Дэлхийн банк Талибаны засаглал тогтсон Афганистанд үзүүлэх тусламжаа зогсоохоор болсноо Лхагва гаригт мэдэгдлээ. Тус байгуулллага Талибанчуудын засаглал улс орны хөгжлийн хэтийн төлөв, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхэд хэрхэн нөлөөлөх талаар санаа зовниж буйгаа “BBC” агентлагт ярьсан юм.
Дэлхийн банкны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ "Бид Афганистан дахь үйл ажиллагааныхаа санхүүжилтийг түр зогсоож дотоод бодлого, журмынхаа дагуу нөхцөл байдлыг сайтар хянаж байна. Мөн олон улсын хамтын нийгэмлэг, хөгжлийн түншүүдтэйгээ өнгөрсөн хугацаанд бий болгосон ололт амжилт, Афганистаны ард түмэнд үзүүлж ирсэн дэмжлэгээ хэрхэн үргэлжлүүлэх талаар хэлэлцэнэ" гэв.
Дэлхийн Банк 2002 оноос хойш Афганистанд хэрэгжүүлж буй төслүүдэд нийт 5.3 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Өнгөрсөн долоо хоногт Олон улсын валютын сан Афганистан дахь үйл ажиллагаагаа зогсоосны дотор 370 сая ам.долларын зээлийн хөтөлбөр, “Special Drawing Right”-аас Кабулын хүлээн авах ёстой байсан 340 сая ам.долларын зээл тусламж зэрэг багтжээ.
Мөн АНУ Афганистаны төв банкинд байршиж буй өөрийн данснаас олон тэрбум ам.долларын хөрөнгийг царцааснаас гадна хилийн чанадад хадгалагдаж буй Афганистан улсын алт, бэлэн мөнгөний нөөцөд Талибанчууд гар дүрэх бололцоог хаасан билээ. ОУВС-гийн мэдээлснээр Афганистаны төв банк "Да Афганистан" улсын нөөцийн ихэнхийг буюу 9.5 тэрбум ам.долларыг олон улсад байршуулсан аж.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER