Ном унших бүрдээ “Би болоогүй байна даа” гэж боддог

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

Ном унших бүрдээ “Би болоогүй байна даа” гэж боддог

Ном унших бүрдээ “Би болоогүй байна даа” гэж боддог

-Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу. Хэзээнээс номын хоббитой болсон бэ?

-Намайг Шинэбаярын Сарнай гэдэг. Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд амьдардаг. Одоо 12 дугаар ангийн сурагч. Би их сониуч. Чадахгүй ч хийхийг оролдож үзэх дуртай. Модоор өөрийн хэмжээндээ жижиг зүйлсийн захиалга авч халаасны мөнгөө олно. Прэзер гэх сийлбэрийн машинаар сийлбэр хийх дуртай. Мөн мэргэжилтэйгээ холбоотойгоор зураг зурах чадвараа нэмэгдүүлэх гэж хичээж байгаа. Ихэвчлэн үзсэн анимэ дүрийнхээ зургаас зурдаг ч саяхнаас хар зураг оролдож эхэлсэн. Анимэ, манга үзэх унших дуртай. Илтгэх урлагаар хичээллэдэг. Ном уншихаас гадна хобби гэвэл сошиалаас харсан хоолнуудаа байгаа зүйлээрээ дуурайлгаж хийх эсвэл өөрөө зохиогоод хоол, амттан хийх дуртай. Ер нь нэгэн хэвийн байх таалагддаггүй. Мэдээж өсвөр насныханд хамгийн их хань болдог дуу хөгжмөөс хэзээ ч холддоггүй.

Наймдугаар ангиасаа номыг шимтэж уншиж эхэлсэн. Номонд дурлуулсан хүн бол ээж. Миний дуртай зүйлийг ажиглаж  "Харри Поттер" номыг анх бэлэглэж байсан. Түүнээс хойш өнгөлөг аль болох бүтээлчээр номын тэмдэглэл хөтлөх нь сонирхолтой санагдсан. Эрэл хайгуул хийх,  бусдаас суралцах, өөртөө итгэлтэй болох, стрессээ тайлах гээд тэмдэглэл хөтлөхийн давуу тал олон бий.

-Удахгүй төгсөх ангид орох гэж байна. Хичээл орохыг удаан хүлээсэн байх, догдолж байна уу?

– Тийм ээ. Ангийнхантайгаа удаан хугацаанд уулзаагүй болохоор санаж байна. Найзуудтайгаа хамт, олон дурсамж бүтээж чадаагүй холдчихсон. Бас эртнээс ирээдүйгээ төсөөлсөн учраас хичээл орохгүй бол шалгалтаа сайн өгч чадахгүй байх гэж санаа зовж байна.

-Уран зохиол, түүх гээд олон төрлийн зохиолоос алийг нь чиний хувьд илүүтэй сонирхож уншдаг вэ?

-Би түүхэн номонд илүүтэй дуртай. Тэр дундаа Монгол Улсын түүхийг өгүүлсэн  номуудад хайртай. Учир нь ямар их хүч хөдөлмөрөөр бид өнөөдөр ингэж эрх чөлөөтэй сайхан амьдраад байна вэ гэдгийг ойлгуулж өгдөг. Үлгэр дуурайлал, урам зориг, хүн чанар гэх сэтгэгдэл, мэдрэмжийг түүхэн цаг хугацаанд нь байгаа мэтээр мэдэрдэг учраас түүхийн тухай бичсэн номыг илүү шимтэж уншдаг.

-Тэмдэглэл хөтлөхийн давуу тал их байх. Их цаг зарцуулахаас эхлээд сул тал ч бас байдаг уу?

-Миний хувьд бичих их дургүй байсан. Тэгээд ч болоогүй аливаа зүйлд хэнэггүй, хянуур биш хандчихдаг сул талтай. Ном уншаад тэр үедээ гоё мэдрэмж аваад л орхичихдог байсан. Харин тэмдэглэл хийж эхэлснээс хойш юманд илүү нухацтай хянуур хандахыг хичээх болсон. Миний тархийг илүү их ажиллуулж, яаж хийвэл гоё сайхан утга агуулгын алдаагүй болж болох вэ гэдэг талаар судалгаа хийдэг болсон. Мөн үндэсний бичгээрээ тэмдэглэл хөтлөх болсон гээд дурдвал давуу тал олон. Сул тал гэвэл шуналтай. Яагаад гэхээр хийсэн зүйл маань ахиад илүү байж болох байсан байна гээд улам дурлаад, шунаад л байдаг. Хийж байгаа зүйлдээ сэтгэлээ шингээж олон цаг тууштай сууж, удаан бодож, чимсээр байгаад хэдэн цаг сууснаа ч анзаардаггүй.

НОМ ӨӨДӨӨС ҮГ ХЭЛЭХГҮЙ Ч ХАМГИЙН САЙН ЯРИЛЦАГЧ БАЙЖ ЧАДДАГ

-Уншдаг хүний сэтгэлгээ байнга тэлдэг гэдэг. Шинэ ном уншиж дуусаад хамгийн эхэнд төрдөг сэтгэгдэл гэвэл?

-Шинээр нэг ном уншиж дуусах бүрдээ би ч болоогүй байна даа гэж боддог. Унших бүрд надад сурах мэдэх, хийж үзэх зүйл ямар их юм бэ гэдгийг мэдэрч амьдралдаа дурладаг. Ном өөдөөс үг хэлэхгүй ч хамгийн сайн найз болж сэтгэлтэй минь ярилцаад байх шиг санагддаг. Заримдаа номондоо ороод амьдармаар санагдах үе бишгүй олон байдаг.

-Сүүлд ямар ном уншиж тэмдэглэл хөтөлсөн бэ. Хүмүүс уралдаанд орох гэж, эсвэл ямар нэгэн зүйлд зориулж тэмдэглэл хөтөлдөг. Харин чиний хувьд ямар зорилготой номын тэмдэглэл хөтөлдөг вэ?

-Би ер нь ихэвчлэн сонирхлоороо ном уншаад тэмдэглэл хөтөлдөг. Тэмдэглэл хөтөлж эхлэхээсээ өмнө нь олон ном уншиж байсан ч тэднийхээ гол үйл явдал сургамж сэтгэл хөдөлгөм зүйл гээд л сайхан зүйлсийг нь мартчихаад байдаг. Ерөнхийдөө мартахгүйн тулд болон стрессээ тайлахын тулд тэмдэглэлээ хөтөлдөг. Мэдээж номын тэмдэглэлийн уралдаан олон зохиогддог. Тэр бүрд оролцохыг хичээдэг. Одоо “Судар эгшиглэн” төсөлд амжилттай оролцож байна. Хуваарийн дагуу Ж.Верний “Дэлхийн төв рүү аялсан нь” номыг уншиж байгаа.

-Номын тэмдэглэл хөтөлдөг олон хүн байдаг. Тэдгээр хүмүүсээс ямар ялгаатай хөтөлдөг вэ? /Жишээ нь зураг зурах, монгол бичгээр давхар хөтлөх гээд/

-Аль болох олон төрлөөр тэмдэглэл хөтлөх нь сонирхолтой. Ихэвчлэн миний тэмдэглэлүүд өнгөлөг байдаг. Номын тэмдэглэл хөтөлснөөсөө хойш калиграфи буюу уран бичлэг бусад бичгийн хэвийг сонирхож төрөл төрлөөр бичихийг хичээх болсон. Мөн үндэсний бичигтээ улам дурлаж сурч байгаа. Тэмдэглэл хийх болгондоо өөр өөрөөр тухайн номонд тааруулж тэмдэглэдэг. Жишээлбэл холбогдолтой зургийг нь зурах, түүхэн ном байвал үндэсний бичгээрээ хослуулан бичих, хувь хүний хөгжлийн ном бол товч тодорхой минималист хийх, уран зохиолын ном бол илүү уянгалуулан бичих гэх мэт. Сонирхлыг минь үргэлж дэмждэг номын санч Энхтуяа эгчдээ туйлын их талархдаг. Мөн “Судар эгшиглэн” төслийн хамт олонд маш их баярлалаа. Тэмдэглэл хөтлөхийн сайхныг энэ саруудад илүү мэдэрч байгаа.

-Гэр бүл болоод найз нөхдийн хүрээлэл мөн ном унших сонирхлыг нь дэмждэг байх. Гэр бүлээ танилцуулбал.

-Миний эргэн тойронд байдаг бүх хүн намайг номонд дуртайг мэддэг. Баяруудаар чихэр гэхээсээ илүү ном, тэмдэглэлийн дэвтэр бэлэглэдэг болохоор би баяртай байдаг. Ер нь манай гэрийнхэн миний бүх сонирхлыг дэмжиж аль болох туслах гэж хичээдэг. Тэдэн дундаас хамгийн их дэмждэг хүн бол миний ээж. Манайх ам бүл зургаа. Ээжийг маань Ариунцэцэг гэдэг. Бага ангийн сургалтын менежер хийдэг.  Аавыг маань Шинэбаяр гэдэг, мужаан хүн. Би чөлөөт цагаараа аавдаа тусалж мужааны туслах хийдэг. Ах болон хоёр дүү минь ч номонд хайртай. Мөн манай эмээ өвөө хоёр маш арвин номын цуглуулгатай байсан. Тэдгээр номыг харах, унших бүрд улам их ном уншмаар санагддаг.

ХИЧЭЭЛИЙНХЭЭ ТЭМДЭГЛЭЛИЙГ ХАРАХАД ТОДОРХОЙ БАЙХААР МИНИМАЛИСТ ХӨТӨЛДӨГ

-Номын тэмдэглэл хөтөлж байгаатай адилаар хичээлийн тэмдэглэлээ хөтөлдөг үү. ЭЕШ-ын бэлтгэлээ хэрхэн тэмдэглэхээр төлөвлөв?

-Хичээлийн тэмдэглэлээ арай бага цаг зарцуулахаар минималист хөтөлдөг. Би ЭЕШ-ээ математик болон англи хэл хичээлээр өгөхөөр төлөвлөж байгаа. Хичээлийнхээ тэмдэглэлийг харахад амар хялбар товч тодорхой байх үүднээс аль болох хүснэгт маягаар тэмдэглэхийг хичээнэ. Мэдээж нэмэлт тодруулагч, нүдэнд тусах гарчиг, эмх цэгтэй байдал, өнгөлөг чимэглэлүүдийг ч ашигладаг.

Ямар мэргэжилтэй болохыг зорьж байгаа вэ?

-Одоогоор интрьер дизайнер болох төлөвлөгөөтэй байна. Гэхдээ төгсөх хүртлээ илүү сайн судалж өөрийн бүх сэтгэл зүрхээ зориулж хийж чадах мэргэжлийг хайна. Хог дахин боловсруулах чиглэлийн мэргэжлийг бас сонирхож байгаа. Монголд хамгийн хэрэгтэй мэргэжлийн нэг. Магадгүй  энэ мэргэжлийг ч сонгож магадгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж