Нийслэлд улаан шороогоороо эргэж буй газар олон. Харин Сүхбаатарын талбайн хонхтой цэцэрлэг хамгийн тохижилт сайтайдаа ордог байв. Ийм газарт гар хүрэх шаардлага байгаагүй ч тарьсан модыг нь сугалж усан оргилууртай болгосон. Үүнээс ч өмнө цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахын тулд уулнаас мод сугалж, хотын төвдөө “гоёсон” нь тухайн үед хэл ам таталж байв. Үүнээс хойш хэдэн жил болов уу үгүй юу дахин л хэл ам таталсаар 3.2 тэрбумаар усан оргилууртай болсон ч “хог” болж хувирлаа. Ашиглалтад орсноос хойш /2021.06.19/ жил тойрсон ч нийслэлийнхэн ид шидийг нь үзсэнгүй. Ийм хэрэгцээ ч байсангүй. Уг нь хотынхонд “амьгүй” цемент, боржин чулуунаас илүүтэй ногоон байгууламж чухал. Ядахдаа л хортой агаарыг шүүнэ.
Нэг мод хоногт 180 литр хүчилтөрөгч буюу хоёр хүний амьсгалах агаарыг ялгаруулдаг гэж тооцвол хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн модод усан оргилуураас ч илүү хэрэгтэй байв. Тухайн үеийн хотын удирдлагууд ногоон байгууламжаа сүйтгэж өөрсдийнхөө үзэмжээр “ажилладаггүй” усан оргилууртай болчихсон атал өнөөдөр ногоон төгөлтэй болж, хотын тодорхой байршлыг ойжуулах гэнэ.
Энэ тухай Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Солонгос-Монголын Ногоон хэрэм төслийн захирал Сон Ингёнтой өчигдөр уулзах үеэр яригджээ. Тодруулбал, Засгийн газрын 2005 онд баталсан “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн III шат болгож хотын тодорхой байршлыг ойжуулахаар төлөвлөжээ. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Улаанбаатар дан ганц хүн амын өсөлтөөр бус, хот бүхэлдээ өргөжин тэлж байгаа. Гэхдээ хотын хөгжил байгаль орчинд ээлтэй байх ёстой. Орон сууцны томоохон хороолол, нийтийн эзэмшлийн барилга, гудамж талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна гэр хорооллыг дахин төлөвлөхдөө ногоон байгууламжийг нь хамт хийх ёстой. Энэ тал дээр нийслэлийн иргэдийн санал санаачилга сайжирч, ногоон байгууламж шаарддаг, байгаагаа хамгаалдаг болсон нь сайшаалтай” гэжээ.
Түүний хэлсэн шиг бодит байдал дээр хотын хөгжил байгаль орчиндоо ээлгүй. Үүний тод жишээ нь 3.2 тэрбумын усан оргилуур.
Хотын удирдлагууд, эрх баригчид ёстой л нэг гараараа ногоон байгууламжтай болж, нөгөө гараараа сүйтгэж байна. Ийм жишиг тогтоод ч удлаа. Хэдийгээр жил бүрийн хавар, намар хэдэн зуун мянган мод дарга, цэрэггүй л сүр болж тарьж суулгадаг ч өнөөдөр ургасан нь цөөхөн.
Мэргэжилтнүүд мод тарих нь хүүхэд арчлахтай адилхан гэдэг ч хотынхон эсрэгээрээ. Уулнаас мод тарьж хотод суулгана, эргээд сугална. Аль эсвэл нүх ухаж мод суулгаснаа тарьсан гэж ойлгоод эргээд усалж арчилж тордох нь ховор. Товчхондоо, бид мод тарьдаг ч арчлахдаа тааруухан. Харин Солонгос-Монголын Ногоон хэрэм төслийн захирал Сон Ингён “Мод тарих нь чухал ч тарьсан модоо ургуулах нь хамгийн гол ажил” гэдгийг ч нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалантай уулзах үеэр онцолсон юм билээ. Магадгүй хотын тодорхой байршлыг ойжуулсан ч хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн түүх дахин давтагдахыг ч үгүйсгэхгүй.
Холбоотой мэдээ