"Нэгдүгээр ангийн бүртгэл хийхэд хаяг зөрөх асуудал гарсан"

Хуучирсан мэдээ: 2021.08.26-нд нийтлэгдсэн

"Нэгдүгээр ангийн бүртгэл хийхэд хаяг зөрөх асуудал гарсан"

"Нэгдүгээр ангийн бүртгэл хийхэд хаяг зөрөх асуудал гарсан"
Энэ жил 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно. Орон даяар зохион байгуулсан цахим бүртгэл хангалтгүй байсан тул өчигдөр 17.00 цагт хаасан юм. Улаанбаатар хотод гэхэд нэгдүгээр ангид элсэн суралцах 40 330 хүүхдийн  47.5 хувь нь бүртгэлээ баталгаажуулжээ. Улсын хэмжээнд энэ жил ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 81 мянга орчим хүүхэд элсэн суралцана. Цахим бүртгэлийн талаар нийслэлийн сургуулийн багш мэргэжилтнүүдээс тодрууллаа.
Ерөнхий Боловсролын Лаборатори 44 дүгээр сургуулийн сургалтын менежер Н. Пүрэвсүрэн:
-Наймдугаар сарын 25-ны байдлаар хамран сургах тойргийн нийт хүүхдүүдийн 50 хувь нь бүртгэлээ баталгаажуулсан. Сургуулийн зүгээс хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг бүртгэсэн. Харин эцэг эхчүүдийн маань хувьд бүртгэлээ баталгаажуулж мэдэхгүй, интернэтэд орох боломжгүй, энэ мэдээллийг хоцорч авч байгаа гэх зэрэг шалтгааны улмаас эцэг эхчүүдийн баталгаажуулалт бага хувьтай явж байна. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйн тулд хорооны нийгмийн ажилтнуудтай хамтарч ажиллаж, баталгаажуулалтаа хийж чадахгүй байгаа хүмүүстэй утсаар холбогдож зөвлөгөө өгч, халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж байгаа. Энэ жил цахимаар бүртгэл хийж байгаа бөгөөд эцэг эхчүүд маань parent.edu.mn -ээр орон хүүхдийнхээ регистрийн дугаарыг хийхэд тухайн сургуулиас нь хамран сургах тойргийнх нь хүүхэд мөн байвал элсэх боломжтой гэсэн төлөв үүсгэсэн байх бөгөөд түүгээр орон эцэг эхчүүд маань өөрсдийнхөө мэдээллийг оруулаад баталгаажуулахад болно.
Ерөнхий Боловсролын 53 дугаар сургуулийн сургалтын менежер Х. Баярмаа:
-Салбар яамнаас баталсан журмын дагуу багш нар ажиллаж байна. Энэ жил ачаалал ихтэй, хаяг нь өөрчлөгдөөд удсан гэх асуудал үүсч байгаа бөгөөд ноднин сургуульд ороогүй долоон настай хүүхдүүд их ирж байна. Өнөөдрийн байдлаар цахим бүртгэл 53 хувьтай, цаасан бүртгэл 60 хувьтай байна. Энэ жилийн онцлог нь улсын бүртгэлээс манай харьяаны хүүхдүүдийн мэдээлэл цахимаар орж ирэн бүртгэгдэж эцэг эхчүүд маань шууд баталгаажуулах боломжтой болсон. Шинэ байранд орж хаяг нь өөрчлөгдсөн болон түрээсийн байранд амьдарч байгаа иргэд бичиг баримтаа бүрдүүлж цаасан бүртгэл хийлгэж байна. Халдвар хамгааллын дэглэмийн хувьд хүүхэд дагуулж ирэхийг хориглож, хоорондын зай бариулж, халууныг нь үзэж, бүртгэж аван, шаардлагатай тохиолдолд вакцины гэрчилгээг нь үзэж байгаа. Багш нар бүгд вакцинжуулалтандаа хамрагдсан.
Нийслэлийн Ерөнхий Боловсролын "Шавь" цогцолбор сургуулийн сургалтын менежер С. Оюунчимэг:
-Манай сургуулийн цахим бүртгэл 60 хувьтай байна. Баталгаажуулалт хийхдээ удаж байгаа шалтгаан нь эцэг эхчүүдийн и-мэйл хаяг шаардлагатай болж байгаа бөгөөд зарим эцэг эхчүүд тухайн хаяг дээрээ байхгүй гэх зэрэг асуудал үүсч байна. Нийт 540 хүүхдийн бүртгэл явагдах ёстойгоос цахимаар 237 нь бүртгүүлж баталгаажуулсан. Бичиг баримт шаардаж байгаа нь аав, ээжийнх нь хаягийн тодорхойлолт зөрөх, өөр сургуульд бүртгэлтэй байх гэх зэрэг асуудал гарч байгаагаас шалтгаалж байна. Цаасан бүртгэл хийлгэж байгаа хүүхдүүдийн ихэнх нь өөр газар оршин сууж байгаа, түр гэрээтэй, түрээсийн байранд амьдарч байгаа, байрны ордер гараагүй гэх шалтгаантай хүмүүс байгаа аж. Хаяг тодорхой байхад цахимаар бүртгэлээ баталгаажуулахад амар. Энэ хичээлийн жилд 450-иас дээш хүүхэд бүртгэж есөн анги болгох төлөвлөгөөтэй байна.
С.Даваахүү
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж