Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.08.27/ мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.БАЙГАЛЬМАА:
-Covid-19 халдварын хоногт бүртгэгдэх тохиолдол наймдугаар сараас тогтмол нэмэгдсээр байна. Улсын хэмжээнд бүртгэгдэж буй халдварын нийт тохиолдлын 72.5 хувь нь орон нутагт, бусад нь нийслэлд бүртгэгдэж байна. Монгол Улсад Covid-19 халдварын дельта хувилбарт тандалт судалгааг эхлүүлсэн. Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийсэн тандалтаар энэ онд 951 сорьцод дельта хувилбар илрүүлэх PCR шинжилгээ хийсэн. Үүнээс 25 орчим хувь нь дельта хувилбар илэрсэн. Мөн 33 дугаар долоо хоног буюу наймдугаар сарын 21-ны байдлаар нийт эерэг гарсан тохиолдлын 34.7 хувьд нь дельта хувилбар илэрч, эмнэлэгт хэвтсэн. Шинж тэмдэгийн тухайд, нусгайрах, хоолой хүндүүрлэх, үнэрлэх, амтлах мэдрэхүй алдагдах, халуурах, суулгах зэрэг шинж тэмдгүүд түгээмэл буюу 50-аас дээш хувьд нь илэрч байна. Улаанбаатар хотын өвчлөлийн байдлыг авч үзвэл ирэх 14 хоногт ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд өдөрт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдол 600-аас дээш гарах магадлалтай болохыг МУИС-ийн математикийн эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан.
ВАКЦИНЫ ҮР НӨЛӨӨ БУУРВАЛ ДЕЛЬТА ХУВИЛБАРЫН ДАВЛАГАА ОРГИЛДОО ХҮРНЭ
Вакцины үр нөлөө тодорхой хэмжээгээр буурч байгаа аж. Урьдчилсан таамаглалаар өдөрт бүртгэгдэх Covid-19 халдварын тохиолдол есдүгээр сарын 20-25 хооронд 2500-3500 хүрнэ. Кластер халдварт өртсөн 5410 хүнд хийсэн дүн шинжилгээгээр 75.5 хувь нь гэр бүлийн гишүүд, 10.5 хувь нь албан байгууллага хамт олноос халдвар авчээ. “Нэг гэрт амьдардаг байх, ажил албан байгууллагаас халдварт өртөх эрсдэл хамгийн их байна. Тиймээс гэр бүл, найз нөхдөөрөө хамт хооллохгүй байх, баяр ёслол тэмдэглэхгүй байх, хаалттай орчинд амны хаалтгүй ярилцахгүй байх, ойрын зайнд удаан хугацаанд дэглэм баримтлахгүй байх, олон хүн цугласан арга хэмжээнд очихгүй байх хэрэгтэй” гэж сануулав.
2289 ХҮН ХАЛДВАР АВЧ, 4 ИРГЭН НАС БАРЖЭЭ
Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол улсын хэмжээнд 2289 хүнээс Covid-19 халдвар илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын:
- 632 нь Улаанбаатар хотод
- 1657 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас 1521 иргэн эдгэрч, гарчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 12.472 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн 13.332 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 7447
- Хүндэвтэр- 3848
- Хүнд – 980
- Маш хүнд – 197 хүн байна.
Халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-ээс дээш насны дөрвөн иргэн нас барсан байна.
ЭМЯ: Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл
ЭМЯ: Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Posted by News.mn on Thursday, August 26, 2021
Холбоотой мэдээ