Энэтхэгт өнгөрсөн долоо хоногт өөрийгөө шатаан егүүтгэсэн 24 настай бүсгүйн үхэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд хайнга ханддаг тус улсын хууль тогтолцоог олон нийтийн анхаарлын төвд дахин авчрав. Тодруулбал, энэ наймдугаар сарын 16-ны өдөр Дели хотын Дээд шүүхийн байрны гадаа эрэгтэй эмэгтэй хоёр хүн бензин цацан өөрсдийгөө шатаасан хэрэг гарсан билээ. Тэд амиа ингэж егүүтгэхээр хойд зүгийн Уттар Прадеш мужаас нийслэл хотыг зорин ирсэн байв. Маш гүн түлэгдсэн тэднийг нэн даруй эмнэлэгт хүргэсэн боловч эрэгтэй нь өнгөрсөн Бямба гаригт, эмэгтэй нь Мягмар гаригийн шөнө таалал төгсжээ. Тэд энэхүү харамсалтай сонголтыг хийж, амиа хорлохоосоо өмнө фейсбүүк хуудсандаа лайв хийсэн нь олны анхаарлыг хамгийн ихээр татсан юм.
Хэргийн түүхийг сөхвөөс, талийгч бүсгүй 2019 оны тавдугаар сард Бахужан Самаж намын депутат Атул Рай өөрийг нь хүчирхийлсэн талаар цагдаагийн газарт гомдол гаргаж байв. Рай үүнээс сарын дараа баривчлагдаж өнгөрсөн хоёр жилийн хугацааг шоронд ял эдлэн өнгөрүүлж буй юм. Гэвч 2020 оны арваннэгдүгээр сард хэрэгтний ах хуурамчаар гомдол мэдүүлсэн хэмээн бүсгүйг шүүхэд өгснөөр хэрэг ээдрээтэж ирэв. Бүсгүйн үгүйсгэлийг үл харгалзан шүүхээс түүнийг баривчлах тушаалыг энэ сарын эхээр гаргасан аж. Ийнхүү цөхрөлд автсан бүсгүй найз залуугийн хамтаар шүүхийн байрны гадна ирж амиа егүүтгэхээс өмнө Райг нэр нөлөөгөө ашиглан хэргийг хэрхэн будлиантуулсан болон түүнтэй сүлбэлдсэн байж болзошгүй цагдаа, хууль шүүхийн байгууллагийн эрх бүхий албан тушаалтнуудын нэрсийг зарлажээ.
Тодруулбал, өөрсдийгөө шатаахаас хэдхэн минутын өмнө хийсэн бичлэгт "Шүүхийнхэн биднийг үхэлд хүргэлээ. Тэд өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд хэргийг энэ хэмжээнд хүртэл томруулсан” гэж эмэгтэй өгүүлсэн бол "Эрх баригчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш биднийг эцэс төгсгөлгүй гүжирдлэгээр зовоолоо. Үүнийг Уттар Прадеш мужийн бүх хүн мэдэх хэрэгтэй. Бидний хийх гэж буй алхам аймшигтай бөгөөд сэтгэл өвтгөм байх хэдий ч шударга шүүхийн төлөө айдсыг мартах ёстой” гэж бүсгүйн найз залуу хэлжээ. Энэ хэрэгт холбогдуулан мужийн эрх баригчид хоёр офицерийг ажлаас нь түдгэлзүүлж, хэргийг шалгахаар болсноо мэдэгдсэн юм.
Дели хотод автобусанд зорчиж явсан 23 настай эмэгтэйг зургаан эрэгтэй бүлэглэн хүчирхийлсэн хэрэг 2012 оны арванхоёрдугаар сард гарсанаас хойш Энэтхэг даяар уг төрлийн гэмт хэрэгт эмзэг хандах болсон.
Хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хэрэг гарснаас хэд хоногийн дараа шархаа даалгүй нас барсан нь хүмүүсийг ихээр эмзэглүүлж байв. Энэ нь Энэтхэгийг төдийгүй дэлхий нийтийг донсолгож тус улсад хүчирхийллийн шинж чанартай гэмт хэргийн эсрэг хатуу хуулиудыг хэрэгжүүлэхэд хүргэсэн билээ. Хэрэгтэн таван залууд цаазын ял оноосноос дөрвийнх нь ялыг гүйцэтгэжээ. Харамсалтай нь хяналт шалгалт энэ мэтчилэн нэмэгдсэн ч эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн гэмт хэргийн тоо буурахгүй байгаа юм. Тухайлбал, Энэтхэгт 2018 онд 33977 хүчингийн хэрэг бүртгэгдсэн нь уг төрлийн хэрэг 15 минут тутамд нэг удаа гардагыг илтгэж байна. Гэвч тоо баримтад дурдалгүй үлдсэн гэмт хэрэг үүнээс олон болохыг хүний эрхийн зүтгэлтнүүд онцолжээ.
Мөн хэрэгтэн улс төрийн эрх мэдэлтэй нэгэн байх нь хуулийн хэрэгжилтэд хамгийн их саад учруулдаг талаар тэд нэмж хэлэв. Энэтхэгийн хамгийн хоцрогдсон мужуудын нэг болох Уттар Прадеш мужаас гаралтай бүсгүйн хэрэг нөлөө бүхий нэгэнтэй холбогдсон гэмт хэргийг олны анхаарлын төвд авчрахын тулд өөрийгөө шатаах замыг сонгосон анхны тохиолдол биш юм. Тухайлбал, 2018 онд эрх баригч Бхаратия Жаната намын гишүүн, хууль тогтоогч Кульдеп Сенгарын үйлдсэн хүчингийн хэрэгт цагдаа нар арга хэмжээ аваагүйн улмаас бас нэгэн бүсгүй өөрийгөө шатаах оролдлогыг хийж байв. Аз болж бүсгүйн амь эрсдээгүй юм. Гомдол гаргаснаас хойш хэдэн сарын турш Сенгар албан тушаалдаа үлдсэн төдийгүй бүс нутагтаа нэр нөлөөтэй хэвээр байжээ. Ийнхүү уг оролдлогын дараа хэргийг нийслэл Делигийн шүүхэд шилжүүлэхэд Сенгар гэм буруутай нь тогтоогдож бүх насаар хоригдох ялаар шийтгүүлсэн аж.
Өөр нэгэн тохиолдлыг дурдвал, хүчирхийлэлд өрстөн эмэгтэй мэдүүлэг өгөхөөр явах замдаа гомдол цөхрөлөө барьж дийлэлгүй өөрийгөө шатаасны улмаас бүх биеийн 90 хувь түлэгдэж гурав хоногийн дараа нас баржээ. Мөн Энэтхэгт өнгөрсөн жил Далит гэх кастын системийн доод зэрэглэлд багтдаг 19 настай охиныг дээд кастад хамаарах дөрвөн залуу бүлэглэн хүчирхийлж, амийг нь хөнөөсөн хэрэг гарахад шүүгч нарын авсан арга хэмжээ олныг бухимдуулж байв. Учир нь эрх баригчид эцэг эхийнх нь зөвшөөрөлгүйгээр охины шарилыг чандарлах шийдвэрийг гаргасан байжээ. Ийнхүү хүчингийн гэмт хэргийг таслан зогсоох цорын ганц арга нь хэрэгтэн хичнээн хөрөнгө чинээтэй, эрх мэдэлтэй нэгэн байхаас үл хамаарч зохих ялыг оногдуулдаг шударга шүүхийн тогтолцоог бүрдүүлэх ёстой гэдгийг хүний эрхийн зүтгэлтнүүд онцолсоор буй юм.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Холбоотой мэдээ