Одоогоос гурван жилийн өмнө Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа “Монголд 400 сая жуулчин хүлээн авна” гэсэн нь олны шүүмжлэлийг дагуулж байлаа. Төрсөн нутгаа хөгжүүлж, Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгож, 400 сая жуулчин татах нь том амбиц түүнд байв. Тиймээс төсвийн мөнгөний хамгийн өндөр тоо Хэнтийд тавигдаж, их хааны өлгий нутгийг аялал жуучлалын бүс нутаг болгох бүтээн байгуулалтыг эхлүүлсэн юм. Тодруулбал, Биндэр суманд Их хуралдай орд, Батноров суманд Хүлэг баатар Боорчи-Андлалын өргөө, Норовлин суманд Шихихутаг нууц товчоо түүхэн аялал жуулчлалын цогцолборуудын бүтээн байгуулалтыг өрнүүлсэн. Харамсалтай нь, түүхэн бүтээн байгуулалт нь олны хэл ам таталсан түүхий, шүүрхий зүйл ажил болоод дуусав.
Хэнтийд өрнөх бүтээн байгуулалтийг шүүмжилсэн хүмүүсийг айлгаж, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ гэдгээ хатуухан мэдэгдэж байсан Ерөнхий сайдын үг үнэнд гүйцэгдэв бололтой, өчигдөр Хэнтийн Батноров буюу өвөөгийнхөө төрсөн буйрин дээр барьсан балгасаа нураалаа. Татварын төлөгчдийн мөнгө уйлдаггүй гэж энэ. Андлалын өргөөг барихад хоёр тэрбум төгрөг зарцуулсан. Уг мөнгөөр хоёр ч цэцэрлэг өлхөн барьчихна. Гэтэл цар тахлын үед төсвийн үрэлгэн байдлаа танах байтал татвар төлөгчдийн мөнгөөр балгаж барьж гараа угаасан дарга нарт хариуцлага тооцсон хүн алга. Зүй нь төсвийн мөнгөөр балгас барьсан, бариулсан хоёр хоёулаа шийтгэл хүлээх байтал "авсан мөнгөө эргүүлээд өгчихсөн" гэх үгээр ам таглаад сууж байна. Авсан мөнгөө эргүүлж төлсөн гэх баримт нь бас баталгаатай гэдэгт итгэхэд ч хэцүү юм.
2018 онд “Андлалын өргөө”-ний зураг төслийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Эрдэмбилэг агсан гаргаж салбар яам, орон нутгийн Засаг даргын тамгын газар, "Хос санаа" компанитай гурвалсан гэрээ байгуулжээ. Барилга угсралтын ажил ид өрнөж байхад зураг төслийг зохиогч Д.Эрдэмбилэг хүнд өвчний улмаас нас барсан байна. Тиймээс зураг төслийг үргэлжлүүлэхэд хүндрэл үүсч оюуны өмчийг цуцлах санал гарч, Д.Эрдэмбилэг агсны гэргий, үр хүүхдүүдээс "Хос санаа" болон "Классик хаус" компанид оюуны бүтээлийн зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлтийг тавьжээ.
Ийнхүү гэрээг цуцалж наймдугаар сарын 25-нд “Андлалын өргөөг” нураасан гэх тайлбарыг Н.Уртнасан сайд өгчээ.
Байгаль орчин, ачлал жуулчлалын сайд хэлэхдээ “Бүтээн байгуулалтыг барьсан "Хос санаа" компани улсыг хохиролгүй болгож, төсвийн хоёр тэрбум төгрөгийг төлсөн. Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, загвар зохион бүтээгч Д.Эрдэмбилэг агсаны шавь нар хамтарч, суурин дээр нь аялал жуулчлалын чиглэлээр өөр уран бүтээл барина” гэдгийг өчигдөр /2021.08.26/ мэдэгдэв.
Хэдийгээр энэ удаад “Андлалыг өргөө"-ний бүтээн байгуулалтад оролцсон компани улсыг хохиролгүй болгож хоёр тэрбум төгрөгийг төлсөн ч татвар төлөгчдийн мөнгөөр цаашид балгас барьж "тогломооргүй" байна.
Монгол бол нэг хүнд ногдох хөшөө дурсгалаараа дэлхийд тэргүүлэх үндэстэн. "Эмнести Интернэшнл" байгууллагын 2018 оны судалгаанд дурдсанаар “Нарийвчилсан тоо гаргахад морины хөшөө 1032, бөхийн хөшөө 538, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө 341, хонь ямааны хөшөө 1652, аргаль янгирын хөшөө 123, үхэр тэмээний хөшөө 756, Чингис хааны хөшөө 27, Өэүлэн эхийн 11, нохойны 231, эвтэй дөрвөн амьтаны 26, тарваганы 25 хөшөөтэй” гэжээ. Мөн Англи улсын монголч эрдэмтэн Лаурен Жбагбо Монголд хоёр жил судалгаа явуулсаны эцэст хэлэхдээ "Монгол орны сум болгонд таван хошуу малын хөшөө байдаг. Үүн дотроо бод малын хөшөө дурсгалгүй нэг ч суурин байхгүй. Монгол бол мал аж ахуйн орон" мөн гэж онцолсон удаатай. Ерөнхийдөө хөшөө дагаж хөгжил ирдэггүй гэдгийг дурдах нь илүүц биз ээ.
Тэгээд ч асан мөнгөө буцааж өглөө гээд асуудал намжихгүй юм. Хоёр тэрбумаар захын компани ийм "жорлон" өөртөө барихгүй. Харин төсвийн мөнгөөр баригдсан Андлалын хөшөөг нурааснаар асуудал нь дуусахгүй.
Холбоотой мэдээ