Хувийн болон улсын томоохон эмнэлгүүдэд тоотой хэдхэн ширхэг байдаг соронзон резонанс аппарат болох MRI оношилгоонд орох гэсэн иргэд эмнэлгүүдэд урт дараалал үүсгэжээ. Улсын төв Нэгдүгээр эмнэлэгт хоёр ширхэг байдаг тус аппаратаар иргэд Эрүүл мэндийн даатгалаараа бараг сарын дараах дугаар авч үзүүлдэг байсан. Харин одоо тус эмнэлгийн нэг аппарат нь эвдэрсний улмаас дүрст оношилгооны тасгийн хүлээн авахын ачаалал, оочер нэмэгдэж оношилгооны аппаратыг засварлах хүртэл иргэдийг хүлээж авахгүй байгаа аж. Үзлэг шинжилгээнд яаралтай хамрагдах шаардлагатай иргэд улсын эмнэлгийн 21-ээс дээш хоногийн дараах оочерыг хүлээхэд хүндрэлтэй учир арга буюу хувийн эмнэлгийг сонгодог аж.
MRI оношилгоонд орох иргэд заавал эмчид үзүүлж, шаардлагатай гэсэн заалттай байх ёстой. Гэсэн ч эмчийн бичиггүй, нэн чухал биш хүмүүс хот, хөдөөгөөс ирж, бухимдаж заавал цаг авна гэж уурлах үзэгдэлд улсын эмнэлгийн эмч нар хэдийнэ дөжирчээ. Аппаратыг нь эмч нар эвдчихсэн юм шиг дайрч, давшлах өвчтөнүүд ч бүртгэлийн цэг дээр байлаа. Та ямар шалтгааны улмаас MRI-д үзүүлэх гэсэн юм бол гэж асуухад толгой тархи өвддөг, зүрхээр хатигуулдаг учраас сумаасаа зорьж ирж үзүүлэх гэсэн юм. Тэгтэл улсын том эмнэлэгт нь үзэхгүй байгаа гэдэг тайлбарыг өгч байна. Эрүүл мэндийн даатгалаараа өндөр үнэтэй учраас хөнгөлүүлж үзүүлье гэсэн бодолтой байсан. Хувийн эмнэлгүүдэд даатгалаар хөнгөлнө гээд байсан ч тэр хөнгөлөлт нь хэрэгжиж эхлээгүй байна лээ гэсэн юм.
ЭМДЕГ-ТАЙ ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХЭЭР НАЙМАН ЭМНЭЛЭГ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН
Иргэний хэлж байгаагаар иргэд шаардлагатай тохиолдолд Эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй эдлэх эрхтэй. MRI оношилгоонд хувийн эмнэлгүүдэд хөнгөлөлт үзүүлж байгааг ЭМДЕГ-ын олон нийттэй харилцах албаны ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргалаас тодруулахад:
-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн шинэ хуулиар даатгуулагчийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг хуваалцах, даатгалын үр шимийг хүртээх үүднээс эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаарыг мөрдөхгүй болсон. Ингэснээр даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх боломж бүрдсэн гэсэн үг. Дээд хязгаарт өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ, хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал хамаарахгүй байхаар зохицуулсан байдаг. Өнгөрсөн оны наймдугаар сард ЭМД-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Өмнө нь өндөр өртөгтэй хэрэгслийг санхүүжүүлж ажиллаж байсан бол одоо оношилгоо, шинжилгээний багцыг санхүүжүүлж байна. Нийт есөн төрлийн оношилгоо, 130 гаруй төрлийн шинжилгээ багтсан.
Өндөр өртөгтэй оношилгоо хийлгэх иргэд даатгалын сангаас 70 хувь, хувиасаа 30 хувийг төлөх зохицуулалттай байгаа. MRI оношилгооны тухайд нийт өртөг 350 мянган төгрөг байгаагаас иргэд 105 мянган төгрөгийг төлнө.
Харин томограф оношилгоонд 120 мянган төгрөг байхаар тооцоолж иргэн 36 мянган төгрөгийг даатгуулагч төлөх боломжтой болсон. ЭМДЕГ магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байгууллагатай хамтран ажилладаг. Одоогоор 52 байгууллага гэрээ хийгээд байгаа. Төрийн өмчийн 39 эмнэлэг байгаагаас нийслэлд 18, аймаг 21, хувийн хэвшлийн 13 эмнэлэг байгаагаас аймагт нэг нь ажиллаж байна. Хамгийн чухал нь эмч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд дуран болон томограф зэрэг оношилгоог хийлгэнэ. Томограф оношилгоо нь рентген туяа ашиглан хүний биеийн эд эрхтний дотоод бүтцийг нарийн дүрслэн үзүүлдэг. Эмчийн үзлэгээр томограф шаардлагатай гэсэн тохиолдолд тус шинжилгээ хийгддэг. Түүнээс бусад тохиолдолд хүссэн хүн бүр эдгээр өндөр өртөгтэй шинжилгээнд үнэгүй хамрагдах боломжгүй. Эмчийн зааврын дагуу оношилгоонд хамрагдах иргэд 13А маягт буюу илгээх бичгийг заавал авч очих ёстой байдаг гэсэн юм.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД ЭМД-ААР ХӨНГӨЛЖ ЭХЛЭЭГҮЙ БАЙГАА
Одоогоор хувийн найман эмнэлэгтэй гэрээ байгуулсан. Тодруулбал, "Мөнгөн гүүр", "Гурван гал", "Асай мед", "Сонгдо", "Эмжж", "Интермед", "Грандмед" зэрэг эмнэлэгтэй гэрээ байгуулаад байна. Иргэд маань өөрийн сонгосон хувийн эмнэлгийг ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан эсэхийг сайтар судлаагүйгээс бухимдаж байна. Тиймээс иргэд та бүхэн өндөр өртөг бүхий шинжилгээ, оношилгооны талаар ерөнхий мэдээллийг авч, аль болох тухайн очих эмнэлэгтэйгээ холбоо барьж, асууж байж очиж үйлчлүүлэх нь зүйтэй аж.
Харин тус эмнэлгүүдээс хөнгөлөлттэй үнээр үзэж байгаа эсэхийг асуухад одоогооор ЭМД-аар үзэж эхлээгүй байгаа. Гэхдээ удахгүй хэрэгжилт эхэлнэ. MRI оношилгоо өндөр өртөгтэй хөнгөлөлтгүй байсан ч 7-14 хоногийн оочертой байдаг гэлээ.
ӨВДВӨЛ ӨР ТАВЬЖ ҮЗҮҮЛЭХЭД ХҮРЭЭД БАЙНА
ИРГЭН С.ДҮҮДЭЭ:
-Дүү маань хөдөөнөөс ирээд хэдэн шинжилгээ өгөхөөр явж байна. Хувийн эмнэлэгт ганц цусны шинжилгээ өгөхөд л 56 мянган төгрөг болсон. Дахиад хэд хэдэн шинжилгээ өгөх ёстой. ЭМД-аар үнэтэй шинжилгээ оношилгоонд хөнгөлөлт тусламж үзүүлэх нь зүйтэй гэж боддог. Гадаадын улс орнуудад хүмүүс эрүүл мэндийн даатгалаар маш олон шаардлагатай тусламж үйлчилгээ авдаг. Солонгос улсад эрүүл мэндийн нөхөн олговор хүртэл олгодог гэж сонсч байсан. Мэдээж манай улсын эрүүл мэндийн даатгалын газраас олгож байгаа тусламж үйлчилгээнүүд муу биш. Гэхдээ хувийн эмнэлгүүдтэй хамтарч ажилладаг бол иргэдэд илүү амар болох байх. Улсын эмнэлэг, хувийн эмнэлгийн ачаалал, үйлчилгээний байдлыг харьцуулбал ялгаатай тал их бий. Хэрэв яаралтай тохиолдолд өвдчихсөн бол улсын эмнэлэгт сарын дараа очер хүлээж чадахгүй өр тавиад ч хамаагүй хувийн эмнэлэгт үзүүлж байна. Тиймээс өндөр үнэтэй шинжилгээ, аппаратууд дээр хувийн эмнэлгүүдтэй хамтарч ажиллаасай л гэж хүсдэг.
MRI ОНОШИЛГООНЫ АППАРАТ НЬ ЭВДЭРЧИХСЭН ГЭЭД ОЧЕР БИЧИХГҮЙ ГЭСЭН
ИРГЭН:
-Сүүлийн сар гаруй хугацаанд эмнэлгээр явж байна. Зүрх мөн тархины өвчтэй учраас жилдээ заавал нэг удаа ингэж үзүүлдэг. Гэтэл улсын эмнэлэг дээр өнгөрсөн жил 14 хоногийн дараах цагийг авч байсан бол өнөөдөр нэгдүгээр эмнэлгээс цаг авах гээд ортол зөндөө хүн ирчихсэн очер сарын дараа хүртэл олгогдсон. Нэг аппарат эвдэрчихсэн учраас нэг сараас илүү гарсан хүмүүст ирэх сард дугаар олгоно гэсэн. Надад энэ маш хүндрэлтэй санагдаж байна. Эрүүл мэндийн даатгалаар үздэг улсын эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нь олигтой аваад өгчихдөг бол иргэд, эмч нарын хооронд үл ойлголцол үүсч ачаалал тийм их болохгүй. Орон нутагт болон нийслэлд томоохон шинжилгээг хийдэг хүчин чадалтай тоног төхөөрөмжийг тавьж байж үйлчилгээний чанар яригдана.
УОСЫН ЭМНЭЛГҮҮДИЙГ СУДАЛЖ ҮЗЭЭД ХУВИЙН ЭМНЭЛЭГТ Л MRI ӨГСӨН НЬ ДЭЭР ГЭЖ БОДСОН
ИРГЭН С.ЖАВЗМАА:
-MRI оношилгоо олон төрөл байдаг гэсэн. Тодосгогчтой, тодосгогчгүй гээд үнэ нь бас өөр юм байна. 500 гаруй мянган төгрөгөөр шинжилгээ өгчхөөд дараагийн шинжилгээ үзлэг, эмчилгээ нь түүнээс ч их болдог. Миний хувьд Сонгдод үзүүлээд байж байна. Өнөөдөр үзүүлэх дугаарыг найм хоногийн өмнө авсан. Улсын эмнэлгүүдийг судалж үзтэл цаг байхгүй, аппарат эвдэрсэн гээд янз бүрийн шалтаг хэлээд байсан учраас хувийн эмнэлгийг сонгосон. Шаардлагатай тохиолдолд гадагш шинжилгээнд явуулахад ч бэлдээд өгдөг учраас чирэгдэл багатай байдаг. ЭМД-аар намайг үзүүлэхэд төлбөрөөс хөнгөлөөгүй. Хэрэв хөнгөлөх шийдвэр гаргасан бол зөв гэж бодож байна.
УЛСЫН ЭМНЭЛЭГТ MRI ОНОШИЛГООГ ХИЙЖ ЭХЭЛСНЭЭР ХУВИЙН ЭМНЭЛЭГРҮҮ ХҮНД ӨВЧТӨНИЙГ ШИНЖИЛГЭЭНД ОРУУЛАХ ГЭЖ ЯВУУЛАХАА БОЛЬСОН
Нэгдүгээр эмнэлгийн Дүрс оношилгооны тасгаас тодруулахад “MRI аппаратын нэг нь эвдэрсэн. Компаниас засварлах ажлыг хийж байгаа учраас удахгүй хэвийн ажиллаж эхэлнэ. Өдөр бүр олон хүн цаг авахаар зорьж ирдэг. Аппарат 24 цагаар ажиллах төлөвлөгөөтэй байгаа ч хүний нөөцийн хувьд хүрэлцэхгүй асуудал гардаг.
Нэг шинжилгээ хамгийн багадаа 20-60 минут үргэлжилдэг. Тэгэхээр таван хүн авбал таван цагийн хугацаа шаардагддаг. MRI гэдэг нь соронзон орон, дэлхийн татах хүчнээс 1.5 тесла буюу хэд дахин хүчтэй соронзон орон бий болж байгаа. Тиймээс хүн бүрийг оруулаад байхгүй, шүдний импланттай хүн хүртэл ороод гэмтэх, өвчин нь сэдрэх, зураг муу гарах зэрэг сөрөг үр дагавартай. Тиймээс шалгалт, хувцас солих гэх мэтээр хугацаа их шаарддаг стандарт, нормыг зайлшгүй мөрддөг. Ачаалал маш их байдгаас цаг авч байгаа хүмүүс их хүлээлттэй байдаг гэв.
Ямартай ч улсын эмнэлэг болон хувийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалаар өндөр өртөг бүхий үзлэг оношилгоог хөнгөлөхөөр болсон. Гэхдээ бодит байдал дээр хэрэгжилт байхгүй байгаад иргэд бухимдаж байна. Зайлшгүй шаардлагатай иргэд хөнгөлөлттэй үнээр улсын эмнэлэгт үзлэг оношилгоонд орох гэсэн ч цаг болоод аппаратын хүрэлцээгүй байдлаас хувийн эмнэлгийн хаалгыг татаж байна. Тиймээс өндөр өртөг бүхий шинжилгээний тоног төхөөрөмжийг улсын хэмжээнд нэмэгдүүлж, түүнийг ажиллуулах эмч мэргэжилтнүүдийг ч бэлтгэж гаргавал жилээс жилд нэмэгдэж байгаа ачаалал нь багасах бизээ.
Холбоотой мэдээ