Оюутолгойтой холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго болон эдийн засагч Ч.Отгочулуугийн байр суурийг энэ удаагийн V/S булангаараа хүргэе.
УЛСТӨРЖИХ, ӨӨРСДИЙН ҮЗЭМЖЭЭР ХАНДСАН ЗҮЙЛ ОГТ БАЙХГҮЙ
ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГА Б.СОЛОНГО
Засгийн газар Оюу толгойн гүний уурхайн төслийг дэмждэг, гүний уурхайг хурдан ашиглалтад оруулах шаардлагатайг ч Рио Тинто компанид удаа дараа хэлсэн. Рио Тинто компанийн хувьд техникийн бэлэн байдлаас гадна техникийн бус гурван нөхцөл хангагдах шаардлагатай талаар хөрөнгө оруулагчдадаа мэдээлж байсан. Эрчим хүчний хангамжийн гэрээний хугацааг сунгах, дотоодоос эрчим хүч худалдан авах гэрээг байгуулах, Оюу толгой төслийн нөөцийн тодотгол тайлан, ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авах зэрэг асуудлыг дурдсан байсан. Эдгээр захиргааны шинж чанартай асуудлууд холбогдох төрийн байгууллагууд дээр шийдэгдээд явж байна. Оюу толгой компанийн шинэчилсэн ТЭЗҮ болон нөөцийн тодотгол тайлан гэсэн хоёр баримт бичгийг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээж авах ажил хүлээгдэж байна гэсэн мэдээллийг Рио Тинто компани гаргаад байгаа. Нөөцийн тодотгол тайлангийн хувьд 2021 оны гуравдугаар сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хуралдаж "Нөөцийн тодотгол тайланд туссан зардал нэмэгдэж байгаа болон шинжээчдийн тавьсан зарим асуудлыг Оюу толгой компани тайлбарлаж чадахгүй байна" гээд тодорхой зөвлөмж өгөөд буцаасан байгаа. Энэ зөвлөмжүүдийг тусгасан шинэчилсэн тайланг Оюу толгой компани дахин гаргаж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр энэ асуудал удахгүй хэлэлцэгдэх болов уу. Нөөцийн тодотгол тайланг хүлээж авсны дараа ТЭЗҮ-ийг хэлэлцэнэ. Холбогдох журмын дагуу шинжээчид томилогдоод ажиллах байх. Бид асуудлыг үндэслэл, зарчимтайгаар тавьж байгаа. Ямар нэгэн байдлаар дур зоргоороо аашлах, улстөржих, өөрсдийн үзэмжээр хандсан зүйл огт байхгүй. Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, сайжруулах, төслөөс ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүний ч төлөө ажиллаж байна.
АЖЛАА ЯВУУЛЪЯ ГЭЖ БАЙГАА БОЛ УЛС ТӨРЖИЛГҮЙ ХАРААТ БУСААР АЖИЛЛАХ ЭРХ ЧӨЛӨӨГ НЬ ӨГ
ЭДИЙН ЗАСАГЧ Ч.ОТГОЧУЛУУ
Төр засаг зангаргатай, буурь суурьтай, тооцоотой байх ёстой. Гэтэл тэгж чадахгүй байна. Манай эдийн засаг Оюутолгойгоос асар их хараат гэдгийг эрх баригчид ч, гаднын хөрөнгө оруулагчид ч мэдэж байгаа. Бяцхан хүүхэд гараараа нүдээ тагласныгаа өөрийгөө нуугдчихлаа гэж бодож буй шиг л гэнэн үйлдэл хийгээд байна, манай Засгийн газар. Ажлаа явуулъя гэж байгаа бол Засгийн газар ТЭЗҮ-г нь ном ёсоор нь хүлээж авах эрх чөлөөг нь тэр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл)-д нь өг л дөө, ЭБМЗ нь ч улс төржилгүй, хараат бусаар ажиллаад бүртгэж аваг л дээ. Тэгэхгүй байж, далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүл гээд байгаа нь сонин. Засгийн газар нэг их ухаантай байх албагүй. Зүгээр л хөрөнгө оруулагчийн оронд өөрсдийгөө тавиад үз л дээ. Нэг гараараа хааж боочхоод, нөгөө гараараа та нар хурдан ажлаа явуул гээд байж болохгүй. УИХ-ын тогтоолын дагуу Дубайн төлөвлөгөөг үзэглэсэн хүмүүсийг шоронд хийж байсан мөртөө одоо болохоор далд уурхайн олборлолтоо хурдан эхлүүл гээд л. Далд уурхайн бизнес үнэхээр хэрэгтэй байсан бол анхнаасаа яах гэж улстөржиж, төрийн шийдвэр, бодлогыг биелүүлсэн хүмүүсийг шоронд хийсэн юм. Энэ мэтээр маш ойлгомжгүй байр суурийг илэрхийлж байгаа нь Монгол төрийг муухай харагдуулж байгаа юм. Хэрвээ Оюутолгойн далд уурхай анх төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орсон бол зэсийн үнэ өндөр байгаа энэ цаг үеэр манайд асар их валют орж ирэх байсан. Хоёрдугаарт, манай улсын эрдэс баялгийн салбарт жилд 700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт орох боломжтой гэсэн тооцоо бий. Гэтэл тэр нь ч байхгүй. Одоо гаднын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал бараг хасахтай гарах биз. Хэрэв дээрх 700 сая ам.доллар орж ирсэн бол олон ажлын байр бий болох байсан. Гэтэл Оюутолгойтой энэ улс яаж харьцах нь вэ гээд боломжит хөрөнгө оруулагчид хараад суучхаад байна. Мориор бол урд хоёр хөлийг нь тушиж хаячхаад, хойд хөлийг нь ташуурдаад яах юм бэ.