“Х Богд тодрох нь Монгол Улсад ач холбогдолтой”

Хуучирсан мэдээ: 2021.08.27-нд нийтлэгдсэн

“Х Богд тодрох нь Монгол Улсад ач холбогдолтой”

“Х Богд тодрох нь Монгол Улсад ач холбогдолтой”

Монгол Улсын их сургуулийн Антропологи-археологийн тэнхимийн багш Ж.Лхагвадэмчигтэй Х Богдыг тодруулах асуудлаар ярилцлаа.  


-Сүүлийн үед X Богдыг тодруулах асуудал олон нийтийн сүлжээнд багагүй хэлэлцүүлэг өрнүүллээ. Ер нь X Богдыг Монголоос тодруулснаар бурханы шашинд ямар ач холбогдолтой вэ?

-X Богдыг тодруулах асуудал олон нийтийн сүлжээнд "хэлэлцүүлэг" өрнүүлэх бус цуу дам үг ярианууд, тодруулах нь зөв буруу, тодруулаад хөрш улсын дургүйг хүргэнэ гэсэн "дүгнэлтүүд" байна. Үүнээс хэдэн зүйл харагдсан. Олон нийтийн санал бодлыг түншиж харахын тулд үнэн худал мэдээ зориудаар цацсан, бусдад нөлөөлөхийг оролдсон, нөгөө талаар зөвхөн гарчгийг нь уншиж хөөсөрдөг савалдаг, бүхнийг мэддэг, мэдээлдэг байдал. Олон нийтийн сүлжээнд дуу ихтэй байгаа "сүлжээчид" олон нийтийн хэдэн хувийг төлөөлж чадах вэ.

Х Богд Жавзундамба хутагтыг олон нийтийн сүлжээгээр "хэлэлцээд" тодруулах үгүйг нь шийдчихдэг юм бол уг асуудлын талаар чиг үүргийн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, буддын шашны сүм хийд, хуврагууд, судалгаа шинжилгээний байгууллага, судлаачдын хэрэг үгүй гэсэн үг.

Өөрөөр хэлбэл олон нийтийн сүлжээгээр хэлэлцээд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй христ, исламын шашны тэргүүнийг шийдэж болох нь. Аль нэг бизнесийн байгууллага, төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, тэргүүнийг мөн хэлэлцээд шийдэж болох нь. “X Богдыг Монголоос тодруулснаар” гэсэн асуултыг асуултаар хариулахад Монголоос тодрохгүй бол хаанаас хэн тодруулж болох вэ гэж асуумаар байна. Хэрэв тодорхой чиглэл, бодлогоо тодорхойлоод тууштай үйл ажиллагаа явуулж чадах юм бол Х Богд тодрох нь Монгол Улс болон Монголын буддын шашинд ихээхэн ач холбогдолтой гэж харж байна.

-Монгол Улсад яг ямар ач холбогдолтой гэж. Шашингүй үзэлтнүүд бол эсэргүүцдэг?

-Миний харахад гадаад болон дотоод хоёр ач холбогдол байна. Гадаад бодлогын тухайд  ярихад манай зарим судлаачид бага улс том улсын бодлого явуулж чадахгүй, Монгол Улс соёлын зөөлөн хүчний бодлого явуулж чадахгүй гэсэн байр суурьтай байдаг. Миний хувьд бол Монгол Улс соёлын зөөлөн хүчний бодлого явуулах боломжтой бөгөөд соёлын нэгээхэн хэсэг болсон шашнаар дамжуулан шашны зөөлөн хүчний бодлого явуулах юм.

Уг шашны зөөлөн хүчний бодлого буюу өөрийн улсын эерэг дүр төрхийг олон улсад бий болгох, үүгээр дамжуулан өөрт татах, нөлөөлөх, олон улсын тавцанд өөрийн дуу хоолойгоо илүүтэй хүргэх, харилцаа холбооны суваг бий болгоход Х Богд Жавзундамба хутагтын нэр нөлөө, хүчийг хэрэглэж болно гэж харж байна.

Ази тивд буддын шашны зөөлөн хүчний бодлогыг идэвхтэй хүчтэй явуулж буй улсад гарцаагүй манай өмнөд хөрш Хятад болон бидний оюун санааны хөрш болох Энэтхэг улс орно. Исламын шашны хувьд жишээ нь Турк улс байна. Азийн буддын шашин түүн дотроо Их Хөлгөн, Очирт хөлгөний нэгэн төв болж болох боломж Монгол Улсад бий. Мэдээж хөнжлийн хэрээр хөлөө жийдгийн адил бодит нөхцөл байдал, боломж бололцоон дээрээ тулгуурлан ямар хэмжээнд явуулах талаар тухайн нөхцөлд таарсан бодлого, үйл ажиллагаа явуулах нь гарцаагүй.

Дотоодын ач холбогдлын тухайд ярихад нэгд, Монгол Улсын хууль, баримт бичгүүд түүн дотор “Үндсэн хууль”, “Төр сүм хийдийн харилцааны тухай” хууль болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол Улс дахь буддын шашны байр суурь, үүрэг, ач холбогдлын талаар тодорхой заасан.

Хоёрт, 2020 оны “Хүн ам, орон сууцны тооллого”-ын дүнгээр нийт шашин шүтэгч Монгол Улсын иргэдийн 86.2 хувь нь буддын шашин шүтдэг гэсэн статистикийн тоо байна. Тэр хэмжээгээр буддын шашны нөлөө нийгэмд байна гэсэн үг. Хэрэв иргэдийн олонх нь ислам эсвэл христийн шашин шүтдэг бол дотоодын нийгэм, улс төр, соёлын бодлогын түвшинд тухайн шашны талаар анхаарах нь зүйн хэрэг.

Буддын шашны өөрийн институцийн хувьд авч үзэх юм бол Богд Жавзундамба хутагтын институцийг одоогийн нөхцөл байдалд тохируулан сэргээн тогтоох нь монголын буддын шашинд ихээхэн ач холбогдолтой гэж харж байна. 1990 оноос хойш энэ чиглэл рүү алгуурхан явж ирсэн харагддаг. Энэ нь 2011 онд Монголын буддын шашны нийт сүм хийдүүд IX Богд Жавзундамба хутагтыг Монгол Улсын буддын шашны тэргүүнээр өргөмжлөн улмаар Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж соёрхон баталсан үйл явдал тодорхой харуулж буй. Буддын шашин өөрийн тогтсон институцтэй болсноор буддын шашин нийгэм болон сүм хийд, лам хувраг, сүсэгтнүүдийн өмнө хүлээсэн үүргээ илүүтэй биелүүлж чадна. Дээрх үндсэн шалтгаануудын үүднээс Х Богд Жавзундамба хутагт тодрох нь Монгол Улс болон Монголын буддын шашинд ач холбогдолтой гэж үзэж байна. Гэхдээ анхаарах зүйл бол саалиа бэлдэхээр саваа бэлдэх нь их чухал болов уу.

Шарын шашны энэ үйл ажиллагаа Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх үү?

-Х Богд Жавзундамба хутагтыг тодруулах эс тодруулах нь мэдээжийн хэрэг үндэсний аюулгүй байдалд тодорхой хэмжээнд нөлөөлнө. Шарын шашны гэсэн үгийн хувьд Монгол Улсад буддын шашны Гэлүг буюу шарын шашин давамгайлсан байдаг боловч нэр томьёоны хувьд Монголын буддын шашин гэсэн нэр томьёог хэрэглэх нь зүйтэй гэж боддог.

БНМАУ-ын үед БНМАУ-ын Буддын шашны тэргүүн гэсэн нэр томьёо байсан бөгөөд мөн Жавзундамбын шашин гэсэн нэр томьёо ч байсан байдаг. Ер нь ямар нэр томьёо хэрэглэх вэ гэдэг нь улс төрийн нөхцөл байдлаас уялдан гарсан байдаг.    

XIV Далай лам Монголд ирэхдээ X Богдыг тодруулсан гэж үнэн үү?      

-Далай ламын 2016 оны айлчлалын үед хийсэн хэвлэлийн бага хурал дээр XIV Далай лам X Богд Жавзундамба хутагт Монгол Улсад мэндэлсэн болохыг олон нийтэд зарласан. Гэхдээ нас балчир байгаа тул чухам ямар хүүхэд тодорсон талаар мэдэгдээгүй.

IX Богд Жавзундамба хутагт таалал барихдаа гэрээслэл үлдээсэн бөгөөд уг гэрээслэлд миний удаах дүр Монгол Улсад төрнө, дараагийн дүрийг миний багш XIV Далай лам тодруулна, X дүрийн Богд Жавзундамба хутагт улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй зөвхөн шашин номын ажил эрхэлнэ гэж буй. IX Богд Жавзундамба хутагтын өөрийн хүсэлт, гэрээслэлийн дагуу XIV Далай лам тодруулсан гэж бодож байна. XIV Далай ламын буддын шашны ертөнц дэх нэр хүнд, нөлөө өндөр тул XIV Далай ламын тодруулсан дүр нь мөн тэр хэмжээгээр нэр нөлөөтэй, шашны хууль ёсны баталгаатай байх юм. Мэдээж дараа дараагийн дүрийг Монгол Улс өөрөө тодруулаад явж болох тодорхой арга зам хувилбар байж болох.

Богд тодруулах асуудалд монголчууд их болгоомжтой хандаж байгаа. Ямар нэгэн улс төрийн шалтгаан байна уу. Их гүрнүүдийн дарамт шахалт, эдийн засгийн  эрсдэл гээд Монголд энэ үйл явц яаж нөлөөлөх бол?

-Мэдээж, болгоомжтой хандаж зөв шийдвэр, бодлого болон үйл ажиллагаа явуулах нь зүйн хэрэг. Төсөл том байх тусмаа л анхаарал татна, бусад улсууд сонирхоно, тэр хэмжээгээр тэдгээрийн эрх ашиг хөндөгдөнө. Монгол Улсын Ерөнхийлөгч хэн болох эсвэл сумын засаг дарга хэн болох вэ гэдэгтэй адил зүйл. Богд Жавзундамба хутагт бол түүх болон шашны хувьд авч үзэх бол буддын шашны тэр дундаа Их хөлгөн, Очирт хөлгөний уламжлал бүхий улсуудын хувьд нөлөө бүхий лам нарын нэг гарцаагүй мөн. Хятадад XI Банчэн лам, Энэтхэгт XX Бакула ринбүчи, төвөдүүдийн хувьд XIV Далай лам, XVII Гармаба лам гэсэн нэр нөлөө бүхий лам нар байна.

Богд Жавзундамба хутагт бол зөвхөн Монгол Улсаар хязгаарлагдахгүй монгол туургатнууд, мөн Төвөдийн Жонан урсгал болон IX Богд Жавзундамба хутагтын шавь нар болох Орос, Тайвань зэрэг дэлхийн олон улсын буддын шавь нартаа нөлөөтэй лам юм.

Богдуудын тухай сонирхолтой түүхээс ярьж өгөөч? 

-Монголчууд яагаад Богд Жавзундамба хутагттай болсон, Алтан хан ямар учраас III Далай ламыг залан IV Далай лам монгол хүн болон төрсөн, Төвөдийн хаан Гүш хаан Төвөдийн өндөрлөгийг өөрийн эрхшээлд оруулсан шалтгаан, Манжийн хаан улс төрийн ямар бодлогоор богдуудын дүрийг Монголоос тодруулахыг хориглосон гээд түүхэн үйл явдлуудаас бид богдуудын түүх, ач холбогдлыг харж болно. Энэ талаар манай судлаачид арвин судалгаа хийсэн байгаа тул тэдгээр судалгаанаас хараад мэдэж болно.

Наймдугаар Богд Монголын тусгаар тогтнолд асар их хувь нэмэр оруулсан хүн. Өөрөө төвөд хүн атал бараг монгол хүнээс илүү Монголын төлөө зүтгэсэн байсан гэдэг?

-Наймдугаар Богд Жавзундамба хутагт бол гарцаагүй Монголын тусгаар тогтнолд гавьяа байгуулсан хутагт мөн. Наймдугаар Богд Жавзундамба хутагтын талаар төрийн шагналт түүхч, доктор О.Батсайхан гуай болон бусад судлаачдын дэлгэрэнгүй судалгааны бүтээлүүд бий.

-Богд, хутагт хувилгаан тодруулах талаар Төр сүм хийдийн харилцааны тухай хуульд ямар нэгэн заалт байдаггүй. Тэгэхээр ямар ёс жаяг, дэг, шалгуураар тодруулдаг юм бэ?

-Хутагт хувилгаад тодруулахад нэг талаар шашны өөрийн дотоод уламжлал ёс заншлыг баримтлан тодруулдаг. Мэдээж олон улсын хэмжээнд нөлөө бүхий дүрийг тодруулахад тухайн улсын төр оролцдог. Жишээ нь Хятадын 2007 оны “Төвөдөд дэлгэрсэн Буддын шашны амьд бурхадыг зохицуулах журам”-д хувилгаадыг дөрвөн ангилалд хуваан үзэж онцгой нөлөө бүхий хувилгаадыг тодруулах эсэх зөвшөөрлийг Хятадын Төрийн зөвлөл шийдэх мөн батламжлахаар заасан байдаг. Мөн гадаад улсын ямар нэгэн байгууллага болон хувь хүн хутагт хувилгаадыг тодруулахад оролцохыг хориглосон заалттай.

2020 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп хууль болгон баталсан АНУ-ын Конгрессоос баталсан “Tibet Policy and Support Act” хэмээх баримт бичигт “Далай ламын залгамжлагч эсвэл хойд дүрийн талаарх бодлогын мэдэгдэл” (Statement of Policy Regarding the Succession or Reincarnation of the Dalai  Lama) гэсэн бүлэг бий. Уг бүлэгт “БНХАУ-ын засгийн газар эсвэл өөр улсын засгийн газар XIV Далай лам болон ирээдүйн Далай ламын залгамжлагч эсвэл хойд дүрийг тодруулах үйл явцад хөндлөнгөөс оролцох нь Төвөдийн буддын шашинтнуудын болон Төвөдийн ард түмний шашны язгуур эрх чөлөөг зөрчсөн хэрэг болно.” гэж заасан байна.

-Аравдугаар Богдод нэр сонсогдоод байгаа тэр хүүхэд яг мөн үү?

-Яг тэр хүүхэд мөн эсэхийг мэдэхгүй. Хэрэв IX Богд Жавзундамба хутагтын гэрээслэлийн дагуу XIV Далай лам тодруулсан хүүхэд мөн бол буддын шашинтнуудын хувьд мөн гэж бодож байна.

-Богд тодруулах үйл ажиллагаа улс төр, бизнес болгож харах хүмүүс байдаг. Жишээлбэл, шашны элдэв цол чимэглэлийг арай бизнес болгож, мөнгөөр зардаг юм биш байгаа гэсэн хардлага ч сошиалд байна лээ. Та энэ талаар тайлбар өгөөч?

-Хардах сэрдэх сэтгэл бол хүн бүрд л бий. Эрх мэдэл, нөлөөлөл өндөрсөх тусам ашиг сонирхол тэр хэмжээгээр их болно. Зуун хувь хүлээн зөвшөөрөгдсөн сонгууль болдоггүй биз дээ. Будлиантай хардалтай байсан ч гэсэн тусгаар улсын хувьд Ерөнхийлөгчөө сонгодог.

-Гандантэгчэнлин хийдээс Богдыг тодруулах комисс байгуулсан гэдэг. Энэ комисст ямар хүмүүс багтдаг юм бэ. Богдыг 2012 оноос хойш хайж байгаа гэдгийг хэлж байсан?

-2012 оны Цагаан сарын шинийн наймны өдөр IX Богд Жавзундамба хутагт таалал барьсны дараа комисс байгуулагдсан тухай сонсч байсан. Гэхдээ уг комисс нь тодруулах комисс байсан эсэхийг мэдэхгүй. Энэ талаар Гандантэгчэнлин хийдээс баттай тодруулах хэрэгтэй байх.

-Богд Жавзандамбыг түүхийн турш Банчин лам түүнийг соёрхон баталж ирсэн. Сүүлд Далай лам тодруулдаг болсон юм уу?

-Дангаар Банчэн лам тодруулж ирсэнгүй. “Өнгөрсөн түүхийг хэн өөрийн хяналтад авна, тэр ирээдүйг захирна” гэж үг байдаг. Нэг талаас түүх бичвэр бол улс төрийн бичвэр байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
125
ТэнэглэлТэнэглэл
44
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж