердөө энэ хоёр жилд цар тахлын үеийн зарцуулалтын дүнд дэлхийд төрийн өр нийт 20 орчим триллион доллараар нэмэгджээ. Цаашид пандемик сунжрахын хэрээр Монгол төдийгүй дэлхий дахин өрийн менежментийн хүндрэл, эх үүсвэрийн хомсдолтой нүүр тулгарах болно. Одооноос алсыг харсан шинэчлэл хийхгүй бол зардал ихтэй, цоорхой шуудай шиг төр ковидын өртгийг удаан нөхөж явж чадахгүй сөхрөхөд хүрнэ.

Пандемикт нэрвэгдсэн өнгөрсөн хоёр жилийн хувьд зах зээл хөгжөөгүй байх тусмаа тухайн орны төсвийн өр улам бүр нэмэгдсэн нь нэг бодлын мэдээжийн үр дагавар байлаа. Өөрөөр хэлбэл, зах зээл буюу их бие сул байх тусмаа хамаг ачаалал толгой руугаа засгийн газарт ирж байна гэсэн үг юм. Манай Засгийн газар ч яг л энэ дүрмээр ажиллаж хэн хаашаа хэд гишгэхийг хүртэл ядуу төсвөөрөө зохицуулах гэж үзээд бүтэлгүйтсэн. Цаашид их биеэ чийрэгжүүлж, эдийн засгийн харимхай чанараа нэмэхгүй бол пандемик сунжрахын хэрээр толгой руугаа цус юүлсээр харвахад хүрнэ. Харвана гэдэг нь улстөрийн агуулгад эрх барих намын ялагдалтай агаар нэг гэдгийг сануулахад илүүц.

Яг ийм учраас төр үү, хувь уу хэмээх зуун жилийн настай асуулт яг өнөөдөр биднээс улам бүр шуурхай хариулт шаардаж байна гэсэн үг. Сайн мэдээ гэвэл бид 2019 оны арваннэгдүгээр сард,  пандемик дэгдэхээс хоёрхон сарын өмнө 3 парламент дамжиж, бараг л 20 жил гацаанд байсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталж амжсан нь ёстой л Монголын заяа гэдэг нь байсан гэхэд хилсдэхгүй. Гол нь уг өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглалын бие даасан байдал нэмэгдэж, Ерөнхий сайд өөрөө толгой дааж кабинетээ бүрдүүлэх, бодлого хэрэгжүүлэх боломж нэмэгдсэн. У.Хүрэлсүхийн хоёр дахь удаагийн кабинет уг нэмэлт, өөрчлөлтийн агуулгад бүрдсэн анхны Засгийн газар байсан ч хагас жилийн дараа огцорч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон. Тэр утгаараа Л.Оюун-Эрдэнэ зууны пандемик дэгдсэн түүхэн цаг үеийн сорилт ба Үндсэн хуулиар олгогдсон боломж дунд ажиллаж байгаа анхны Ерөнхий сайд юм.

Энэ сэдвийн цуврал нийтлэлүүдэд дэлгэрэнгүй бичиж гаргасанчлан анхнаасаа тэд ба бид болж хуваагдаж, баян ядуугийн ангал бий болж, хувийн хэвшлийн нэр хүнд унасан нь зах зээлийн буруу биш юм. Харин ч хэт хүчтэй цөөн тоглогчдоос зах зээлийг хамгаалаагүй учраас алдаа гарч өрсөлдөөн үхэж, хувийн бизнесийн фракцууд улстөрийн coercive power буюу хэт хүч нөлөөтэй, зах зээлээ дарангуйлдаг хүнд нягт масс болж хувирсан. Тийм учраас Л.Оюун-Эрдэнэ өмнөх 30 жилийн авторуудыг давах эсэх нь яг энд л шалгагдана. Нэгдүгээрт, гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд төрийг ч биш, корпорацуудыг ч биш зах зээл ба өрсөлдөөнийг хамгаалах эсэх. Хоёрдугаарт, эрх барих намын даргын хувьд улстөрийн институцид либерал зарчмуудыг нэвтрүүлэх эсэх.

Энэ хоёрхон зорилтыг хэлэх амархан, хийх амаргүй учраас л дэлхийд олон орон ардчилал ба зах зээлийн гажуудсан хэлбэрт орж, авилгад идэгдэж, орлогын ялгаа гүнзгийрч, тэр нь яваандаа нийгмийн хямрал дагуулж, бүр хурцадвал улстөрийн болон дэглэмийн тогтворгүй байдал руу унадаг хэв маяг давтагдсаар байна. Отог омог, танил талаа дагаж бүлэг болж нягтардаг, улмаар тэр бүлгээрээ эрх ашгаа хамгаалдаг нь хүний цусанд байдаг натур аж. Тийм ч учраас зах зээл ба нэгдсэн төрийг нягт зохион байгуулалттай эрх ашгийн бүлгүүдээс хамгаалж эдийн засгийн хувьд бүгдэд өрсөлдөх боломж өгөх, улстөрийн хувьд бүгдэд ардчилсан оролцооны эрх тэгш боломж өгөх нь бүх түүхийн туршид бүх лидерийг сорьдог сорилт байсаар ирсэн, байх ч болно.

Энэ сорилтыг Л.Оюун-Эрдэнэ давахгүй бол өөрөө болон МАН төдийгүй улс үндэстнээрээ түүхийн шалгалтад бүдрэхэд ойрхон санагдах боллоо. Өөрчлөгдөн хөгжиж буй ардчилсан нийгэмд урд өмнө уламжлалт нийгэмд дарагдаж байсан нийгмийн оролцооны асар их идэвх, энерги чөлөөлөгддөг. Тэдэнд шударга өрсөлдөх, улстөрд ил тод зарчмаар оролцох боломж өгөхгүй бол нэгдүгээрт авилгадах замаар системд оролцдог, тэр боломж нь байхгүй хэсэг системийн эсрэг эргэж жагсаал, бослого, үймээний хэлбэрт ордог гэсэн улстөрийн онолын дүгнэлтэд нийцтэй үзэгдлүүд сүүлийн үед манай Монголд олшрох хандлагатай болж ирлээ. Ялангуяа Монгол шиг залуу нийгэмд зах зээл зай чөлөөтэй, улстөрийн намын гишүүнчлэл, карьер хөгжлийн зарчим ил тод байхгүй бол сул чөлөөтэй залуусын энерги гудамжинд багтахаа больж нэг хэсэг нь коин хэвлэж баяжих хий мөрөөдөлд шатаж, нөгөө хэсэг нь талбай дээр гарч улс орныхоо нэгдмэл байдал, үнэт зүйлд халддаг болж, бусдын бодлогын золиос болоход ойрхон байгааг очиж очиж наадмын эсрэг явсан хөдөлгөөнөөс харж болно. Уулын бэлээр өрнөж байгаа энэ бүх өөрчлөлт хөдөлгөөнийг уулын оройгоос харж бодлого гаргах нь эрх барих Монгол Ардын Намын үүрэг. Үүнийг хийхэд МАН-ын удирдлагуудад өөрсдөд нь үзэл санаа, итгэл үнэмшил, тэрийг нь дэмжих, хэрэгжүүлэх баг хэрэгтэй.

Миний бие 2017 онд У.Хүрэлсүхийг засгийн эрх авах улстөр хийж байхад АНУ-ын ерөнхийлөгч асан Теодер Рузвелттэй жишиж бичээд дооглуулж байлаа. Гэхдээ У.Хүрэлсүх хувийн фракцуудыг номонд нь оруулах үүргээ их бага хэмжээнд ямар ч гэсэн гүйцэтгэсэн. Монголд аливаа трэнд хөлөөсөө буюу гудамжнаас эхлээд орой дээрээ буюу Ерөнхийлөгч дээр дуусдаг. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болж, өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын бодлого дор шоронд хоригдож байсан С.Баяр, М.Энхсайхан нарыг сулласнаар Монголын улстөрд тэд ба бид болж хоёр туйлд хуваагдсан бүлэг дуусгавар болж дараагийн бүлэг бичигдэж эхэлж байна. Ямар бүлэг бичмээр байгаагаа яг өнөөдөр монголчууд бид нэгэнтээ зогсоод бодож үзэх, энэ бүлгийн гол автор болох Л.Оюун-Эрдэнээс итгэл үнэмшлийг нь, хүсэл зорилгыг нь асууж өөрсдөө ч хүсэл мөрөөдлөө, хөдөлмөрлөх бүтээх эрмэлзлээ чанга дуугаар илэрхийлэх хэрэгтэй байна. Тэрээр төв талбай дээр 1990 оноос хойших хамгийн том жагсаалыг хийж, Эрдэнэтэд онц байдал тогтоож явахдаа У.Хүрэлсүхийн засаглалд бэрсийн үүрэг гүйцэтгэж өгсөн. Одоо харин Ерөнхийлөгч болж дэвшин зайлсан У.Хүрэлсүхийн оронд намын дарга болсноор өөрөө манлайлж ажиллах боломж илүү бүрдэж ирж байна. Саяхан олон нийтийн телевизээр ярилцлага өгч, хөрөнгө оруулагчдаас уучлал гуйж, харьцангуй зах зээлийн баримжаатай, хувийн хэвшлийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ гэж ярьсныг хувьдаа У.Хүрэлсүхийн лигаси, нөлөөллөөс салж, хувь лидерийн бодлогоо зарлалаа гэж харж байна. Магадгүй Бэрхийн “галч” Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ жинхэнэ утгаар либерал реформ хийсэн удирдагч болж орчин үеийн Монголын түүхэнд бичигдэх ч юм билүү хэн мэдлээ. Тэгж гэмээ нь өөрөөс нь илүү Монгол хожно. Өнөөдөртөө итгэл найдвараа цагаан дээр хараар бичиж үлдээлээ. Энэ итгэл ч бас шинэ бүлгийн нэг хуудас. Итгэж үзэхээс өөрөөр итгэж болох байсан эсэхийг мэдэх боломжгүй гэдэг дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж