Одоогоос гурван жилийн өмнө Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд өнгөрсөн долдугаар сард хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Намрын ээлжит чуулганаар дээрх хоёр хуулийг эцэслэн батлах аж. Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж эхэлсэн бөгөөд хууль бус томилгоог цуцалж, буруутанд хариуцлага хүлээлгэдэг хянан шалгадаг байгууллага болгож бэхжүүлэх, журмаар зохицуулж ирсэн харилцааг хуульд нэгтгэх, төрийн албан хаагчийг ажилласан үр дүнгээр дэвшиж ажиллах, албан тушаалтныг хариуцлагжуулах зохицуулалтыг шинээр тусгажээ. Ингээд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төслийн талаарх байр суурийг хүргэе.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ “ЭНЭНИЙ ХҮН ТЭРНИЙ ХҮН” ГЭСЭН ШОШГОТОЙ БОЛСОН
УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:
-Төрийн дунд, доод шатны хүнд суртал, авлигал, ёс зүйгүй байдлын талаар иргэд шүүмжлэн ярьцгаах болжээ. Тиймээс Монгол Улсад төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хуульчлах зайлшгүй шаардлага тулгарч байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үеэр ч энэ асуудлыг нухацтай хэлэлцсэн. Би 2018 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажиллаж байхдаа Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон төрийн жинхэнэ албанд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг байгуулсан.
Үнэнийг хэлэхэд төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт нэр төдий болсон. Төрийн албанд танил тал, арын хаалгаар орж, сонгон шалгаруулалт нэр төдий болж, улстөржсөн гэх гомдол тасрахгүй байна. Өнөөдөр ёс зүй, сахилга хариуцлагын тухай ойлголт нийгмийн хүсэмжлэл болсон. Төрийн албанд ёс зүй байтугай сахилга хариуцлагын тухай ярих боломжгүй байгаа нь ч үнэн. Тиймээс төрийн албанаасаа эхэлж ёс зүй сахилга хариуцлагыг буй болгож хуульчилж байна. Өөрөөр хэлбэл дүрэм, журмаар ёс зүй, сахилга хариуцлага зохицуулах ямар ч боломжгүй учраас ийн хуульчлах шаардлагатай байна.
Төр төмбөгөр ёс ёмбогор, төрөө дээдлэх ёс, төрийн сүлдэндээ сүү өргөдөг зэрэг Азийн эрх зүй, зан заншил, соёл төрийн албаны нэр хүндээр хэрэгжих ёстой. Угтаа бол чадвартай, чадалтай, сэтгэлтэй нь төрд ажиллаж байж, төр төмбөгөр ёс ёмбогор зарчим биеллээ олно. Гэтэл төрийн албан хаагч гэхээсээ илүү “энэний хүн тэрний хүн” гэсэн шошготой болжээ.
Сонгон шалгаруулалтын хуулиар энэхүү буруу, шударга бус байдлыг өөрчилнө. Хууль батлагдсанаар төрийн албаны зөвлөлийн нэр хүнд, үйл ажиллагаа шинэ шатанд гарах учиртай. Хамгийн шилдэг хүмүүс төрд ажиллах ёстой. Төр төмбөгөр ёс ёмбогор, төрөө дээдлэх ёс, төрийн сүлдэндээ сүү өргөдөг зэрэг азийн эрх зүй, зан заншил, соёл төрийн албаны нэр хүндээр хэрэгжих ёстой. Ард түмэн бидэнд үнэмлэхүй эрх мэдлийг өгсөн. Тиймээс ард түмнийхээ итгэлийг илүү их зүтгэлээр хариулах ёстой. Үүний тулд төрийн албанд реформ хийнэ.Энэ нь гэхдээ хүнийг нь өөрчлөх бус сэтэлгээ бодлого зохицуулалтыг нь өөрчилнө. Хэн нэгэн албан тушаалтанд биш монгол хүний төлөө үйлчилдэг төрийн алба болгож хөгжүүлэх үндэс нь дээрх хууль юм.
ЧАДВАРТАЙ ЗАЛУУС ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАХ ГЭХЭЭР АЖИЛЛАСАН ЖИЛ ГЭХ ШААРДЛАГАД НЬ БҮДЭРДЭГ
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ:
-Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон төрийн жинхэнэ албанд үндэслэн сонгон шалгаруулах тухай хоёр хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Тамгийн газар хамтран боловсруулсан. Хоёр жилийн өмнө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэхийн өмнө энэ асуудлыг мөн хэлэлцэх үед төрийн албан хаагчийн ёс зүйн талаар иргэдээс санал асуулга авсан. Ингэхэд санал асуулгад оролцогчдын 94 гаруй хувь буюу олонх нь төрийн алба хүнд сурталтай, авлига хээл хахуульд идэгдсэн гэдгийг онцолсон.
Төрийн албаны зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайланд дурдсанаар өнөөдөр нийтдээ 1194 төрийн байгууллагад ёс зүйн зөвлөл байгуулагдан ажиллаж байгаа. Ёс зүйн зөвлөлийн гишүүдийн чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх бололцоо хангалттай сайн бүрдээгүй. Зөрчлийг хянаж, шалган шийдвэрлэх зохицуулалт боловсронгуй болоогүй.
Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнг тооцох, хяналт тавих, судалгаа тайлан мэдээлэл гаргадаг эсэх нь тодорхойгүй. Салбар, ажил мэргэжлийн чиглэлээр ёс зүйн дүрэм, журам хангалттай байдаг ч гэсэн түүнийг дагаж мөрдүүлэх нэгдсэн удирдлага зохион байгуулалт байхгүй. Тиймээс төрийн албаны бүх салбарнэг хуультай болгох, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Төрийн алба нэг нам, даргын хүмүүсээр дүүрсэн гэх шүүмжлэлд их өртдөг. Энэ бүхийг өөрчлөх цаг болсон. Өөрөө хэлбэл, хариуцлага ёс зүйн алдаа гаргасан бол үүнийг шалгаж тогтоон хариуцлага хүлээлгэдэг болох хэрэгтэй.
Хоёрдугаарт төрийн жинхэнэ албанд үндэслэн сонгон шалгаруулах буюу шилж олох сонгох сонгон шалгаруулалтын асуудал. Төрийн албанд шатлан дэвших зарчим үйлчилдэг. Гэвч гадаадад өндөр боловсрол эзэмшсэн болон дотоодын сургуульд боловсрол эзэмшсэн чадвартай залуус төрийн албанд ажиллах гэхээр ажилласан жил гэх шаардлагад нь бүдэрдэг. Тиймээс цаг хугацаа, ажилласан жилээс үл хамааран хувь хүний чадвар, ёс зүйд нь үндэслэн төрийн албанд шалгуур тавих нь зөв. Дэлхий нийтэд байгаа сайн жишгийг Монгол Улс хөрсөн дээрээ буулган, амьдруулах хэрэгтэй. Тухайлбал, Япон Улс гэхэд төрийн албан хаагчид нь ёс зүй, сахилгын тухай хуультай.
УГ ХУУЛЬ БАТЛАГДСАНААР ТӨРИЙН АЛБА БҮХЭЛДЭЭ ЦОГЦ БҮТЭЦТЭЙ БОЛНО
Төрийн албаны зөвлөлийн гишүүн, доктор, профессор Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ:
-Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн мөрдөх ёстой нийтлэг хэм хэмжээг хуулчилж нэг мөр болгохгүй бол 1990-ээд оноос хойш задгай явж ирсэн. Нийгмийн ёс суртахууныг төрийн алба түйчээлж авч явах ёстой. Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын тухай хуулийн төсөл болон төрийн жинхэнэ албанд үндэслэн сонгон шалгаруулах тухай хууль батлагдвал ёс зүйн хэм хэмжээг хуулчилсан анхны хууль болно. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хариуцсан тусгай хороо, салбар хороод зэрэг байгуулагдан төрийн алба бүхэлдээ цогц бүтэцтэй болно.
Ерөнхийдөө тус хууль шинэчлэн батлагдсанаар төрийн албаны шинэтгэлийн шинэ үеийн бодлого, стратеги тодорхой болж, тогтвортой, хариуцлагатай, мэргэшсэн, улс төрөөс ангид байх зарчмыг олон нийтэд ойлгуулж, хэрэгжүүлж, үр дүнд хүргэх нь шинэтгэлд итгэх иргэдийн итгэл, дэмжлэгийн хөрс бүрдүүлэх алхам болно. Монгол Улсын төрийн албаны тогтвортой байдал бол ганц хуулийн асуудал биш.
Холбоотой мэдээ