Месси vs Роналдо гэх тулааныг Аваргуудын лигт дахин харах уу?

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

Месси vs Роналдо гэх тулааныг Аваргуудын лигт дахин харах уу?

Месси vs Роналдо гэх тулааныг Аваргуудын лигт дахин харах уу?

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн УЕФА Аваргуудын лигийн 2021-2022 оны улирлын хэсгийн шатны сугалаа болон өнгөрсөн улирлын шилдгүүдийг тодруулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр/2021.08.26/ явагдлаа.


Европын шилдэг 32 клуб хэсэгт хуваагдсан байдал:

  • А хэсэг – Манчестер Сити, ПСЖ, РБ Лейпциг, Клуб Бругге
  • В хэсэг – Атлетико Мадрид, Ливерпүүл, Порто, АС Милан
  • С хэсэг – Спортинг, Боруссиа Дортмунд, Аяакс, Бешикташ
  • D хэсэг – Интер Милан, Реал Мадрид, Шахтёр Донецк, Шериф Тирасполь
  • E хэсэг – Байерн Мюнхен, Барселона, Бенфика, Динамо Киев
  • F хэсэг – Виллареаль, Манчестер Юнайтед, Аталанта, Янг Бойз
  • G хэсэг – Лилль, Севилья, Ред Булл Салзбург, Вольфсбург
  • H хэсэг – Челси, Ювентус, Зенит Санкт-Петербург, Малмо

Найман хэсгийн багуудыг харахад С хэсгийг “Амьдралын хэсэг” гэж болохоор байна. Тус хэсгийн дөрвөн багийн аль ч хоёр нь хасагдах шатанд шалгарах боломжтой тун тэнцүүхэн хуваагджээ. Харин А болон В хэсгүүдэд том багуудын гал гарсан тулаанууд явагдах шинжтэй. Араб, Катарын баячуудын мөнгөөр зодсон багууд дахин нэг удаа учраа таарлаа. Өнгөрсөн улирал хоёр баг хагас шигшээд таарахад Манчестер Сити илүүрхэж, финалд шалгарсан түүхтэй. Гэхдээ энэ удаад ПСЖ-д Лионель Месси бий. Мөн өөрсдийгөө хатуу самар гэдгийг хэдийнэ харуулсан Германы РБ Лейпциг А хэсэгт байгааг мартаж болохгүй.

Сүүлд гарсан мэдээллээр Кристиано Роналдо Ювентусээс явж, Манчестер Сититэй нэгдэхийг хүсч байгаа гэнэ. Хэрэв энэ наймаа биеллээ олвол бид бүхэн Лионель Мессигийн эсрэг Кристиано Роналдо гэсэн агуу тулааныг дахин хоёр удаа үзнэ. Одоогийн байдлаар Манчестер Сити багийн зүгээс албан ёсны санал Ювентуст тавиагүй байгаа аж.

В хэсэгт Европын дөрвөн топ баг багтжээ. Хэдийгээр Атлетико Мадрид, Ливерпүүл хоёр гол фаворит харагдаж байгаа ч өнгөрсөн улирал Порто Роналдотой Ювентусыг хасч байлаа. Мөн агуу түүхтэй Италийн АС Милан баг эцэст нь байх ёстой дэвжээнээ эргэн ирж байна.

D хэсэгт багтсан Молдавын Шерифь Тирасполь баг нь түүхэндээ анх удаагаа УЕФА Аваргуудын лигт өрсөлдөх гэж байна. Сугалааны үйл ажиллагааны дараа тус багийн ахлах дасгалжуулагч Украин мэргэжилтэн Юрий Вернидуб “Итали, Испани, Украины том багуудтай тун сонирхолтой хэсэгт орлоо. Баг маань миний нутгийн Шахтёрыг хожчих юм шиг мэдрэмж төрөөд байна. Бид сайн өрсөлдөөн үзүүлэхийн тулд бүхнээ дайчлах болно. Би багийнхандаа итгэж, найдаж байгаа. Үлгэрийн мэт улирлаа аль болох удаан үргэлжлүүлнэ” гэв.

Манчестер Сити багийн спортын захирал Чики Бегиристайн “Бид өнгөрсөн улирал ПСЖ-тэй таарч тоглосон. Тэд жил бүр л сайжирдаг ялангуяа энэ зун чөлөөт агентаас том тоглогчдыг нэгтгэлээ. Тус багт буй тоглогчдын нэрс, чанарыг харахад л итгэмээргүй. Аваргуудын лиг улам л ширүүн өрсөлдөөнтэй болж байна. Пеп болон манай арын албаныхан суугаад энэ талаар ярилцсан. Энэ хэсгүүдийг хар л даа. Порто, Атлетико Мадрид, Ливерпүүл, АС Милан зэрэг багууд нэг хэсэгт байна. Эндээс харахад л хасагдах шатны өрсөлдөөн итгэмээргүй байх нь лавтай. Магадгүй зарим том багууд тэмцээнээ эрт өндөрлүүлэх байх. Энэ л өрсөлдөөн энэ тэмцээний гол татах зүйл” хэмээн ярьжээ.

Ливерпүүлийн ахлах дасгалжуулагч Юрген Клопп В хэсэгт орсон талаараа ярихдаа “Би инээсэн. Үнэхээр чанга инээсэн. В хэсэг чанга гэдэг нь харахад л ойлгомжтой байна. Энэ чинь л Аваргуудын лиг. Чи Европын шилдэг багуудтай л энд тоглох учиртай. Харин Европын шилдэг багууд нь манай хэсэгт байна. Бид өмнө Портотой тоглож байсан. Тэд биднээс хариугаа авах гээд хүлээж байгаа байх. Харин Атлетико Мадрид, АС Милантай дуусгаагүй тооцоо бидэнд бий” гэжээ.

УЕФА Аваргуудын лигийн хэсгийн шатны тоглолтууд есдүгээр сарын 14-нөөс эхлэн явагдана. Харин финалын тоглолт 2022 оны тавдугаар сарын 28-ны өдөр Санкт-Петербург хотноо болно.

Энэ өдөр өнгөрсөн улирлын Европын хөлбөмбөгийн шилдгүүд тодров.

  • Европын оны шилдэг тоглогч – Жоржиньо (Челси, Италийн шигшээ)
  • Европын оны шилдэг дасгалжуулагч – Томас Тухель (Челси)
  • УЕФА Аваргуудын лигийн оны шилдэг хаалгач – Эдуард Менди (Челси)
  • УЕФА Аваргуудын лигийн оны шилдэг хамгаалагч – Рубен Диаш (Манчестер Сити)
  • УЕФА Аваргуудын лигийн оны шилдэг хагас хамгаалагч – Н’коло Канте (Челси)
  • УЕФА Аваргуудын лигийн оны шилдэг довтлогч – Эрлин Холанд (Боруссиа Дортмунд)

Челси өнгөрсөн улирлын УЕФА Аваргуудын лигт түрүүлснээс гадна Жоржиньо Италийн шигшээ багийнхаа хамтаар Европын аваргад түрүүлсэн билээ.

Харин эмэгтэй ангиллын бүхий л шагналуудын эздээр Барселонагийн эмэгтэй багийнхан тодров.

Европын оны шилдэг тоглогч болсон Жоржиньо “Энэ чухал мөчид та нартай хамт байхгүй байгаад өршөөгөөрэй. Тусгаарлалтаас болоод очиж чадаагүйг та бүхэн мэдэж байгаа байх. Хэдийгээр очиж чадаагүй ч би энэ шагналыг авсандаа баяртай байгаагаа хэлэх гэсэн юм. Энэ шагналыг хүртэхэд минь тусалж, дэмжсэн хүн бүхэнд талархлаа илэрхийлмээр байна. Энэ гайхалтай аялалын эхнээс надтай хамт байсан гэр бүл, найз нөхөддөө, багийнхандаа, дасгалжуулагч, дэмжигч нартаа, надад итгээгүй хүн бүрт маш их баярлалаа. Та нарын ачаар л би өөрийгөө улам сайжрах ёстой гэдгийг ухаарсан. Баяртай байна. Та нартаа тэврэлт илгээе” хэмээн дүрс бичлэгтээ ярьжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж