Бидэнд жигүүр бий – Паралимпийн наадам нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2021.08.25-нд нийтлэгдсэн

Токио 2020

Бидэнд жигүүр бий – Паралимпийн наадам нээлтээ хийлээ

Бидэнд жигүүр бий – Паралимпийн наадам нээлтээ хийлээ

Токио-2020 паралимпийн цомыг Японы пара хүндийн өргөлтийн тамирчин Карин Морисаки, тэргэнцэртэй теннисний тамирчин Юүи Камижи, боччагийн тамирчин Шүнсүкэ Үчида нар асааж, наадам эхэлснийг зарлалаа. Энэ удаагийн паралимпийн нээлт "Бидэнд жигүүр бий" гэх ерөнхий санааг дэлхий нийтэд харуулахыг зорив. IPC буюу Олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч Андрью Парсонс нээлтийн ёслолын үеэр “Эцэст нь бид энд ирсэн гэдэгт итгэхгүй байна. Олон хүн энэ өдөр тохионо гэдэгт эргэлзэж байсан. Олон хүн энэ бүгдийг боломжгүй гэж бодож байсан. Гэхдээ олон хүний хүчин чармайлтын ачаар дэлхий дээрх хамгийн их өөрчлөлт дагуулсан спортын арга хэмжээ нээлтээ хийж байна. Бид бүхэл дэлхийг өөрчлөхийг хүсч байна” хэмээн ярьжээ. Япон улсыг төлөөлөн тус улсын эзэн хаан Нарүхито болон олимпийн сайд Сэико Хашимото нар үг хэлжээ.

Токио нь паралимпийг хоёр дахь удаагаа зохион байгуулсан анхны хот болжээ.

Паралимпийн дүрвэгсдийн баг улс орнуудыг манлайлан цэнгэлдэхэд орж ирсэн. Тус багийн туг баригчдаар Алиа Исса болон Аббас Карими нар сонгогдсон аж. Андрью Парсонс дүрвэгсдийн багийн талаар ярихдаа “Энэ зургаан тамирчин дайны хөлд нэрвэгдсэн, эрхээ эдэлж чадахгүй байгаа дэлхийн 82 сая хүнийг мөн, хөгжлийн бэрхшээлтэй 12 сая хүнийг төлөөлж байна” гэж тодорхойлжээ. Дүрвэгсдийн багийн араас Афганистан улсын төрийн далбааг хүндэтгэлтэйгээр цэнгэлдэхэд залжээ. Хэдийгээр улс оронд нь нөхцөл байдал тогтворгүй, паралимпийн тамирчид нь Токиод ирж чадаагүй ч тэдний хүндэтгэн энэ арга хэмжээг зохион байгуулжээ. Афганистаны тамирчдын талаар Андрью Парсонс энэ долоо хоногийн эхээр “Бид тэднийг Токиод байлгахыг хүсч байгаа ч харамсалтай нь, боломжгүй. Гэхдээ тэд сэтгэл зүрхээрээ бидэнтэй хамт байна” гэж ярьж байв.

Шинэ Зеландын баг тамирчид Covid-19-ийн халдвараас сэргийлж, нээлтийн үйл ажиллагаанд оролцоогүй аж.

Монголын баг тамирчид “Michel & Amazonka”-ийн урласан хувцсаар гангарч, нээлтэндээ оролцсон. Багийн туг баригчдаар жүдо бөхийн тамирчин А.Мөнхбат, байт харвааны тамирчин Д.Сэлэнгээ нар жагссан.

Андрью Парсонс ярианыхаа төгсгөлд “Паралимпчуудаа, Та бүхэн энд ирэхийн тулд цус, хөлс, нулимс гээд бүхнээ зориулсан. Харин одоо та бүхэн авьяас, ур чадвар, хүч чадал, шийдэмгий байдлаа дэлхий нийтэд харуулах цаг ирлээ. Дэлхийн нийт одоо та бүхнийг аварга, баатар, найз, хамтран зүтгэгч, роль модель, зүгээр хүн гэдгээр дахин таних цаг ирлээ. Та бүхэн хүн төрөлхтний хамгийн шилдэг нь. Зөвхөн та л өөрийгөө хэн болохыг шийдэх цорын ганц хүн юм шүү” гэжээ.

Испанийн тамирчин Мишель Алонсо Моралес “Бид энэ наадмыг таван жил хүлээлээ. Мөрөөдөл маань үргэлж энд өрсөлдөж, медаль хүртэж, аль чадахаараа паралимпийн сайхныг мэдрэх байсаар ирсэн. Олимп, паралимп ялгаатай хэдий ч бид бусад шиг эндээс таашаал авах болно” хэмээн ярив.

Дэлхийн спортын одод паралимпийн тамирчдыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Манчестер Юнайтед багийн довтлогч Маркус Рашфорд өөрийн твиттер хуудсаараа дамжуулан тамирчдыг дэмжиж, тэднийг амьдрал дээрх жинхэнэ супер баатрууд хэмээн тодорхойлсон юм. Мөн Байерн Мюнхен багийн хамгаалагч Алфонсо Дэвис дүрвэгсдийн багийн зургаан тамирчинд захидал илгээн, урам зориг бэлэглэсэн. Тэрбээр захидалдаа “Алдаа битгий гаргаарай. Та нарын хийх гэж буй зүйл хүмүүсийн амьдралыг өөрчлөх болно” хэмээн бичжээ. Харин талбайн теннисний домогт тамирчин Билли Жин Кинг “Медаль хүртэхийн төлөө шаргуу бэлтгэл сургуулилт хийсэн бүх тамирчдад амжилт хүсье” гэж жиргэжээ.

Токио-2020 паралимпийн тэмцээн уралдаанууд өнөөдөр/2021.08.25/ эхэлж, есдүгээр сарын 5-ны өдөр хаалтаа хийнэ.

Нээлтийн үйл ажиллагааны зургийн цомгийг хүргэе.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж