Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт далайд гарцгүй Монгол Улсыг дэлхийн бусад улс оронтой холбох шинэ гүүр болж байна. Чингис хаан нисэх онгоцны буудал долдугаар сараас нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд цаашид цар тахал намжвал жилд 3-4.5 сая хүртэлх зорчигч хүлээж авах боломжтой аж. Автомашины 830 зогсоол, агаарын тээврийн цогц үйлчилгээ, худалдаа үйлчилгээний талбай Монгол-Японы уламжлалт хэв маяг, олон улсын стандартыг хослуулсан тус нисэх онгоцны буудал нь "Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт" компанийн “Public 3.0” гэдэг концепцыг хэрэгжүүлж байгаагаараа онцлог. Өөрөөр хэлбэл зөвхөн нислэг бус зорчигчид бусад олон төрлийн үйлчилгээг жишээлбэл түргэн хоол, ресторан, супермаркет, валют арилжаа, автомашин түрээс гэх мэт зорчигчид тав тухтай байх бүхий л үйлчилгээг үзүүлэхийг зорьжээ.
Зорчигч үйлчилгээний 33 мянган метр квадрат талбайтай бөгөөд мэдээлэл авах хэсэг, хүлээлгийн танхим, монгол шуудан, банк, худалдаа үйлчилгээ, олон үндэстний зоог гэх зэрэг үйлчилгээг цогцоор бүрдүүлсэн нь үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьсныг нь харуулж буй юм.
Нийт 65 тэрбум 657 мянга иений өртгөөр бүтсэн шинэ нисэх нь “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалтай харьцуулахад ихэнх барилга байгууламжууд нь 1.5- 2.5 дахин том.
Одоогийн байдлаар нийт 620 хүнийг ажлын байраар хангаад буй тус шинэ нисэх буудал цар тахлын хүнд нөхцөлийн дараа оргил ачааллыг даах бүрэн бэлтгэлтэй байгаа талаар албаны хүмүүс мэдээллээ. Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын нь Буянт-Ухаа дахь олон улсын нисэх буудлаас онцлог давуу тал ихтэй. Тухайлбал,
- Буянт-Ухаа дахь нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилга 16 мянган метр квадрат байсан бол шинэ нисэхийнх 33 мянган метр квадрат.
- Хуучин нисэх буудал 1.5 сая зорчигч хүлээн авч байсан бол Хөшигийн хөндий дэх шинэ нисэх 3 сая хүртэлх зорчигч хүлээн авах боломжтой.
- Ачаа тээш хадгалах терминалын хувьд Буянт-Ухаа нисэх буудлынх 1800 метр квадрат бол шинэ нисэх 3700 метр квадрат талбайтай.
- Нисэх онгоцны буудлын авто зогсоол 330 автомашины багтаамжтай байсан бол 830 болж тэлсэн зэрэг дурдаад байвал тус бүтээн байгуулалтын давуу тал их ажээ.
Мөн онгоц нисч буух зурвас нь 3800 метр урттай 45м өргөнтэй, хоёр талаасаа хөөрч буух боломжтой, нэг дор 21 онгоц зогсоох зогсоолтой, 800 метр куб багтаамжтай, цэвэр усны байгууламж, 42 мегаваттын хүчин чадалтай дулааны станц, 830 машины зогсоол, 200 машины дулаан зогсоолтой. Түүгээр ч зогсохгүй гадаад, дотоодын үйлчлүүлэгчдэд нийтийн тээврийн үйлчилгээ санал болгож, автомашин түрээслэх боломжийг мөн бүрдүүлсэн байна.
Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал технологийн дэвшилтэт хөгжлийг ч үйлчилгээндээ нэвтрүүлжээ. Тухайлбал, шинэ нисэх буудалд зорчигч хүсвэл бүртгэлийн ажилтантай уулзахгүйгээр өөрөө бүртгүүлэх боломжтой. Тун удахгүй эхлэх тус үйлчилгээ нь олон улсын нисэх онгоцны буудлуудын нэгэн давуу тал. Шинэ нисэх буудлын танхим руу ороход баруун гар талд орон нутгийн, зүүн талд олон улсын нислэгийн бүртгэл хийх хэсэг харагдана. Тухайн хэсэгт зорчигч бүртгүүлж, тээшээ өгсний дараа тээшинд нь ямар нэгэн тэсэрч дэлбэрэх бодис байгаа эсэхийг автоматаар шалгах юм байна. Үүний сацуу BHS хэмээх систем нэвтрүүлсэн тул тээш бүрийг ажилтан хуваарилахгүй байх боломжийг бүрдүүлжээ. Тээшийг чухам аль онгоц руу оруулахыг систем өөрөө “таних” тул цаг хэмнэсэн, нөгөө талаар хүний ажлыг хөнгөвчилсөн шаардлагатай үйлчилгээний нэг болж чадсан байна.
Шинэ нисэх буудлын нэгдүгээр давхарт Байгаль орчин аялал жуулчлалын яамны харъяа Аялал жуулчлалын төв болон Төв аймаг дахь жуулчид ихээр очдог газруудыг танилцуулах төв болон бусад мэдээлэл, үйлчилгээний төвүүд ажиллах аж. Мөн тус давхарт банкны салбарууд, үүрэн холбооны операторууд, супермаркет, машин түрээс, такси, автобусны үйлчилгээ үзүүлэх цэгүүд, мэдээллийн төв бий. Та 1900-1980 дугаарын утсаар шинэ нисэх буудалтай холбогдон, мэдээлэл авах боломжтой.
Японы “Жайка” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас иений хөнгөлөлттэй зээлийг Монголд олгосон бөгөөд түүний үр дүн энэ шинэ нисэх онгоцны буудал юм. “Чингис хаан” нисэх буудлыг барих явцад зөвлөх компаниар Японы “Азүса Сэккэй” болон “Ориэнтал Глобал консалтанс” компаниудын түншлэл, гүйцэтгэгчээр “Мицүбиши”, “Чиёода” компанийн түншлэл тус тус ажиллажээ.“Жайка”-гаас шинэ нисэх буудлын менежментийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлснээр Монголд анх удаа нисэх буудлын менежментийг хувийн хэвшил хариуцахаар болсон. Улмаар Япон компаниудын түншлэл болон Монголын төрийн өмчит компанийн хамтарсан “Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” компанийг байгуулж, Монгол Улсын Засгийн газартай концессын гэрээ байгуулан, нисэх буудлын менежментийг 15 жил хариуцаж ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.
Чингис хаан олон улсын нисэх буудал нь Япон-Монгол хоёр улсын хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болж, аюулгүй ажиллагааг хангаж ажиллахын зэрэгцээ аялал жуулчлал, ачаа тээвэр, нисэх буудал орчмын бүтээн байгуулалт зэрэг нь гадаад, дотоодын жуулчдын нүд сэтгэлийг татаад зогсохгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах билээ.
Гэрэл зургийг Г.Энхжин
Холбоотой мэдээ